Хүүхдүүд өөрсдийн эрхээ мэддэг, түүнийгээ нэхдэг байх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг дурдав

Хүүхдүүд өөрсдийн эрхээ мэддэг, түүнийгээ нэхдэг байх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг дурдав

 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар энэ оны аравдугаар сарын 25-нд зохион байгуулсан Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх УИХ-ын хяналтын сонсголын тайланг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хяналтын сонсголын тайланг сонссон талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа. Хяналтын сонсголд төрийн байгууллага болон аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 90 гаруй оролцогч, 12 ажиглагч оролцсон байна. Тус байнгын хороо тайланг хэлэлцээд, хүүхдийн эрхийг хамгаалах, хангахад шаардлагатай мэргэжлийн тогтолцоо бүрдүүлэхэд гарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг судлан тогтоож, шаардлагатай бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар төрийн бус байгууллагатай хамтран болон гэрээлэн ажиллах арга замыг судлах, асуудалд сөргөөр нөлөөлж буй суурь шалтгааныг тогтоож, хүүхдийн бие бялдрын хүмүүжил, цахим хэрэглээ, оюуны боловсролд эерэгээр нөлөөлөх аргуудыг бодлогын түвшинд тогтоон, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Түүнчлэн олон нийтэд хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олгох, сургалт сурталчилгаа, бусад арга хэмжээг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтын уялдааг хангах, боловсронгуй болгох, асуудлыг өргөн хүрээнд авч үзэж цогц байдлаар шийдвэрлэхэд анхаарах, энэ чиглэлээр зарцуулсан төсвийн зарцуулалт, түүний үр дүнд хяналт тавих шаардлагатайг Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтэд дурджээ.

 

УИХ-ын гишүүд энэ үеэр уг асуудалд ахиц дэвшил, бодитой үр дүн гаргах, бодлогын шинэчлэл хийх, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, төсвийн зарцуулалтыг үр дүнтэй чиглүүлэх, хяналтын камерийг хүрэлцээтэйгээр нэмэгдүүлэх, ажиллагааг нь тогтмолжуулах, цахим технологийг иргэд, олон нийт, эцэг эхчүүд, нутгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хэрэглээ болгох, салбарын яам, хүүхэд хамгааллын байгууллагууд энэ асуудлаарх бодлогоо нэн яаралтай гаргах шардлагатай дурдав. Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах ажлуудыг хийсээр байхад хэрэгжилт хангалтгүй бол хий хоосон зүйл болно гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, М.Оюунчимэг нар онцолсон юм.

 

Энэ асуудлыг сэтгэл шимшрүүлсэн, онц ноцтой хэрэг гарч, дуулиан шуугиан болсны дараа биш байнга ярьж, сонсож, хэлэлцэж байх ёстойг УИХ-ын гишүүн Г.Дамдинням тэмдэглэж, хүүхдүүд өөрсдөө ямар эрхтэй, түүнийгээ хэрхэн хамгаалуулах талаар мэддэг, тэр бүхнээ нэхдэг байх, энэ талаарх тогтолцоо, технологийн шийдэл, үүрэг, хариуцлагыг гэр бүлийн болон бусад бүх түвшинд бий болгох шаардлагатайг дурдав.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen