Компаниуд Z үеийнхнийг ажилд аваад удалгүй халж байна
Z үеийнхэн одоо нь ажлын байранд гарч эхэлж байгаа. Тэгвэл ажил олгогчид энэ үеийг хүлээж авахад бэлэн биш байгаа талаар нэгэн судалгааны тайланд илрүүлжээ.
“Intelligent” нэртэй боловсрол, карьерын зөвлөх платформоос гаргасан судалгаагаар сүүлийн үеийн их сургууль төгсөгчид ажил дээрээ хэрхэн зохицох тал дээр шүүмжлэл хүлээдэг гэдгийг харуулсан юм. Тус тайлангаар бол ажил олгогчид тэднийг ажилд авахад эргэлзэх хандлага нэмэгдэж байгаа аж.
Мянга гаруй ажилд авагч менежерүүдийн судалгаа явуулжээ. Тэрхүү судалгааны үр дүнд ажил олгогчдын зургааны нэг нь Z үеийнхнийг "эрх мэдэлд дуртай, амархан гомдоллодог" гэдгээрээ алдартай тул ажилд авахыг хүсдэггүй гэжээ. Үүнээс гадна ажил олгогчдын тал хувь нь 1997 оноос 2010-аад оны эхэн үе хүртэл төрсөн энэ үеийнхэн ажлын ёс зүй муутай, харилцааны ур чадвар дутмаг, санал хүсэлтийг хүлээж авах чадваргүй, мөн ажлын шаардлагад бэлэн бус байдгийг онцолсон байна.
Беркли дахь Калифорнийн их сургуулийн дахь “Haas” бизнесийн сургуулийн ахлах багш Холли Шротын Z үеийнхэн коллежийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд сургуулийн гадуурх үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, ажлын туршлага хуримтлуулж чадаагүй нь ажил дээрх бодит байдлыг хэт өөдрөгөөр хүлээх хандлагыг бий болгосон гэжээ.
"Тэд (Z үеийнхэн) үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсадтай харилцах үндсэн чадвар болон ажлын байрны ёс зүйн талаар мэдлэггүй байна" гэж Шрот “Euronews” сайтад хэлсэн байна. Тэрбээр нэмж "Үүний үр дүнд байгууллагууд шинэ ажилчдыг зохих ёсоор нэвтрүүлэх, хангалттай сургалт өгөх үүрэгтэй болж байна.
Мөн удирдах ажилтан менежерээс гадна багшийн үүргийг давхар гүйцэтгэх шаардлагатай" гэсэн юм. Судалгаанд оролцсон арван компанийн зургаад нь энэ жил их сургуулиа төгссөн хүмүүсийг ажилд авч, дараа нь халах тохиолдол гарчээ. Өөрөөр хэлбэл компаниуд Z үеийнхийг ажилд аваад удалгүй халж байна.Ажлаас нь чөлөөлөх болсон зарим шалтгаанд ажилчдын мотивацигүй байдал, мэргэжлийн ур чадваргүй байдал, харилцааны чадвар муу зэрэг багтжээ.
“Intelligent” платформын боловсрол, карьер хөгжлийн ахлах зөвлөх Хуй Нгуен "Их сургуулиа төгсөөд анх удаа ажиллах орчинд орж буй шинэ төгсөгчдөд хүндрэл учирдаг. Боловсролын байгууллагын тогтсон орчноос илүү өө, тогтсон бүтэцгүй, ажлын орчны соёлын динамик, бие даасан байдлаар ажиллах шаардлага тулгардаг" гэсэн юм. Нгуен "Тэд их сургуульд олж авсан онолын мэдлэгтэй байж болох ч ихэнхдээ бодит амьдралын практик туршлага болон ажлын орчинд амжилт гаргахад шаардлагатай софт скилл дутмаг байдаг" гэдгийг онцолсон байна.
Судалгаанд оролцсон ажилд авах менежерүүд Z үеийнхний зарим нь ажлын ачааллаа зохицуулах, цаг барих, ажил дээрээ зохистой хувцаслах, зөв ярих зэрэгт дутагдалтай байгааг дурджээ.
Түүнчлэн, дөрөвдүгээр сард гарсан тусдаа тайланд Z үеийнхэн ажил хайхдаа эцэг эхийнхээ дэмжлэгт хэт их найдаж байгааг харуулсан байна.
“ResumeTemplates”-ийн явуулсан, 1,500 орчим залуу ажил хайгчдын дунд хийгдсэн судалгаагаар 70 хувь нь эцэг эхээсээ ажил хайхад тусламж хүссэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн 25 хувь нь бүр ярилцлагад эцэг эхтэйгээ хамт очсон бол бусад нь эцэг эхээрээ ажлын өргөдөл бөглүүлж, намтар бичүүлсэн тохиолдол ч гарсан юм.
Эх сурвалж: Euro News