Нэг уут хүүхдийн бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулагдаж байна
НЭМҮТ, ХАБҮЛЛ, СХЗГ хамтран Нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байгаа хүүхдийн бэлгийн багцад шинжилгээ хийсэн үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ" Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори шинэ жилийн баяртай холбоотойгоор 2024 оны арванхоёрдугаар сарын 16- 20 ны хооронд томоохон худалдааны төвүүдэд худалдан борлуулж буй хүүхдийн ууттай бэлгэнд хүнсний хими, хүнсний нэмэлт, хор судлал, хүнд металл, микробиологийн шинжилгээ хийсэн. Ингэхэд стандартын шаардлага хангаагүй хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, таван багц 37 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийхэд нэг уут хүүхдийн бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулагдаж байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хэд дахин өндөр үзүүлэлт юм. Хүүхэд бэлгээ нэг хоногийн дотор идэж дуусгадаг. Хүүхдийн бэлгэн дэх ундаа нь стандарт хэмжээнээс хэд дахин их сахар агуулж байна. Энэ нь чихрээс авах илчлэгээр тооцвол 591 ккал буюу ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.8 дахин өндөр. ДЭМБ-аас өдөрт авах нэмэлт чихрийн хэмжээг нийт илчлэгийн таван хувиас багагүй байхыг зөвлөдөг. Жишээлбэл, 7-10 настай эрэгтэй хүүхэд 1820 ккал илчлэг, эмэгтэй хүүхэд 1650 ккал илчлэгийг хоногт хүнсээр авах хэмжээтэй байдаг. Сахар бол хүний бие организмд таатай зүйл биш. Сүүлийн жилүүдэд хүүхдийн таргалалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрүүл, зөв зохистой хооллохыг уриалж байгаа. Иймээс сахаргүй бэлгийг хүүхдэдээ бэлэглэхийг уриалж байна" гэлээ.
Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар" Хүүхдийн бэлгэнд шинжилгээ хийхэд хаяг, шошгын ноцтой зөрчлүүд илэрсэн. Монгол Улсын хэмжээнд хаяг, шошгын асуудал алдагдсан байна. Тухайлбал хүүхдийн бэлэг нь дээр харшил үүсгэгчийн талаар нэг ч мэдээлэл байхгүй байсан. Мөн импортын хүнсний түүхий эдийн бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээллийг монгол хэлээр бичсэн байх ёстой. Гэтэл солонгос, хятад зэрэг улсаас оруулж ирсэн бүтээгдэхүүн өөрийн улсын хэл дээр буюу ямар бүтэгдэхүүн агуулж байгаа нь мэдэгдэхгүй байгаа зөрчил илэрсэн. Мөн ууттай бэлгэнд хэзээ үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа нь тодорхойгүй хоёр хүнсний бүтээгдэхүүн, хүчинтэй хугацаа нь дууссан долоон хүнсний бүтээгдэхүүн байсан зөрчлүүд илэрсэн байгаа. Үүнээс харахад бид цаашдаа хаяг, шошгын асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай байгааг харуулж байна. Монгол хүн өнөөдөр ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь мэдэгдэхгүй байна" гэв.