Япон БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөнө

Япон БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөнө

 

ТОКИО. /Kyodo/. Япон улс БНАСАУ-ыг эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөх шийдвэрийг мягмар гарагт гаргаж, тус улсын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой таван байгууллагын хөрөнгийг царцааж байгаагаа мэдэгдлээ.
 
БНАСАУ есдүгээр сарын сүүлээс баллистик пуужингийн туршилтыг удаа дараалан хийж, 10 дугаар сарын 4-нд Японы бүлэг арлуудын дээгүүр сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа баллистик пуужин харвасантай холбогдуулан шинэ арга хэмжээг баталжээ.
 
Японы Гадаад хэргийн яамны мэдээлснээр, тэдгээр байгууллагад БНАСАУ-ын Пуужингийн аж үйлдвэрийн яам болон дөрвөн худалдааны фирм орсон байна. “БНАСАУ өдөөн хатгасан үйлдлүүдээ өндөр давтамжтайгаар үргэлжлүүлж байна. Тухайлбал, энэ он гарсаар 23 удаа баллистик пуужин харвасан” гэж Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдээд, БНАСАУ-ын үйлдлийг “огт хүлээн зөвшөөршгүй” гэж тодорхойлжээ.
 
Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү өөр хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн үгэндээ, Пёньяны өдөөн хатгалга Япон улсын аюулгүй байдалд “ноцтой аюул занал” учруулж байна хэмээгээд, олон улсын энх тайван, тогтвортой байдалд заналхийлсэн ийм “бодлогогүй үйлдлүүд”-ийг “хүлцэх аргагүй” гэдгийг онцолсон байна.
 
“Япон улс цөмийн болон пуужин хөгжүүлэх хөтөлбөрүүд болон Японы иргэдийг хулгайлсан зэрэг янз бүрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бодитой арга хэмжээ авахыг БНАСАУ-д уриалж байна” гэж тэрбээр мөн мэдэгджээ. “1970, 1980-аад оны үед БНАСАУ-ын тагнуулынханд хулгайлагдсан Япон иргэдийн асуудал нь Ерөнхий сайд Кишида Фүмиогийн засаг захиргаанд тулгарч буй томоохон сорилтуудыг нэг” гэдгийг М.Хироказү мэдээлсэн байна. Өнгөрсөн баасан гарагт БНСУ таван жилийн дараа анх удаа БНАСАУ-ын эсрэг дангаар хориг арга хэмжээ авч, тус улсын 15 хувь хүн, цөмийн болон пуужин хөгжүүлэх хөтөлбөрт оролцсон 16 байгууллагыг хар жагсаалтад оруулсны дараа Японы Засгийн газар ийм арга хэмжээ авч байна. БНСУ Японы дээрх шийдвэрийг сайшаажээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцаме" агентлаг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen