Донтох эмгэг судлаач Ж.Гантулга: Цахим мөрийтэй тоглоом тархины сул тал дээр ажилладаг

Донтох эмгэг судлаач Ж.Гантулга: Цахим мөрийтэй тоглоом тархины сул тал дээр ажилладаг

 

СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч, донтох эмгэг судлаач Ж.Гантулгатай ярилцлаа.

-Та сүүлийн үед цахим мөрийтэй тоглоомд донтсон иргэдтэй түлхүү ажиллаж, бас үр дүн гарч байгаа тухайгаа мэдээлсэн. Нийтлэг донтолт болчхов уу?

-СЭМҮТ дээр ковидоос өмнө энэ тохиолдол бараг байгаагүй гэж хэлж болно. 2020 онд гурван тохиолдол хандаж байсан бол 2024 онд 104 болж нэмэгдсэн. Одоо бол эрс нэмэгдэж байна. Миний найзын дүү, хамаатан, таньдаг ах, эгч гээд бараг хүн болгон энэ тухай ярьж, асууж эхэллээ. Бид нарын ирэх он жилүүдэд энэ нь нэг том асуудал болох дүр зураг илэрхий болж байна. Манай СЭМҮТ дээр мөрийтэй тоглоомын донтолтоор хэвтэн эмчлүүлэх тохиолдол нь цөөн, харин сэтгэл заслын өдрийн эмчилгээ, амбулториор үзүүлээд явж байгаа тохиолдол маш их. Мөн өөртөө туслах бүлгийн багийнхан сар болгоны 15-нд мөрийтэй тоглоомд донтсон хүмүүсийг цуглуулаад уулзалт хийж эхэлсэн. 80-90 хүн бүртгэлтэй ч идэвхтэй ирдэг нь цөөн. Тэгэхээр бид нар 2025 онд ийшээ чиглэсэн ажлуудыг  хийхээс өөр аргагүй байдалд орж байна.

Миний бие бас ажлын бус цагаараа мэргэжлийнхээ дагуу донтох эмгэгтэй хүмүүстэй ажиллаад явж байгаа. Донтох эмгэгийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүн яалт ч үгүй энэ хүмүүст туслах ёстой.

-Нийтлэгээрээ цахим мөрийтэй тоглоомд донтох эмгэг хэрхэн эхэлдэг юм байна?

-Аливаа нэг үйлдлийг эхлүүлэх сэдэл гэж байдаг. Ихэвчлэн сонирхох, бусдыг даган дуурайх, зарим нэг хэсэг нь мөнгө хожоод үзэхээрээ ашиг орлого олох суваг байж болох юм байна, эсвэл бүр ямар ч сэдэлгүй зүгээр л компьютер тоглоод зугаацна. Үүнээс цаашлахад нэг хэсэг нь алдаж эхэлж байгаа юм. Мөрийтэй тоглоом хүний уураг тархины сул тал дээр маш сайн ажилладаг юм байна гэж би харсан. Богино хугацаанд өөр рүүгээ хүнийг оруулдаг. Шууд донтох эмгэг гэхээсээ эхний ээлжид нэг өгөөд, нэг аваад дасгасаар хэмнэлд орчихдог юм байна. Цалингаа буухаар тодорхой хувийг нь азаа үзэхэд төсөвлөдөг ч юмуу. Харин үүнээс цаашлаад өрөнд орж эхэлнэ. Нэг газраас авч дараад, өгөөд бас нэг зуршил нэмэгдэнэ. Гэвч аажимдаа тасралтгүй цикл рүү орж ирээд өр ширний асуудал үүснэ. Тэгэнгүүт би өрийг энэ тоглоомоор  л дарах ёстой гэсэн гарц гаргалгаа олно. 10 саяас дээш төгрөгийн асуудал үүсээд ирэхээр хожсон тохиолдол зөндөө байгаа юм чинь энэ өрөө л дарчихъя гэж явсаар харамсалтай нь үргэжлүүлээд тоглодог, өр, бооцоо нь улам л нэмэгдээд байдаг.

20,  30 мянган төгрөгөөр сонирхож эхэлсэн хүн 200-300 мянга, 1-2 сая гэх мэтээр нэмээд явдаг. Ингэх тусам асуудал үүснэ.  Мөнгө төгрөг, өр шир, гэр бүлдээ худлаа ярина. Гэр бүлийн болон бусад хүмүүсийн дарамтад орно.  Аз жаргалтай, инээж наадсан хүн чимээгүй, санааширсан, уурлаж уцаарласан байдалтай. Энэ үеэс баригдана. Ингээд тэр хүний цаана гэр бүлийнхнийх нь хэзээ ч төсөөлж байгаагүй мөнгөний асуудал гарч эхэлдэг.

Нийтлэгээрээ яг ийм процессоор явдаг. Тэгээд ярилцахаар толгой дараалан би өөрийгөө хэзээ ч ийм байдалд орно гэж бодоогүй гэж хэлдэг. Анхнаасаа мөнгө олъё гэж хэн ч тоглодоггүй ч эцэстээ ийм байдалд хүрээд байна. Хамгийн түрүүний том урхи нь 100 мянган төгрөг хийгээд  5 сая хожих нь эерэг байдлаар сэтгэлийн хөөрөлд автуулдаг. 

-Гэтэл цаана нь ямар урхи байхав. Нууц нь ч гэдэг юмуу?

-Цахим тоглоомын нууц гэдэг зүйл тэр олон сайтуудын аль нь баталгаатай, аль нь луйвар гэдгийг мэдэхэд хэцүү юм билээ. Дансыг нь шалгаад үзэхээр дандаа гадаадад сервертэй, алдсан мөнгөө цагдаагийн байгууллагад хандаад ч эргэж олж авах боломжгүй, тусгаарлагдмал. Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүс нэг хэсэг нь бол монголд байдаг л байх, гэхдээ ихэнх нь том тоглогч нар гадаадад байдаг. Сервер дээр байгаа дансанд мөнгөө байршуулж тоглодог. Айлын саванд мөнгөө тавиад тоглож байна гэсэн үг. Үүний цаана маш том луйвар явж байх магадлалтай. Яагаад гэхээр таван хүн тус бүр 100 мянган төгрөг тавиад тоглоход дөрөв нь нэг баг байна. Нөгөө хүн таван хүн өрсөлдөж байгаа гэж бодтол бусад нь нэг багийн хүмүүс.  Тэгэхээр чинь мөнгөө алдана л биз дээ. Нөгөө талаас өгөөд, аваад яваад байгаа ч гэсэн 6 сараас хоёр жилийн хугацааг нь яриулахаар алдсан мөнгө нь илүү байдаг.

-Өөрийгөө болон гэр бүл, бусдыг хохироосон хохирол нь өндөр байна уу, энэ асуудлаасаа болоод ямар нэгэн эрсдэлт алхам хийх, нөхцөл байдал үүсч үү?

-Хамгийн эхний асуудал нь өр. Бага хэмжээтэй биш. Хүн өөртөө олдож болох мөнгөний бүх боломжоороо тоглодог юм байна. Найз нөхдийн хүрээ өргөн, тодорхой бизнес эрхэлдэг, ажил төрөл нь тогтчихсон, худалдаа наймаа хөрөнгө оруулалт хүмүүсийн өр бол хэдэн зуун саяас тэрбумаар л яригдана. Ердийн нэг ажил хийгээд явж байгаа хүний өр 50 сая төгрөг дотор, оюутан залуус 1-3 сая гэдэг ч юмуу тэр хүмүүс олох хэмжээгээрээ л тоглодог гэсэн дүгнэлтэд хүрсэн. Над дээр ирж байгаа хүмүүс бол 15 саяас хагас тэрбум хүртэл, тогтмол нийтлэг нь 50-80 саяын мөнгөний асуудал үүсгэсэн байна.  Асуудал үүстлээ 1-2 жил явчихдаг юм байна.

-Та хэрхэн ажиллаж байна, юуг үр дүн гэж харсан бэ?

-Эхлээд тухайн хүн болон гэр бүлтэй нь уулзана. Энэ хүн үнэхээр донтох эмгэгтэй болж уу, өр ширээ дарах гээд тоглоод байна уу эсвэл сонирхлын түвшинд байна уу гэдгийг тодорхойлно. Асуудал тодорхой 2-3 жил ил далд тоглоод их хэмжээний өрөнд оржээ. Одоо сэтгэл санаа, ажил төрөл нь ямар байгаа үнэлнэ гэх мэтээр одоог хүртэл үүссэн асуудлыг нь  ил гаргаж ирээд шийдэлд хүрдэг. Энэ бол завхөн асуудалтай хүн эмч хоёр бус гэр бүлээс нь хүн оруулж ирдэг багийн ажил. Энд нэг чухал зүйл нь тавьсан өрийн хэмжээ яг энэ мөн үү, цаана нь нуучихсан байна уу гэдгийг тодорхой болгохгүй бол цаана нь хэлээгүй өр үлдчихвэл эмчилгээнд сөргөөр нөлөөлдөг юм билээ. Яг төвлөрөөд явж байтал нөгөө эмчдээ, гэр бүлдээ хэлээгүй мөнгө нь нэхэгдэнэ. Сэтгэл санаагаар унана, өөрт нь мөнгө байхгүй учир дахиад яаж ийгээд азаа үзчихмээр санагдана. Тэгэхээр мэргэжлийн хүнд хандахаараа нөхцөл байдал ямар байгаа юм, хаашаа чиглэх вэ гэдэг зүг чигийг нь гаргаж өгөөд тухайн хүмүүс шийдвэр гаргавал хамтарч ажиллах зам  руугаа орно.

Цаашаа явахаар үр дүн гарч эхэлнэ.

Нойргүй болчихсон, хоол идэхгүй, турж эцэж царай нь харласан, архи уусан гэх мэтээр сэтгэл санааны дарамтаа дийлэхгүй маш уруудчихсан ирдэг. Гэр бүлийн харилцаа, хадам, ах дүүс, ажлын бүтээмж байж болох доод цэгтээ хүрээд хамаг зүйл нь эмх цэгцгүй болчихдог, амьдрах итгэл найдвар нь бүрхэг.  Энэ төвөгтэй байдлаас эхний 1, 2 уулзалтаас эхлээд ангижирч эхэлнэ.

-Асуудлаа нуудаг дотогшоо хүмүүс илүү их өртдөг-


-Тактикийн хувьд?

-Бид нар эмчилгээндээ ашиглаж байгаа аргачлал бол 12 алхамт эмчилгээний хөтөлбөр байна. Донтох эмгэгийн үед 12 удаагийн эхнээсээ дуустал гэр бүл, үгүйсгэл, өөрийгөө ойлгох, сэргийлэх гэх мэт бүх агуулгыг багтаасан сэтгэлзүйн оюун санааны эмчилгээний хөтөлбөрийг санал болгодог. Яагаад гэхээр ийм хөтөлбөртэй л явахгүй бол болдоггүй. Энэ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн донтох бусад эмгэгийн үед ашигладаг хөтөлбөрийг ашигладаг. Дээрээс нь илэрч буй шинж тэмдгүүд дээр ажиллана. Сэтгэл гутрал, нойргүйдэл гээд олон асуудал бас бий. Хэсэг хугацааны дараа ажил төрөл нь жигдрээд, гэр орондоо тайван байгаад 50-60 хоногийн дараа өөрийгөө хаана явсныг ойлгочхож байгаа юм. Сэтгэл санаа тавгүй, эсвэл тоглочих гээд байвал эмч рүүгээ хандана. Ийм сонголтыг бий болгосон нь бас тодорхой үр дүнтэй. Байгаа өр ширнийхээ үнэнийг хэлээд заримтай нь зөвшилцөлд хүрээд ирэхээр гаднаас ирэх дарамтыг хянах боломжтой болно. Ингээд ирэхээр хүн эрүүлээр харж эхэлдэг. 3-6 сар хянагдаад утсаар, мэйлээр, биеэр уулзсаар цаашид биеэ даагаад явчхаж байна. Цаашдаа бид бүлгийн уулзалт руу нэлээд чиглэж ажиллана. Энэ бол донтолт  дахихаас урьдчилан сэргийлдэг үр дүнтэй хөтөлбөр юм. Шууд хийгээд явах эмийн эмчилгээ хязгаарлагдмал ч олон улсад хүлээн зөвшөөрсөн нэг эм бий. Үйлдэл нь тоглох гэсэн хүчтэй хүслийг нь дарж өгнө. Суурь эмчилгээ бол нөгөө 12 алхамт эмчилгээ буюу сэтгэл засал их чухал байгаа юм. Сэтгэцийн талаас хямралтай, бусад шинжүүд илэрвэл шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ авна. Сонирхлын түвшинд, асуудал нь хөнгөн байгаа дээрээ өөрийгөө татаад авах нь чухал юм шүү. Нэлээдгүй хувь нь эмгэг болоод өнөөдрийн түвшинд хүрчхээд байгаа юм.

-Ихэвчлэн хэн өртөөд байна, өртөх магадлал өндөр байна вэ?

-Хүйсийн хувьд аваад үзэхэд 70-80 хувь нь эрчүүд. Өртөх магадлалын тухайд үүнээс дархлаажсан хүн гэж байхгүй. Тэгэхээрээ мөрийтэй тоглоомд найдвар тавьж итгэл өгдөггүй хүн, ийшээ орвол асуудалд хүрдэг юм байна хол байя гэсэн үзэл бодолтой хүн хамгаалагдах бүрэн боломжтой. Өртөж байгаа тохиолдол янз бүр. Оюутан, гадаадад мөнгө хураах гээд ажиллаж байсан залуу, төрийн албан хаагч, бизнесмен гээд хэн ч орох боломжтой нь харагдаж байна. Хүнийг судлаад үзэхэд надтай, тантай л адилхан хүмүүс байдаг учраас төрөлжүүлээд дүгнэх боломжгүй. Зүгээр маш сайн анзаарахад өөрийгөө нээж ярьдаггүй, асуудлаа дотроо хадгалдаг, нээлттэй биш, дотогшоо хүмүүс далдуур нэлээд гүн явчихсан байх нь ажиглагддаг. Сэтгэл хөдлөлөө дардаг хүмүүс нууцлаг байдлаар маш удаан яваад эцэстээ тулж байгаа нь нийтлэг харагдаж байгаа.

Цаг хугацааны хувьд 3-4 жил тоглосон хүмүүс ямар ч үр дүнгүй амьдарч байна.  Гадаадад зургаан жил ажиллачхаад гэр бүлдээ ч мөнгө өгөөгүй, тэндээ ч хураасан юмгүй ийм байдалд орж. Нэгэнт тийшээ орсон хүн бол аривлан хэмнээд гамнана, мөнгөө хураана гэж худлаа юм билээ. Нэг залуу ажил хийдэг, гэр орноосоо хоолны мөнгө авдаг. Гэтэл маш тураад эцээд бүр болохоо байсан. Тэгээд гэр бүл нь яав ийв гэтэл бүр хоолны мөнгөөрөө хүртэл тоглодог болоод удчихаж.

-Гэр бүлд хэн нэгэн ийм төрлийн хамааралтай болчихсон байвал яаж харьцах вэ, ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Жаахан анзааргатай байх хэрэгтэй. Тухайн хүн ажилдаа явж байна уу, хичээлдээ сууж байна уу,  санаашраад юманд идэвхгүй хандаад эхэлнэ. Мөнгө төгрөгний асуудал гардаг болно. Үнэнээ хэлэхгүй янз бүрийн шалтаг хэлнэ. Гар утаснаасаа салахгүй, машиндаа, нойлдоо, гэрийнхнээ унтсаны дараа тоглох хандлага нь бас нийтлэг. Хэрвээ асуудал нь тодорхой бол өөрсдөө яаж хандахаасаа илүүтэй мэргэжлийн хүнд хандах нь гаргалгаа болж өгнө. Эмгэг болчихсныг гэр бүл нь хувь хүний дутагдал гэж хандаж буруутгадаг. Арчаагүй, хувиа хичээсэн гэдэг ч юмуу. Яг мэргэжилтний хувьд харахад тэр эмгэгтэй болчихсон хүнийг мянга аашлаад загнаад үр дүнгүй. Хол  байх нь хамгийн том гарц. Хэрвээ асуудалтай болчихсон бол бас сүйрсэн гэсэн үг биш. Мэргэжлийн хүмүүс туслаад чиглүүлээд явах багийн ажил байгаа.
Ж.Гантулга эмчтэй холбогдохыг хүсвэл ЭНД дарж мэдээлэл аваарай.

Б.ХАШ-ИЛД

https://eguur.mn/558222/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen