Германы аж үйлдвэрийн түүхэнд нүүрсний эрин үе дуусгавар болов
ХБНГУ-ын түүхэнд 2018 оны 12-р сарын 21-нд чухал үйл явдал болов. Учир юу гэвэл хамгийн сүүлчийн удаа олборлосон долоон килограм орчим жинтэй чулуун нүүрсийг ХБНГУ-ын ерөнхийлөгч Франк-Валтер Штайнмайерт гардуулж өгснөөр Германы аж үйлдвэрийн түүхэнд нүүрсний эрин үе дуусгавар болов. Ерөнхийлөгч Штайнмайер энэ өдрийг уурхайчдын хувьд “гунигт өдөр” боловч “Германы түүхэнд энэ чулуун нүүрс бол түүхийн гэрч болж байгаагаараа маш чухал бөгөөд сэтгэл хөдөлгөм үйл явдал болж байна” хэмээн онцлов. Тэрбээр Боттроф хотод уурхайтай амьдралаа холбогдсон бүх хүмүүст талархал илэрхийлэхээр ирсэн хэмээн дурьдаж байв.
Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан ерөнхийлөгч Штайнмайер ХБНГУ 19-р зууны сүүлээс эхлэн эдийн засгийн том амжилтанд хүрэхэд нүүрс болон уурхайчдын хувь нэмэр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгийг мөн онцлов. Уул уурхайн компаниудын хувьд 12-р сарын 21-нийг “хар өдөр” ч хэмээн дурьдаж байсан ба нүүрс олборлолтыг албан ёсоор эцэс болгосон нь уурхайчдын хувьд амаргүй байсан нь дамжиггүй. Германы түүхэнд нүүрсний уурхайд 10000 гаруй ажилтнууд амь насаа алдсан гэсэн тоо баримт байдаг ажээ. Сүүлчийн уурхайг хааснаар чулуун нүүрснийг хэрэглэхээ больж байгаа гэсэн үг биш юм. Цаашдаа ХБНГУ-ын хувьд хэрэгцээт нүүрснээ гаднаас импортлороор төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар ХБНГУ-ын хувьд цахилгаан эрчим хүчнийхээ 13 хувийг чулуун нүүрсний тусламжтайгаар гаргаж авдаг. Герман улсын хувьд хэдийгээр нөөц байгаа боловч хүлэмжийн хийн ялгарал, озоны асуудал, дэлхийн дулаарал зэрэг томоохон асуудлаар дорвитой алхмууд хийхээр үүрэг амлалт авсан учраас энэхүүү шийдвэр гаргаж байгаа юм.