Төрийн худадпан авалт хөндлөнгийн хяналтгүй боллоо

Төр яагаад чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авч, шаардлага хангахгүй байшин барилга, чанаргүй зам... зэргийг барьж байгуулахдаа бодит өртгөөс нь хэд дахин илүү үнэ төлдөг юм бэ? Төрийн худалдан авалт эрх мэдэлтэн, албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах замаар авилга авч, халаасаа зузаатгах эх булаг юм гэх ганц хариулт өгч болно. Харин иргэдийн нэрийг барьсан “татвар төлөгчдийн” мөнгөөр хэрэгжүүлж буй төслийн худалдан авалтын үр шимийг зөвхөн иргэд хүртэх ёстой юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хууль анх батлагдаж өнөөг хүртэл хэрэгжсэн 14 жилийн хугацаанд Монголын төр 10 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ худалдан авчээ. Энэ хэмжээний хөрөнгөөр Солонгос улсад Hyundai, Samsung-ийн өндөр технологи нэвтрүүлж, өнөөгийн хөгжлийн эх үндэс болсон аж үйлдвэрийн суурь тавьсан байна. Харин Монгол төр ийм хэмжээний хөрөнгөөр Солонгос, Хятад зэрэг улсын 1.3 сая ажлын байрыг дэмжсэн худалдан авалт хийсэн нь манай улсын эдийн засаг хямарч, ажилгүйдэл, ядуурлын эх суурь тавьсан гэж тус хууль батлагдахаас өмнө зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон судлаачид халаглаж сууна. Түүгээр зогсохгүй, тус хууль хэрэгжсэнээр үндэсний үйлдвэрүүд хаалгаа барьж, ид хөдөлмөрийн насны 200 мянган залуу гадаадыг зорьжээ. Монгол улсын валютын нөөц гадаадын улс руу гарч чанаргүй эд бараа, бүтээгдэхүүн болон хувирсан нь валютын хомсдол үүсгэх, ханш өсгөх шалтгаан болсон талаар хэлэлцүүлгийн танхимд дурдагдаж байсан.

Сүүлийн гурван жил улсын төсвөөс гарсан хөрөнгө оруулалтын дүн

Зөвхөн 2017 онд төсвийн 1.4 их наяд төгрөгөөр бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авсны 96.7 хувь буюу 522 сая ам.долларыг нь импортын бараа худалдан авахад зарцуулжээ. Харин 2018 оны Төсвийн тухай хуулиар баталсан хоёр их наяд 458 тэрбум 767.6 сая төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 766 тэрбум 204 сая төгрөг гаргахаар баталсан. Нэмээд гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 1.1 их наяд төгрөгийн төслүүд хэрэгжүүлэхээр төсвийн тухай хуульд тусгаж байв.

Энэ хэмжээ 2019 онд хоёр дахин өсчээ. Төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг УИХ нэг их наяд 553 тэрбум төгрөгөөр батлаад байгаа. Нэмээд нэг их наяд 371.5 тэрбум төгрөгийн гадаадын зээл, тусламж авч ашиглах юм. 2019 онд Засгийн газраас шинээр эхлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 85 хувийг нь барилга, байгууламж эзэлж байгаа. Мөн ирэх онд шинээр 395 эхлэх барилга байгууламж эхлүүлнэ. Үүний санхүүжилт нь 1.1 их наяд төгрөг бөгөөд 52 хувь буюу 576.2 тэрбум төгрөгийг нь 2019 онд санхүүжүүлэхээр тусгасан. 2019 онд төсвөөс санхүүжих ойролцоо хүчин чадалтай барилга, байгууламжийн төсөвт өртөг хэлбэлзэл өндөртэй байгаа. Тухайлбал, багийн төвийн барилгын төсөв 40 саяас 350 сая төгрөгийн хооронд, Засаг даргын тамгын газрын барилгын төсөв 825.1 саяас 1.3 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм байна.

Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд эрх баригчдын халаглаад байдаг “Чингис бонд”-ын хэмжээг хэд нугалах мөнгөн хөрөнгө улсын төсвөөс хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламж хэлбэрээр зарцуулагджээ. Энэ их хөрөнгө мөнгө чухам ямар бүтээн байгуулалт болж сүндэрлэв гэдэг асуулт хариултгүй байна. Нэлээдгүй хувь нь эрх баригчдын “цүнх баригч”-дын халаасаар дамжин хувьд очсон байхыг үгүйсгэхгүй. Уул нь нэг тэрбум ам.доллараар ямар хэмжээний бүтээн байгуулалт хийж болдгийг 2012-2016 онуудад маш тодорхой харуулсан байдаг.

Өнгөрсөн долоо хоногт завсарласан УИХ-ын ээлжит бус чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хам хум оруулж эцэслэн баталлаа. Тус хууль арчаагүй байдлаа арилгаж, тендерийн хуудууг хуулийн хүрээнд хязгаарлах том зорилгоо биелүүлсэн гэх “цаасан малгай”-тай магтаал чуулганы индэр, хэвлэлийн хуудсаар дамжин цуурайтав.

Худалдан авах ажиллагаанд ил тод нээлттэй, авилга, ашиг сонирхлоос ангид шударга өрсөлдөөний зарчим нэвтрүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, цахим худалдан авах ажиллагааны иж бүрэн зохицуулалт бий болгох, ногоон худалдан авалт, урьдчилсан худалдан авалтыг нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг шинэлэг дэвшилттэй заалтууд шинээр туссан гэнэ. Хуульд орсон нэг гол өөрчлөлт нь тендерийн маргаан. Зөвхөн 2018 онд зарлагдсан тендерийн 30 хувь нь биелсэн бол үлдсэн 70 орчим хувь нь буцаж төсөвт мөнгө нь орсон ажээ. Шалтгаан нь тендерт оролцсон компаниуд шалгараагүй болон бусад шалтгаанаар шүүхэд хандаж хугацаа алдахад хүргэж байна гэсэн тайлбар хэлж байсан. Шалгараагүй оролцогч нар чухам яагаад ингэж гомдож байгаагийн цаад учир шалтгааныг Засгийн газар олж чадсан уу, энэ байдалд дүн шинжилгээ хийсэн үү? Хэрэв үнэхээр захиалагч байгууллагууд буруутай байсан бол худалдан авах ажиллагааг ил тод, шударга явуулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэв? гэдэг олон асуулт хариултгүй, тайлбаргүй үлдлээ.

Ямар заалт УИХ гишүүдэд таалагдсангүй вэ?

Энэ хууль 2005 онд батлагдсанаас хойш 20 гаруй нэмэлт, өөрчлөлт орж байжээ. 2011 оны 6 дугаар сарын 9-ны өдөр тус хуульд маш чухал нэг заалт нэмэгдсэн юм. Энэ нь захиалагчийн байгуулсан гэрээний хэрэгжилтийн эцсийн үр дүнг хөндлөнгийн байр сууринаас үнэлэх, дүгнэх, хариуцлага нэхэх боломжийг олгох ач холбогдол бүхий зохицуулалт байсан юм. Хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт “Хувийн хэвшлийн болон мэргэжлийн төрийн бус байгууллагыг энэ хуулийн 35-39 дүгээр зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж, захиалагчийн үйл ажиллагаа, гэрээний биелэлт, чанарт явцын болон гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ, аудит хийлгэж болно” гэж баталсан нь Засгийн газрын үйл ажиллагаанд тавих иргэний нийгмийн хяналтыг бэхжүүлэх томоохон ахиц гарлаа гэж тухайн үед олон улсын байгууллагууд өндрөөр үнэлж байсан юм.

Гэвч энэ заалтыг хэрэгжүүлэх талаар төрийн зүгээс бодитой алхам хийлгүй орхисон ба нөгөө талаас, тендерийн мафийнханд, “хөндлөнгийн хяналт” мэдээж таалагдаагүй тул саармаг байдалтай байсаар өнөөг хүрсэн байдаг. Уг зохицуулалтын хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн буюу хуулийн 52.1.15-д “захиалагчийн үйл ажиллагаа, гэрээний биелэлт, чанарт явцын болон гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ, аудит хийх журмыг тогтоох.” гэж заасан хэдий ч энэ журмыг зохих ёсоор батлан гаргаагүй юм. Ийнхүү дээрх дэвшилтэт санаачилга хэрэгжих боломжгүй байсныг сануулахад илүүдэхгүй. Гэтэл энэ удаа дээрх чухал заалтыг сэмхэн баллуурдаж орхижээ. Манай улсад тендер авдаг томоохон компаниудын бүлэглэл бий болоод удаж буй. Энэ компаниуд ямар ч ажил хийхгүй дундаас нь хувь аваад сууж байдаг ажээ. Ийм бүрэн эрхтэй “паразит” компаниуд төрийн өндөр албан тушаалтнуудын ивээлд л оршин тогтнох нь тодорхой юм. Жинхэнэ ажил хийж байгаа аж ахуйн нэгжид нь тендерийн үнийн дүнгийнх нь 70 хувь л очдог гэх цуу яриа үнэн ажээ. Аль хэдийнээ ашгаа хүртчихсэн “том компани”-ийн “дам гүйцэтгэгч” нь өөрөө ашиг олохын тулд чанаргүй материал, бүтээгдэхүүн ашиглах, хийх ёстой ажлаа дутуу дулимаг гүйцэтгэх нь элбэг. Ийнхүү нэг талаас эцсийн хэрэглэгч болох иргэд хохирч, нөгөө талаас төрийн байгууллагуудын хариуцлага алдагдан улс орны хөгжилд саад тотгор болсоор байна. Эцсийн дүндээ, ийм их хэмжээний “алдагдлыг” татвараа төлж буй энгийн иргэд үүрч байгаа юм.

Захиалагч байгууллага гэрээний дагуу хяналтаа тавих ёстой гэдэг ч, өөрийн буруутай үйл ажиллагаагаа өөрөө хянах тогтолцоо нь ямагт хариуцлагаас зугтаах, бултах буруу хандлагаар дамжин хэрэгждэг. Харин хэрэглэгчийн төлөөлөл буюу хөндлөнгийн оролцоо бүхий, мэргэшсэн баг гүйцэтгэгчийн хийсэн ажлыг хянадаг байх “эцсийн хэрэглэгчийн хяналт”-ыг үгүй хийх хэнд ашигтайг энд бичих нь илүүц биз.

Засгийн газрын худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх үндсэн зарчмын хэрэгжилтийг хангах үүднээс захиалагчийн үйл ажиллагаа, гэрээний үүргийн биелэлт, чанарт явцын болон гүйцэтгэлийн хяналт, шинжилгээ, аудитыг засгийн газрын бус, хөндлөнгийн байгууллага хийж гүйцэтгэн, гэрээний үр дүнд суурилсан төлбөр төлөх механизмыг “зөвхөн эцсийн хэрэглэгчийн сэтгэл ханамж, хяналт дор” шийддэг болсон тохиолдолд энэ хууль үүргээ бүрэн биелүүлж чадах билээ

ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen