“Тусгаар тогтнол”, “Чингис” хоёрыг хориглоё?!

“Тусгаар тогтнол”, “Чингис” хоёрыг хориглоё?!

 

Монголд “...Монгол Улс” гэж шууд нэрлэснээс бусад бүх нэртэй компани, төрийн бус байгууллага байна. Гадныхан байтугай монгол хүмүүс тэдгээрийнх “...Төрийнх” хэмээн андуурна.

Ил байгаа ганц том жишээ бий дээ. Манай Монгол Улсын их сургууль нэрээ Монголын Үндэсний их сургууль гээчид алдчихсан. МУИС нь Монголын академик боловсролын хамгийн том төв буюу Улсын их сургууль, харин МҮИС нь хувийн эзэмшлийн сургууль байдаг. Зарга нь шүүхээр явж байна. Уг нь манайхан “...МҮИС бол МУИС биш шүү” гэдгийг муухан ялгацгаадаг шиг байгаа юм. Гэхдээ л төөрөлдөнө. МУИС-д элсэх гэж ирээд л МҮИС-д элсчихээд байдаг бололтой юм. МҮИС-ийг гадагшаа орчуулахаар МУИС болчихдог. Гадныхан МУИС-тай харьцаж байна гээд МҮИС-тэй яриад байдаг. Энэ нь явсаар МУИС-ийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлөх болжээ. Ийм байдлаар цөөнгүй жил явж байгаа юм.

 

Өнөөдөр 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутаг дээр гурван сая гаруйхан монгол хүн ёстой дураараа дургиж, тааваараа тарвалзаж байна. Тусгаар тогтнолтой учраас л тэр. Монгол Улс түүхийн хувьд олон зуун жил оршин тогтносон. Гэхдээ Монголын тусгаар тогтнолыг 1946 онд хоёр хөрш хүлээн зөвшөөрсөнөөр дэлхийн зарчмаар амьдрах эрх "de jure" оршин тогтнох болсон. Гэтэл саяхан “Тусгаар тогтнол” хөдөлгөөн гээд юу болсон бэ. Тэр хөдөлгөөний залуус яг яасан ийснийг бүү мэд. Хууль хяналтын байгууллага шалгаж байна. Гол нь Монгол Улс маань нэгэнт тусгаар тогтночихсон. Гэхдээ энэхүү тусгаар тогтнолоо хадгалж үлдэх нь нэн чухал бөгөөд өнөө цагт улам эмзэг болоод байгаа юм. Ер нь ямар ч цаг үед “...Тусгаар тогтнол” гэдэг үгээр лав тоглож болохгүй сэн.

 

Ерөнхийлөгч саяын наадмаар нэг зарлиг гаргасан. “...Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” зарлиг. Наадмын нээлт дээр нийтэд уншиж сонордуулсан уг зарлигт “...Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

 

Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэсэн.

Айл бүр Чингис хааны хөргийг залцгааж байна. Гэтэл бас томоохон зөрчил үүслээ. Чингис гэсэн нэртэй компани, хувийн байгууллага олон байна. Тэр дотроос архины шошгоны Чингис илүү харамсмаар... Товчхондоо, хойморт нь заларсан Чингисийн хөрөг, хогийн саванд нь архины шил дээр наалдаастай байх болов. Энэ хэр зохимжтой вэ.

Ер нь энэ оноосон нэрнүүдээр дамжаад төрийг хүчгүйдүүлэх, цаашилбал Үндэсний аюулгүй байдалд ч хамаатай байж болох нөлөөллүүд үүсч байна.

 

Тусгаар тогтносон Монгол Улсад яагаад Тусгаар тогтнол нэртэй хөдөлгөөн хэрэгтэй гэж?!

МУИС нь байж байхад яагаад яг адилхан орчуулагддаг МҮИС байх ёстой гэж?!

Зарлигаар залсан Чингисийн хөргийг архины шошгон дээр яагаад байлгаад байх гэж?!

Төрийн, нийтийн эрх ашиг хөндөж, ганц нэг, эсвэл хэдхэн хүн “зоолж” байдаг үйлдлийг таслан зогсоох ёстой. Тухайлсан хууль байхгүй бол зориулаад гаргачих хэрэгтэй.

2014 онд доо, Малайзын Дээд шүүх католик шашны "Herald" хэвлэлийнхэнд "Аллах" гэдэг үгийг хэрэглэхийг хориглосон шийдвэрийг үлдээж шийдэж байв. 2009 оноос эхэлсэн энэ маргааны шалтгааныг Дээд шүүх тайлбарлахдаа “...Аллах гэдэг үгийг ашиглах нь нийгэмд зөрчилдөөн үүсгэнэ” гэж байсан юм.

 

Ер нь бол сүүлийн үед манай Бүртгэлийн байгууллага ч нэр усыг хяналт султай олгодог болсон. Хориглосон хууль журамгүй болохоор өгөх болдог биз. Хамгийн гол нь “...Төр авдарлах ёстой үг гэж байдаг юм байна” гэдгийг дээрх МУИС, МҮИС зэргээс эхлээд ноцтой үйл явдлууд харуулж байна. Тэгэхээр Засгийн газар, эсвэл УИХ-ын тогтоолоор “...Тусгаар тогтнол”, “...Чингис”, “...Монголын”, “...Үндэсний” гэсэн үгсийг хувийн байгууллагад оноосон нэрээр олгохыг хориглочих нь зүйтэй юм. Бас эрхэм гишүүд ийм хууль санаачлаад өргөн баривал эсэргүүцээд, унагаад байх “улс төр” гарч ирэхгүй л болов уу. Учир нь үүнд ямар нэг хувийн сонирхол үгүй бөгөөд улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад тодорхой нөлөөтэй эрх зүйн баримт бичиг болж үлдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 159 (6891)

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen