ТЭД БИДНИЙ ТУХАЙ: ХБНГУ болон ЕХ Монголыг яагаад өндрөөр үнэлэх болов

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: ХБНГУ болон ЕХ Монголыг яагаад өндрөөр үнэлэх болов

 

 “The diplomat”-д нийтлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Энэ жил Монгол Улс, Герман Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Энэхүү баярыг тохиолдуулан ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар хоёрдугаар сарын 7-8-нд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Улаанбаатар, Берлин хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэв.

Шинээр байгуулагдсан стратегийн түншлэлийн харилцаа нь улс төр, эдийн засаг, гадаад бодлогын үр дагавар бүхий олон салбарын хамтын ажиллагааны шинэ гарцыг нээж байна. Монгол болон ХБНГУ 1974 оны нэгдүгээр сарын 31-нд албан ёсны дипломат харилцаа тогтоосон. Тэр цагаас хойш ХБНГУ нь Монголын ардчилал, хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө тууштай дэмжлэг үзүүлж ирсэн. 1990-ээд оны эхэн үеийн эдийн засгийн уналтын үед Герман улс Монголд санхүүгийн тусламж үзүүлсэн барууны томоохон хандивлагчдын нэг байв.

Берлин албан ёсны дипломат харилцаанаас ч өмнө Улаанбаатартай олон салбарт хоёр талын  харилцаа тогтоосон. Монгол Улс Германтай харилцаагаа бэхжүүлэх сонирхол хүйтэн дайны үед ч үргэлжилсээр ирсэн. 40 жил төрийн эрхийг барьсан Ю.Цэдэнбал 1957, 1969, 1977 онд Берлинд айлчилж байсан бол 1989 онд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Батмөнх Берлинд айлчилж байв.

Штайнмайерийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр  эдийн засаг, улс төрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг багтаасан геополитикийн алхам болох стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. Шинэ стратегийн түншлэл нь Герман-Монголын харилцааг уламжлалт хамтын ажиллагааны хүрээнээс хальж олон улсын тавцанд бие биенээ дэмжихэд хүргэж байгаа нь онцгой ач холбогдолтой юм. 2011 онд ХБНГУ-ын Канцлер асан Ангела Меркель Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүн Улаанбаатарт хийсэн анхны айлчлал болсон юм. Түүний айлчлалын үеэр Монголын Засгийн газартай ховор ашигт малтмалын гэрээ байгуулах нь хэлэлцэх  гол асуудлын нэг байсан.

2022 онд Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Берлинд албан ёсны айлчлал хийх үед Германы Ерөнхий сайд Олаф Шольц түүхий эд, ашигт малтмал олборлох асуудлаар Меркелийн мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлж байв. Шинээр гарын үсэг зурсан стратегийн түншлэл нь мөн байгалийн баялаг, аж үйлдвэр, технологийн салбарын хамтын ажиллагааг ахиулахын зэрэгцээ дээр дурдсан гэрээний хүрээнд хэрэгжиж буй Герман-Монголын Нөөц, Технологийн Хүрээлэнд хамтарсан томоохон төслийг үргэлжлүүлэн дэмжих" юм. ХБНГУ-ын аж үйлдвэрийн дэвшилтэт технологи нь Монголын олборлох салбарт өөрчлөлт оруулах боломжтой.

Герман улс Улаанбаатарт Монголын шударга ёс, хууль эрх зүйн тогтолцоо, засаглалыг ажиглаж, дүн шинжилгээ хийдэг олон судалгааны төвийг байгуулаад байна. Германы улс төрийн сангууд (Конрад-Аденауэр-Сан, Фридрих-Эберт-Сан, Ханнс Зайделийн сан гэх мэт) орчин үеийн Монголын судалгаанд асар их хувь нэмэр оруулдаг.

У.Хүрэлсүх хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон Европын холбооны анхны орон бол ХБНГУ гэдгийг онцоллоо. Үнэхээр ч Штайнмайерын Улаанбаатарт хийсэн төрийн айлчлал нь Герман, Монголын харилцаанд томоохон ахиц авчраад зогсохгүй Монгол Улсын Европтой харилцах гадаад харилцааг улам өргөжүүлсэн юм. ХБНГУ-Монголын шинэ стратегийн түншлэлийн харилцаа нь геополитикийн аль аль талдаа үр дагавар авчрах болно.

ХБНГУ-ын хувьд Монголын ардчилсан засаглал, түүний чухал ашигт малтмал маш чухал. Түүгээр ч зогсохгүй Франц, Монголын хооронд үргэлжилж буй ураны хайгуулын гэрээ нь Герман улс ЕХ-ны хүрээнд Монгол Улсыг стратегийн ач холбогдолтой гэж үзэж ганц улс биш гэдгийг харуулж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen