Монгол Улсыг Оросын “Суходол”, “Вера” боомтоор нүүрсний экспорт хийх боломжийг судалж үзэхийг санал болгожээ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Приморын хязгаарын Амбан захирагч О.Н.Кожемякотой энэ сарын 26-нд уулзав.
Элчин сайд Ө.Энхтүвшин цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд хүндрэл учруулж байгааг дурдаад цаашид тус хязгаарын далайн боомтоор дамжин өнгөрч буй Монголын ачаа тээврийн хэмжээг нэмэх сонирхолтой буйгаа тэмдэглэв.
Амбан захирагч О.Н.Кожемяко хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Алс Дорнодын “Восточный” боомтоор Монголын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх тухай хоёр тал өмнө нь санал солилцож байсныг дурдлаа. Мөн коксжих нүүрс, зэсийн дэлхийн зах зээлийн үнэ өндөр байгаа энэ үед нүүрс тээврийн “Суходол”, “Вера” боомтоор нүүрсний экспорт хийх боломжийг судалж үзэхийг санал болгов. Мөн Улаанбаатар-Владивосток чиглэлийн шууд нислэг нээх, Монголоос Приморын хязгаарт арьс шир, мах, ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх, Приморын хязгаараас Монголд мод, модон бүтээгдэхүүн, далайн бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.