ЖДҮ эрхлэгчид иж бүрэн тохижилттой дундын оффистой болно
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Монголын үндэсний их сургууль /МҮИС/-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн зорилго нь МҮИС-ийн дэргэд инновацыг хөгжүүлэх, нэвтрүүлэх, гарааны бизнесийг дэмжих, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах, үйлдвэр эрхлэгчдийг бойжуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэжээ.
Санамж бичгийн хүрээнд МҮИС-ийн зүгээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан 1400 ам метр талбай бүхий, иж бүрэн тохижилттой дундын оффисыг гарган өгч байгаа бөгөөд цаашилбал түрээсийн хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах аж. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан бизнесийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжил эзэмших, боловсролын ахисан түвшний сургалтуудад хамруулахад хамтран ажиллах юм.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Ковид-19” цар тахлын нөлөөлөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхан хэр өртсөн талаар таван удаа судалгаа хийсэн. Судалгааны дүгнэлтээр нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхны 95 хувь нь санхүүгийн хүнд нөхцөлд орсон. Хоёрдугаарт, ажлын байраа алдсан. Тиймээс ажлын байрыг хүртээмжтэй байлгахад өнөөдөр байгуулж буй санамж бичиг чухал ач холбогдолтой. МҮИС-ийн зүгээс нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарынхныг дэмжиж 1400 ам метр талбай бүхий иж бүрэн тохижилттой, өндөр хурдны интернэттэй талбайг гарган өгч, гарааны бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэхээр боллоо” гэв.
МҮИС-ийн ерөнхий захирал Б.Дашдолгор “Манай сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг ханган ажиллаж, тус санамж бичгийг байгууллаа. Инновац, технологийн төвдөө зориулан 9000 ам метр талбай бүхий дундын оффисыг ирэх арванхоёрдугаар сарын 3, 4-нд нээхээр бэлтгэж байна. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид болон шинэлэг санаа гарган, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэ технологи хөгжүүлж буй залуустай хамтран ажиллаж, Монголын гэсэн шинэ брэндүүдийг гаргахаар зорьж байгаа. Өнөөдрийн санамж бичиг бол зорилгоо биелүүлэх маш том алхам боллоо” хэмээв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС