Утааг мартахаасаа өмнө амжиж унших нэг зүйл
Утааны улирал ард хоцорч, хэн хүнгүй л урин цагийг угтан хөөрцөглөж байна. Манцуйтай балчраас авахуулаад настан буурлууд нь хүртэл хахир хүйтэнд агаар шүүгчтэй маскаар “тоноглож” явсан өдрүүд айхтар холдож амжаагүй байна. Хүйтэн ирэхгүй юм шиг аашлахын оронд нэгийг тунгаах учиртайг сануулсан судалгааг дэлхийн эрдэмтэд ВВС.com-д тайлагнажээ.
Энд ихээхэн сонирхолтой баримтыг нийтэлсэн нь агаарын бохирдол хүний тархинд нөлөөлснөөр зан аашийн өөрчлөлтийг бий болгодог байх магадлалтай хэмээх үр дүн юм.
Ирээдүйд цагдаа нар болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албаныхан агаарын бохирдлын төвшинтэй уялдуулан ажиллах хэрэг гарах нь. Хөгжингүй улс орнуудын судалгаанаас харахад агаарын бохирдол нь шүүх үйл ажиллагаа, сэтгэцийн эрүүл мэнд, тэр бүү хэл сургуульдаа муу суралцах, түүнээс гадна хамгийн эмзэглэмээр нь гэмт хэргийн төвшин өсөхөд нөлөөлж байгаа юм.
Ингэж түгшүүр зарлахад хүргэсэн гол зүйл нь дэлхийн хүн амын тэн хагас нь хотод суурьшсан, хөдөлгөөн нь хэдэн хананы дунд л өрнөдөг зэргээс харж болох.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн 10 хүн тутмын ес нь аюултай агааар амьсгалж байна. Тэгээд ч агаарын бохирдлын улмаас жил бүр долоон сая хүн нас барж байна гэсэн статистик бий. Гэтэл үүн дээр тун удахгүй агаарын бохирдлоос нөлөөтэй гэмт хэргийн хохирогч болж нас барах хүний тоог нэмбэл хэд болох бол…
2011 онд Лондоны их сургуулийн Эдийн засгийн сургуулийн судлаач Сэфи Рот “Бохир агаар бидний сэтгэцийг хэрхэн бууруулж байна вэ” нэртэй судалгаа хийжээ. Түүний судалгаанаас харахад агаарын бохирдол зөвхөн эрүүл мэндийг хөнөөгөөд зогсохгүй сэтгэц, оюун ухааны чадамжид сөргөөр нөлөөлж байгаа юм. Урт хугаандаа буюу 8-10 жилийн дараа асар их өөрчлөлт биднийг хүлээж байж мэдэх юм.
Түүнчлэн, 2016 онд энэхүү судалгааг өргөжүүлэн хийхэд агаарын бохирдол хүний бүтээлч сэтгэлгээг бууруулдаг нь тогтоогджээ.
Өнгөрсөн жил судалгааны багийнхан Лондоны 600 гаруй суурьшлын бүсэд ажиглалт хийхэд хамгийн бохирдолтой өдөр гэмт хэргийн гаралт өндөр байв. Агаарын бохирдол ихсэхийн хэрээр гэмт хэргийн гаралт нэмэгдэх харилцан хамаарал бий болжээ.
Өнгөрсөн жилд АНУ-ын 9000 гаруй хотод явуулсан судалгааны дүнд бохир агаар гэмт хэргийн зургаан зүйлийн нөлөөллийг бий болгож байна. Санамсаргүй хүн амины хэрэг, хүчин, хулгай зэрэгт энэ нь ихээхэн хамааралтай байх магадлалтай аж.
Энэ оны гуравдугаар сард энэ төрлийн судалгааг хийсэн, Лондоны Кингс коллежийн ахлах судлаач Жоанн Ньюбюри “Агаарын бохирдол бие махбодийн эрүүл мэндэд цаашлаад сэтгэцэд муугаар нөлөөлж, оюун ухааны тогтворгүй байдлыг бий болгох магадлал бий” гэжээ.
Тэгвэл Монгол Улсад агаарын бохирдол зөвхөн эрүүл мэндэд бус эдийн засаг-нийгмийн ямар нөлөөтэй байгааг нарийвчлан судалсан томоохон судалгаа одоогоор алга.
ЭХЭМҮТ, АШУҮИС-ийн 2014 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод өвлийн улиралд ургийн гаж хөгжил, зулбалт 3.6 дахин их байгааг тогтоожээ. Энэ бол эдийн засаг, эрүүл мэндэд учруулж буй нөлөөллийн зөвхөн “орой” нь.
НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран агаарын бохирдлын эсрэг хариу арга хэмжээ аваагүйгээс гарах үр дагаврын өртгийн судалгааг хийжээ. “Ямар нэг арга хэмжээ авахгүй бол 2025 он хүртэл хүүхдийн эрүүл мэндийн үйлчилээний зардал жил бүр 4.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ” гэж энэ судалгаанд дурджээ.
2016 онд 0-18 насны хүүхдийн агаарын бохирдолтой холбоотой өвчлөл Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагуудад 10.4 тэрбум төгрөг буюу 4.8 сая ам.долларын зардал бий болгожээ.
Эдийн засгийн өсөлт, гэмт хэргийн гаралт зэрэгтэй утаа хэрхэн холбогдож байгаа нарийвчилсан судалгааг бид хийх цаг нь ирээд байна. Утааг бид хэдхэн сар мартаж болох ч өвөл өөрийнхөө хуваариар ирэх нь л дамжиггүй.
Ж.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин