Ч.Сайханбилэг: Засгийн газрын нууц шийдвэр гарлаа гэж зарлаж болохгүй!

Ч.Сайханбилэг:  Засгийн газрын нууц шийдвэр гарлаа гэж зарлаж болохгүй!

 

Ч.Сайханбилэг доожоогүй Ерөнхий сайд гэж хэлүүлэхийг хүсээгүй тул Эрдэнэтийн 49 хувийг хэдэн бизнесмэний гарт өгөхийг дэмжсэн гэх утгатай зүйлийг ярьсан байна лээ. Тэгвэл "Эрдэнэт”-ийн асуудлаарх Засгийн газрын нууц хуралдааны протоколоос доожоогүй харагдахыг хүсээгүй Ерөнхий сайдын хэлж ярьсан үгсийг энд ишлэн хүргэж байна.

Ч.САЙХАНБИЛЭГ:

За, бүх сайд нар байр сууриа илэрхийллээ. Би илэрхийлэх шаардлагатай ийм асуудал гэж байгаа болов уу гэж байгаа учраас санал тавья, санал гаргая гэж байгаа бүх сайд нарыг сонслоо. Би энэ ажлын хэсэгтэй уулзаж тодруулсан. Надад нэг зүйлд хэрэгтэй байгаа.

Юу гэхээр зэрэг, та нарын тайлбар дээрээс юм сонсогдож байгаа, манай хэрэг эрхлэх газрын хуулин дээр ч асуудал бол байгаа юм. Тэгээд энийгээ зөв шийдэх ёстой юм. Энийгээ зөв шийдэхийн тулд өнөөдрийн тогтоол ч гэсэн тийм заалттай гарах болов уу гэж бодож байна.

Юу гэхээр зэрэг яг одоо энэ явж байгаа делл, та нар одоо олон хувийн хэвшил, орос дотроо хийх гэж байсан юмыг бид нар дундуур орж зогсоолоо гээд тэгж байна шүү дээ.

Урд талын хуралдаан дээр та нар Монголын Засгийн газар дангаараа 51 хувиа 100 хувь болгоод авчих юм бол энэ делл бас явахгүй ийм бололцоотой байсан. Явахгүй байх байсан гэдэг ийм байр суурь илэрхийлсэн. Одоо ямар нэг байдлаар энэ Засгийн газрын тогтоол гарсны дараа та нар очиж хэлэлцээр хийнэ гэж би ойлгосон.

Тэр хэлэлцээр дээрээ яг Оросын засгийн газрын байр суурийг нь баталсан ямар нэгэн хурлын протокол, шийдвэр, аль нэг зүйлийг бид нарт үзүүлэх ёстой. Тэр нь юу гэхээр одоо та нартай ярьж байгаа энэ нөхцөлөөс ямарваа нэг өөр нөхцөлөөр хийгдэх тохиолдолд энэ делл болохгүй ээ.

Оросын засгийн газрын дэмжихгүй гэдэг энэ зүйлийг нь баталсан юм аа бид нарт авчирч үзүүл. Би яагаад энийг нэхээд байгаа гэхээр зэрэг энэ нь бид нарын засгийн газар өөрийнхөө давуу эрхээс татгалзсан гол нөхцөл болох юм. Энэ байгаа тохиолдолд одоо их хурал долоодугаар сард цуглах нь уу, сонгуулийн дараа, эсвэл намар хуралдах эхний үед нь засгийн газраас бид нар орж танилцуулна.

Хэлэлцүүлэх биш танилцуулна.

Яагаад гэхээр зэрэг их хурал нэгдүгээрт сонгуультай байсан. Хуралдах боломжгүй. Ташкентийн уулзалтын гурван улсын тэргүүний өмнө энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байсан. Цаг хугацааны фактор байсан. Гуравдугаарт энэнээс өөрөөр хийх делл хийж болохгүй байсан учраас Засгийн газар бид нар шийдвэр гаргаж энэ деллийг Монгол Улсад 100 хувь Эрдэнэтийг авч ирлээ гэдэг энэ гурав бол манай үндсэн үндэслэл. Энэ гурав хангагдах ёстой. Тэгж байгаа тохиолдолд бид нар, одоо би та нар хэрэггүй гээд байна шүү дээ.

Их хурлаар орж шийдвэрлүүлэхгүй гэж байна. Тэнд нэгэнт олон улсын гэрээг үндэслэсэн Монгол Улсын хуультай учраас гээд. Тийм учраас бид нар Их хуралд орж танилцуулгаа хийнэ. Ийм делл хийчихсэн. Монгол руу бүтэн шилжлээ. Одоо энийг шийдсэн учраас бид нар харин олон улсын гэрээн дээр үндэслэсэн Монгол Улсын хуулиа хүчингүй болгох хуулиа Засгийн газар өөрөө санаачлан оруулчихна.

Тэгээд их хурал тэрийг хүчингүй болгоно. За энэ ингэж  процедурийг Ерөнхий сайдын хувьд харж байгаа юм. Энэ биелэх юм бол энэ Засгийн газрын өнөөдрийн нууц шийдвэр гарлаа гэж зарлаж болохгүй.

Тийм учраас одоо орж ирж байгаа материалын тэр гуравдугаар үндэслэлийг би эд нарыг хий гэж байгаад хийлгэсэн байхгүй юу.  Хэрвээ эхний ээлжинд давуу эрхээсээ татгалзсан гэдэг энэ юмыг нөхцөлөө өөрчилсөн тохиолдолд бид дахиад энэнээс татгалзана шүү гэдгээ гурваараа хийгээд өгчихсөн. Энэ хэлэлцээрийн багийг оросын тал аваад бид бид нартай ингээд албан ёсоор хийх нөхцөлөөс өөрөөр бид нар хийгдэхгүй гэдгээ бид нарт баталсан ямар нэгэн үзүүлэх юм бол энэ хоёрдугаар заалтынхаа дагуу бид нар албан ёсоор давуу эрхээсээ засгийн газар татгалзаад явчихна гэсэн үг.

Оросын талдаа хэл, өнөөдрийн шийдвэр гарснаар ил зарлах  болоогүй. Саяны миний хэлсэн зүйлийг өгсөн тохиолдолд хоёр засгийн газар ил  болгоно.

Би Энхсайхан сайдын асуултанд хэлж байгаа нь энэ асуудлыг хаалттайгаар хэлэлцээд байна гэхээр энэ нөхцөлүүд хоёр талдаа ойлголцож баталгаажаагүй байгаа тохиолдолд ил гарах юм бол энэ делл өөрөө нураад уначихна. Тийм учраас процессоо дуусга, саяны миний хэлсэн гурван нөхцөлөө ханга. Энэ гурван нөхцөл ингээд хангагдсан байгаа тохиолдолд хоёр талд зэрэг хэлээд, Төрийн нарийн Ганхуяг энэ дээр ажиллах хэрэгтэй. Зэрэг, нэг цаг хугацаанд зарлана. Ийм байдлаар юмнуудаа зохицуул. Тэгээд тэр гуван улсын тэргүүнээрээ, тэр Путин Ерөнхийлөгч, Элбэгдорж Ерөнхийлөгчийг зогсоож байгаал та нар наадахдаа гарын үсэг зур. Тэр Ташкентийн уулзалтаар. Ингэж юмнуудаа явуулбал зөв болно.

Тэгээд ерөнхийлөгч нарын зурсан ийм гэрээтэй, оролцож байгаа та нарын зурчихсан гэрээтэй зүйлийг засгийн газар их хуралд орж танилцуулна. Бид нар Монголдоо Эрдэнэтийг буцааж авч ирлээ. 100 хувь боллоо. Гэхдээ ингэж хийхээс өөр арга байгаагүй. Одоо их хурал нэгэнт ийм болсон учраас энэ Монгол Улсынхаа хуулийг хүчингүй болгож өг. Олон улсын гэрээ нь аль хэдийн хүчингүй боллоо. Зөв үү.

О.ОРХОН:

Зөв.

Ч.САЙХАНБИЛЭГ:

Одоо яг энэ дээр яг ингэж явна шүү. Манай сайд нар бүгд ингэж ойлгох хэрэгтэй. Ажлын хэсэг яг ингэж ойлго. За ингэж явья.

Хуралдаан 11:41-12:24 цаг хүртэл нийт 33 минут хүртэл үргэлжлэв.

Тэгэхээр энэ протоколоос харахад Ч.Сайханбилэг тунчиг шийдэмгий байжээ.  Тэрбээр саяхан телевизийн нэвтрүүлэгт орохдоо  "Их хурал тэр үед байхгүй байсан. Бүх гишүүд тараад өөрийнхөө тойрог дээрээ сонгуулийн кампаниар явчихсан. Их хурал хуралдах боломжгүй. Хоёрдугаарт гурван улсын тэргүүний уулзалтын өмнө шийдчихвэл сайн байна гэж асуудлыг шийдэх гэж байсан хүмүүс маань Засгийн газарт маш эрчимтэй санал тавьсан. Энэ асуудлыг хурдан шийдэхгүй бол үндсэндээ шийдэгдэх бололцоогүй юм байна. Их хурлыг, намрыг хүлээвэл байхгүй болох юм байна. Монголын тал 51 хувьтайгаа, Оросын тал 49 хувьтайгаа л үлдэнэ. Ерөнхий сайдын хувьд би өөрөө шийдвэр гаргах шаардлагатай болсон. Бодсон л доо. Энэ бол үнэхээр Монголын 51 хувьтай холбоогүй асуудал. Харь улсад байгаа 49 хувьтай холбоотой асуудал. Энэ харь улсад байгаа 49 хувийг Монголд авчрах боломж үүлэн чөлөөний нар мэт хэсэг хугацаанд гарахад хэрэгжүүлж чадаагүй доожоогүй Ерөнхий сайд ш дээ, шийдвэрээ гаргаж чадаагүй, Эрдэнэт үйлдвэрийн 100 хувь Монголын талд ирэх ийм боломжийг алдсан Ерөнхий сайд ш дээ гэж хэлүүлэх хүсэл надад үнэхээр байгаагүй… " хэмээн ярьсан байсан юм.

Протоколд анхаарал татаж байгаа нэг зүйл нь хууль хүчингүй болгох тухай яриа юм. Учир нь Олон улсын гэрээний тухай хуулийг шинэчлэн батлуулахдаа Засгийн газрын баталсан энэ төрлийн гэрээг УИХ хүчингүй болгодог эрхийг нь авч хаях оролдлого хийсэн. Үүнийг нь намын нэр бүхий гишүүд эсэргүүцэхдээ хоёр асуудлыг хөндөж ярьсан гэдгийг Т.Аюурсайхан гишүүн хэлсэн байгаа. Тэрбээр "Эрдэнэтийн 49 хувийн асуудал. Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн энэ асуудлыг байнгын хороогоор оруулахад бараг бэлэн болчихоод байгаа. Дүгнэлт нь ажлын хэсэгт багтсан гишүүдийн гарын үсгийг бүрэн аваагүй байна гэдэг шалтгаанаар бүтэн сар хүлээгдэж байна. Ингэж цаг аваад байгаа нь Олон улсын гэрээний хуулийн шинэчилсэн хувилбар хэрэгжихийг хүлээгээд байна гэсэн хардлага төрүүлээд байна. Засгийн газрын баталсан олон улсын гэрээг энэ хуулиар УИХ-аар хүчингүй болгох эрхгүй орчин үүсчих юм бол Эрдэнэтийн 49 хувийн асуудалд парламент хяналт тавих эрхгүй болчихож байгаа юм. Би ингэж ойлгож байгаа.”  хэмээн хэлж буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen