Зүүн гурван аймагт энэ онд үер, усны ослоор 13 иргэн амиа алджээ

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн өвөлжилт, тулгамдсан асуудалтай танилцан үүрэг чиглэл өгч ажилласан.

 

Ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна. Тус аймагт зүүн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Тиймээс Сүхбаатар, Дорнод аймгийн засаг дарга, Онцгой байдлын газрын дарга болон холбогдох албаныхан уулзалтад оролцож байна.

 

Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нээн үг хэлсэн. Тэрээр сүүлийн гурван жилд зүүн аймгуудын нутагт аюулт үзэгдэл, ослын 808 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 53 хүн амь насаа алдаж, нийт 2,9 тэрбум төгрөгийн хохирол учирсныг онцлон тэмдэглэлээ.

 

Тэр дундаа Дорнод аймагт ой хээрийн түймэр, хил дамнасан хээрийн түймэр сүүлийн жилүүдэд ихээхэн гарсан байдаг. Түүнчлэн малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчин зүүн аймгуудад голомтлон гарч байсан байна.

 

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "2016, 2017 онуудад зүүн гурван аймгийн 37 сум буюу нийт сумын 80.4 хувьд хонины цэцэг өвчин гарч 4148 толгой мал, 2017, 2018 онуудад 28 сум буюу нийт сумын 60.8 хувьд шүлхий өвчин гарч 4227 толгой малыг зориудаар устган Засгийн газраас 2.8 тэрбум төгрөг зарцуулсан" гэдэг тоон мэдээлэл хэлсэн юм.

 

Зүүн гурван аймагт 2017-2020 онд тохиолдсон 37 удаагийн үер болон усны ослоор 57 хүн амь насаа алдсан бөгөөд энэ оны 6, 7 дугаар сар гэхэд Дорнод аймагт хоёр, Сүхбаатар аймагт гурав, Хэнтий аймагт 6 хүн цаг бусаар амь насаа алджээ.

 

Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "7 дугаар сарын 20-ны өдрийн байлаар зүүн гурван аймагт гол мөрөн, тогтоол усанд 13 иргэн амь насаа алдсан байна" гэдэг тоон мэдээллийг танилцуулагдаа онцолсон.

 

Харин зуншлагийн тухайд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн Булган, Чулуунхороот, Халхгол сум, Сүхбаатар аймгийн баруун өмнөд хэсэг буюу Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Уулбаян сумын нутгаар гандуу, газрын гарц муу, бусад нутгаар зуншлага сайн хэдий ч өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах шаардлагатай байгааг анхаарууллаа.

 

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ган, зудын давтамж ихэссэн, малын тоо толгой ихээхэн өссөн, олон аймаг, сумдад бэлчээрийн даац хэтэрсэн өвөлжилтийн бэлтгэлийг хангалтгүй хийсэн зэрэг шалтгаанаар улсын хэмжээнд 2000-2002 онд 12.5 сая мал, 2008-2010 онд 13.7 сая толгой мал хорогджээ.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Зүүн бүсийн гурван аймгийн сумдын 50 хувь нь зуншлага сайтай, 30 хувь нь тааруу, 20 хувь нь гантай байна. Бусад аймагтай харьцуулахад зүүн бүсийн аймгууд зуншлага харьцангуй сайн байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудад өндөр хариуцлага ирж байгааг ухамсарлаж ажиллах шаардлагатай. Өвөл, хаврыг өнтэй давахын тулд 60.2 мянган тонн өвс, 15.9 мянган тонн тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа. Засгийн газраас хадлан тэжээл бэлтгэхэд төсвөөс дэмжлэг, татаас үзүүлэхгүй байх шийдвэр гарсан учраас орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо бүрэн дайчилж, малчин өрх бүрийг хадлан тэжээлээ хангалттай төвшинд бэлтгэхийг уриалж ажиллах шаардлагатай байна” гэлээ.

 

Аймгийн Засаг дарга нараас Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилт Дорнод аймагт 2019 онд 95.7 хувь, 2020 оны явц 50 хувь, Сүхбаатар аймагт 2019 онд 97.5 хувь, 2020 оны явц 56.2 хувь, Хэнтий аймагт 2019 онд 96.3 хувь, 2020 оны явц 21.8 хувийн хэрэгжилттэй байгаа бөгөөд гэрээний хэрэгжилтэд анхаарах хэрэгтэйг Шадар сайд Я.Содбаатар аймгийн Засаг дарга нарт анхаарууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen