Б.Чойжилсүрэнгийн мундаг ажил ба муйхар шийдэл

Б.Чойжилсүрэнгийн мундаг ажил ба муйхар шийдэл

 

Б.Чойжилсүрэн 2022 оны наймдугаар сарын сүүлчээр Эрчим хүчний сайдаар томилогдож байв. Угаасаа ч энэ хүн улс төрд удчихсан, сайн муу олон даваа давчихсан л даа. Тэр утгаар нь ч юм уу, түүнийг сайд болоход олон нийт алга ташаагүй ч, ад үзэлгүй томилуулсан. Түүнээс хойш жил хоёр сар болж байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “...Өөдтэй” гэхэд жулдахаар аятайхан мэдээ дуулгав. Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 11-ний хуралдааны дараа “...Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх долоо хоногт БНХАУ-д  болох “Бүс ба зам” санаачилга олон улсын хамтын ажиллагааны хуралдаанд оролцоно. Энэ үеэр Монгол Хятадын тал хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. Түүний нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр байгуулахаар хоёр талаасаа эцэслэн тохироод байна. Хятад улсын төрийн байгууллагын холбогдох шийдвэрүүд гарсан. Монгол талаас бэлтгэл ажлууд хийгдсэн. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн нийт өртөг болох 266 сая ам.долларын 95 хувь буюу 253 сая ам.долларын зээлийг БНХАУ-аас авна. Зээлийн хугацаа 20 жил, зээлийн хүү хоёр хувь. Зээлээ долоон жилийн дараагаас эргэн төлнө. Зээлийн хэлэлцээрт миний бие гарын үсэг зурахаар Засгийн газрын тогтоол гарсан” гэсэн юм.


Үнэндээ энэ бол Б.Чойжилсүрэнгийн Эрчим хүчний сайд болоод зүтгүүлсэн, өөрөө ч тултал зүтгээд ард нь гарч буй ажил юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын түүхийг бид бүгдээрээ л мэднэ. Явдаггүй ч яригдсаар ирсэн төсөл шүү дээ. Дээрээс нь “...Энэ төсөлтэй холбоотой геополитикийн асуудал хөндөгддөг” гэдэг. “Нас” нь 60 жилээр тоологддог. Ийм хугацаанд ярьсан эд л дээ. Мэдээж, өмнөх Засгийн газрууд, Эрчим хүчний сайд нар “...Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ажил болгочих юм сан” гэж зүтгэсэн л байж таарна. Гэхдээ л Б.Чойжилсүрэн болгож чадлаа. Тэрбээр энэ төслийн утга учрыг ойлгуулах гэж нутгийн 1500 гаруй малчинтай тулсан. Нэгбүрчлэн уулзсан байгаа юм. Бас БНХАУ-ын талаас тавьсан 100 гаруй стандартыг биелүүлж чаджээ.


Б.Чойжилсүрэн өнгөрсөн хавар, гуравдугаар сарын 29-нд Засгийн газрын бас нэг хуралдааны дараа “...Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар авах арга хэмжээний тогтоолыг баталлаа. 2023-2024 онд багтаагаад Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бэлтгэл ажлыг хангана. Нөгөөдөр БНХАУ-ын Эксим банк, Худалдааны яамнаас Төрийн зөвлөлдөө Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцы мэдээллийг хүргэнэ. Тус улс 250 сая ам.доллараас дээш дүнтэй гадаадын хөрөнгө оруулалтыг Төрийн зөвлөлөөрөө батлуулдаг хуулийн зохицуулалттай” гэж байв. 


Үнээс өмнө, 2023 оны нэгдүгээр сарын сүүлчээр тэр “...Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл ахицтай явж байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээтэй холбоотой нөхөн төлбөр болон нөлөөлөлд өртөж буй иргэдэд нөхөн төлбөр олгох асуудал яригдаж байна. Нөлөөлөлд өртөж буй иргэн бүрд 15 200 000 төгрөгийн нөхөн олговрыг 2023-2026 онуудад хувааж олгоно. Улсын төсөвт 2023 онд олгох нөхөн төлбөрийн мөнгийг суулгасан. Газар шорооны ажил хараахан эхлээгүй байна” гэж байсан юм. Харин өнөөдөр ард нь гарч чаджээ. 
Ер нь бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ингэж хөдөлгөсөн нь баргийн сайд амжуулахааргүй ажил санж. Тэгэхээр нь яалт ч үгүй Б.Чойжилсүрэнгийн ч, Засгийн газрын ч мундаг ажил болов.


Нөгөөтэйгүүр түүний нэг муйхар шийдэл бий. “...Энэ өвөл нийслэлийн бондын 32 тэрбум төгрөгөөр БНХАУ-аас кокс нүүрс оруулж ирж түлнэ” гэж яриад байгаа юм. Тэр түлшээ Нисэх, Яармаг, Налайх, Дархан ч гэл үү, зарим дүүрэг, хороонд турших тухай танилцуулга хийгээд яваад байна. Ерөөсөө нийслэлийн утааг бууруулах гэх үү, байхгүй болгоход ганц л гарц бий. Тэр нь “...Янданг цөөлөх шийдэл” шүү дээ. Үүнийг манай улсын олон жилийн туршлага хангалттай харуулсан, нотолсон. Үүнийг Б.Чойжилсүрэн мэдэхгүй байх учиргүй. Мэдэхийн дээдээр мэдэх ёстой. Тийм атлаа “...Кокс нүүрс импортолно” гээд зүтгээд байгаа нь тун ойлгомжгүй байгаа юм. Явсаар “...Энэ бүхний ард юу байна вэ” гэсэн хардалт ч үүсээд эхэлж байна.   

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 208 (7193)

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen