Айсуй сонгуулийн өнгө

Айсуй сонгуулийн өнгө

 

Энэ жилийн сонгуулийн өнгийг МАН яаж ч хичээгээд өнгөлөх нь хэцүү. Уран ухаан сийлж үхэр тэргээр туулай гүйцлээ ч олон нийтийн хувьд хэрвээ МАН-ыг сонгуульд ялах юм бол Улсын наадамд ноёны бөх луйвраар түрүүлчихсэнтэй ялгаагүй жигшин хүлээн авах магадлалтай. Учир нь тэд сүүлийн 8 жил төр барьсан. Эдгээр он жилүүдэд авлигал, ядуурал, юмны үнэ тэнгэрт хадаж эдийн засаг элгээрээ хэвтсэн. Төрийн хийсэн ажил гэвэл төсвийн хулгайтайгаа тэмцэхээс хэтрээгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн ПР -нь бүхэлдээ  “Авлигатай тэмцэх” байсан ч төгсгөлд нь Монгол Улс олон улсад авлигалын индексээрээ өссөн гэж дүгнэгдэв.

Төр төсвийн мөнгө зарлагадаж утаагүй нүүрс иргэдэд шахсан ч жирийн нүүрс түлсэнээсээ илүү угаартан хордож, автобусандаа багтахгүй алхацгаасан ч зам дээрээ дагзаараа савсаар өвлийг барлаа. Ядаж байхад яр гэгчээр хаврын тэргүүн сард цаг агаарын нөхцөл хүндэрч хөдөөгийн малчид зуданд хамаг хотоо харлуулав. Түмний байдал тун хүнд. Нэмээд, хамаг улс төрчид нь тал тал тийшээ том машинаа унаад, ядарсан олонд цаасан хайрцаг бариулж сонгуулийн сурталчилгаанд ашиглах зургаа татуулж хүмүүсийн дургүйг хүргэж байтал гар хангалга хийсэн бүсгүй түшээдээсээ илүү хандив цуглуулаад төрөөсөө жинтэйхэн тусалчих юм аа. Өмнөөс нь ичих шиг.

Ийм дампуу амьдралаа хараад гутарсан сонгогчийн хувьд одоогийн нөхрөө голоод, салъя даа гэсэн авгай шиг загнъя гэтэл цаана нь мэлийх хувилбарууд нь бүр гол зурмаар. ХҮН нам бол МАН-ыхаа “утсан хүүхэлдэй”. Угтаа олон нийтэд мундагаа батлах гэж тодотгосон “АНУ, Франц, Итали,Япон- Магистр, Доктор, Бизнес эрхлэгч” гэх мэт элдэв чимэг зүүлт, сэтэр цолныхоо тодорхойлолтод өөрсдөө гулигаад “Бид нар тэднээс илүү” гэдэг аялгууг чих дөжиртөл хангинуулж явдаг л хүмүүс. Олныг төлөөлнө гэж сонгогдох гэж байгаа хүмүүс тэднээсээ “онцгой мундаг” гэдгээ батлах гэсэн өрсөлдөөнд орчихсон нь хачирхалтай. “ХҮН” дотор өрнөдөг яриа бол “АН биднээс муу. Тэгэхээр бид бараг л сөрөг хүчин”. АН-ы хувьд  одоо амьд, сэрүүн нь ч үл мэдэгдэм өмд гуталны хэрүүлээсээ өөдлөхгүй байгаа нь үнэн л дээ. АН-ынхан хөмөрсөн тогоон дотроо тэмцэлдсээр байтал 2024 оны сонгууль дуусчихвийдээ гэж санаа чилээмээр…

Яадаг ч байсан энэ жил улсын наадам болж, морьд уралддагаараа уралдана. Их хурлын сонгууль болж нэр дэвшигчид сонгогддогоороо сонгогдоно. Ийм нэг хэцүүхэн нөхцөлд үзэгч, сонгогчдын хувьд “Хүнээ харж л дугуйлна даа” гэсэн амны уншлага, МАН-л биш бол болоо гэсэн битүүхэн горьдлого тээж байгаа ч хоржоонтой нь эргээд л олон нийт танихгүй хүнээ дугуйлахгүй болохоор мэддэгээсээ холдохгүй, сонголтын боломж хязгаарлагдмал тул МАН-аасаа ч жинтэйхэн салчихаж ч чадахааргүй л харагдаж байна. Төгсгөлд нь, Өнгөрснөөсөө залхсан сонгогчдод энэ жил шинэ залуу улс төрчид л илүү найдвар төрүүлэх нь гарцаагүй.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen