М.УЯНСҮХ "АЛТАН ХУДАГ" ӨГҮҮЛЛЭГ
Хархираагийн цаст өндөр уулсын бэл дэрлэсэн Арсайн суурингийн шар дэрстэй эл хуль хөндийд торойн байдаг хөх үнс шиг хүйт даасан хуучин чулуун байшинд суурингийн сахиул Пубаа өвгөн сууна. Суурингийн намхан чулуун хашлагатай бяцхан худгийг хүмүүс “Алтан худаг” гэцгээнэ. Айлууд хавар нүүхдээ Арсайн сууринд орхисон эд юмсаа авахаар намар, намарт унаа хөсөгтэй ирцгээхэд эл хульхан сууринд хөл ихсэнэ. Жилийн жилд давтагдах Арсайн суурингийн намрын зураглал ийм бөлгөө. Тэгж ирэхдээ хүмүүс Пубаад айраг цэгээ дөхүүлцгээж, суурингийн тоостой хуучин пингээсээ өмсөхөө больсон хувцас хунар, хэлтгий сав суулга мэтэс илүүчилнэ. Тэр болгоныг Пубаа зулайдаа адислаж хүртэнэ.
Пубаа хааш, хаашаа дөрвөн алхам навтгар тагз болсон хөх чулуун байшин шигээ өнгө дарж гандсан хуучин бүрх малгайтай насыг барж яваа хүн. Байшингийн дээврийг зузаан хар цаасаар хучиж, шар шороогоор давхар өнгөлжээ. Зүймэл шургааг дээвэр дээр нь лууль, шарилж ургасан нь чулуун амбаарыг хуучин балгас шиг харагдуулна. Байшин дотор гудас давхарлаж дэвссэн Пубаагийн газар ор, хананд шахаж тавьсан намхан модон эргэнэг, тогоо шанага, будаг нь халцарсан жайжгий модон хаалганы баруун гарын буланд төмөр торх тайран гагнаж хийсэн пөмбөгөр тагтай дугуй пийшин бий.
Пийшингийн хоолойд угласан хоёр залгаа төмөр яндан хавтгай дээврийн нүхээр хазгайдуу цухуйна. Пубаагийн байшинд шалны оронд жигд дэвссэн нуугимал шаргал өтөг дагтаршиж гялтайгаад шахмал хавтан шиг харагддагсан. Цонх гэж дөрвөлжин нүх. Хүйтэнд тэр нүхийг хавтгай модоор Пубаа тагладаг байлаа.
Арсайн суурингийн байнгын хэдэн айлын нэргүй зарц нь Пубаа. Эрт цагт, аян дайны үед цэргийн хүнсэнд зориулан амуу будаа тариалахаар байгуулсан энэ суурин нэгэн цагт хөл ихтэй байсан нь лавтай. Харин одоо бол эл хульхан... Хөх тариа, үстэй арвай тариалахаар харь холоос дайчилж ирүүлсэн суурин газрын олзны иргэдийн хөлс шингэсэн тариалангийн таригууд эдүгээ оромгүй шахам эдгэж, ганц нэг суваг шуудууны татаал зурвас үлдсэн төдий. Улирсан он жилүүдийн уртад Арсайн суурин хуучин туурь, оноосон нэр хоёроо л авч үлдэж.
Пубаагийн ээж гэж өндөр хянган хамар, хөнхөр гүн хөх нүдтэй, биерхүү янхигар эмгэн Арсайн сууринг насаараа сахисаар өөд болсон гэдэг. Пубаад ээжээс нь өвлүүлсэн юм шиг үлдсэн цорын ганц өмч гэвэл “Алтан худаг” билээ.
Нарийн цагаан шороогоор зүлгэчихсэн юм шиг ширнийх нь хээ мөлийж, зулаг нь элэгдсэн ээтэн гутал жайжийлган жийж, заамны шилбэ дутуу саламдаг хүрэн дээлээр гангарсан Пубаа гандмал хөх бүрхээ ар шил рүүгээ дарж өмсчихөөд хавар, намарт дайрч өнгөрөх нүүдэлчдийг Арсайн суурингийн ганц эзэн нь мэт угтаж үддэг сэн. Тэр үрчгэр өвгөн бас ээж шигээ өндөр хянган хамар, хөнхөр гүн хөх нүдтэй хүн байж билээ.
Би хүүхэд байхдаа цор цорхийсэн хөгшин үгтэй, хэнхэг нь дэндсэн жинхэнэ “аавын цээж” байлаа. Намайг аав “Насны танагаа барж явахад олдсон ганц юм чинь арга байж уу. Над шиг дүлэгнэсэн цээл амьтан болчихгүй л бол бусад нь дүүрчээ, дүүрч” гээд томчуулын зэм гүйсэн харцнаас өмөөрөн хаацайлдагсан. Би ч томчуул муухай харвал өөдөөс нь адрахад бэлэн. Тэглээ ч аав дуугүй л мушийна. Аав маань хэл, шил хоёр нь зэрэг татчихсан юм шиг төрөлхийн дуугүй хүн. Нэг удаа би Пубаагаас:
-Таны худгийн юу нь алтан юм бэ?-гэхэд Пубаа:
-Тэр чигээрээ алтан худаг даа!
-Хэ, цэс. Алтан байхдаа яахав. Өгөр царайны л юм байна даг гэхэд Пубаа сандарч:
-Цөг гэм. Алтан байлгүй яахав. Алт, алт...
-Хэн тэгж байгаа юм бэ? гэхэд Пубаа дээшээ заав. Худагт нэр өгсөн хүн тэнгэрт байгаа бололтой.
Тэгэхээр нь би:
-Танд хэн Пубаа гэж нэр өгсөн юм бэ?
Тэр хариулсангүй. Уг нь түүнийг Пунагнэрэн гэдэг. Харин би Пубаа гэж л мэднэ. Намар болгон аавыгаа дагаж би Арсайн суурин орохдоо сав л хийвэл Пубааг сандаргаж дэггүйтдэг байлаа. Модон тагтай худаг руу нь хуурай шар шороо атгаж хийхэд тэр сандарч, сүйд майд болно. Түүний уулгалан сандрахыг харах нь миний ганц бах байв. Мөн ч олон удаа би Пубаагийн “Алтан худаг” руу шар шороо хийсэн дээ. Арсайн суурингийн шороо нь нурам шиг нарийн ширхэгтэй хуурай шар шороо. Тэр шороог хүртэл Пубаа тунгаагдсан шижир гэдэг сэн! Дөрвөн цаг даган нүүдэг зэлүүд нутагт бол Арсайн суурин яах аргагүй л суурин хөлийн төрхтэй.
Худаг руу нь шороо хийж байгаад Пубаад хөөгдөхөөрөө би холхон очоод:
-Наадах чинь алтан худаг мөн юм бол тунгаагдсан шижрээр дүүргэчихэд юу нь болохгүй байна аа гэхэд Пубаа байж ядталаа уурлана.
-Юм гэдэг чинь учиртай байдаг юм. Алтан саванд байгаа чандмань эрдэнийг шижрээр дарчихвал юу болох вэ? Муу гээдэн толгойт оо!- гэж над руу бавтнан, чичилж хашгичсан тэр л хөөрхий дүр миний санаанд тод үлдэж.
-“Алтан худаг” гэнэ шүү. Шороо тунасан, эрхийн чинээ булингарт хар чийгийг. Модон таг нь хүртэл ялбийж далбийгаад. Том болж байгаад би наад худгийг чинь зөндөө шар шороогоор дарж булах юм хуна. Тэгээд чиний яахыг үзнэ дээ. За юу, Пубаа?! ...Пубаа юу ч хэлж чадахгүй болж, ам нь хий ангалзана. Бид хоёр гэж тийм л хоёр амьтан байв даа. Ээж шигээ нэг насаараа Арсайн сууринг сахисаар Пубаа тэндээ өөд болсон юм. Түүний үхэл тун амгалан байж. Пубаа амьсгал хураахын өмнө насаараа нандигнан сахисан “Алтан худаг”-ийнхаа уснаас хүнээр авчруулж, зэс аяганд мэлтэлзсэн цэхэр уснаас дөнгөж амсаад:
-Миний ус уух тоо гүйцжээ!-гэж шивнэсэн гэдэг.
Би аавынхаа ганц амь байсан шиг Пубаа бас ээжийнхээ ганц хүү нь байсан юм. Пубаагийн ээжийн тухай одоо хэн ч, юу ч мэдэхгүй. Харин түүний ганц хүүтэйгээ сахин хамгаалсан эрдэнэ мэт “Алтан худаг” нь одоо ч хэвээрээ. Амсар хашсан намхан хашлаганаас нь ширхэг хөх чулуу мултарсангүй. Шавартай модон таг нь элэгдсэн ч дахиад зуун жилийг өлхөн тэсэхтэйгээ. Пубаагийн хөх чулуун хуучин байшин нь хаалгагүй, дээвэргүй болсон болохоос бас л хэвээрээ.
Пубаагийн ээж усанд тун харам хүн байж. Балга төдийхөн усаар нүүрээ угаадаг тэр эмгэн “Алтан худаг”-ийнхаа уснаас нэг том балгаж, балгасан усаа алган дээрээ гоожуулан гараа хальт мөлт үрсэн болоод, нойтон алгаараа нүүрээ нэг сайн шувтарч, дараа нь үс гэзгээ арагш илдэг байжээ. Тэгээд л болох нь тэр. Жилдээ борооны усанд хааяа норж үзэхээс бус, биеэ бүтэн угааж үзээгүй байж мэдэх тэр эмгэн хаа очиж цэмцгэр харагддаг нэгэн байсан тухай өвгөчүүл хуучилдаг сан.
Пубаа ч, ээж нь ч тэр, яагаад тэгтлээ “хар усанд” харам байсныг би олон жилийн хойно, одоо л бүүр түүрхэн л ойлгож байх мэт... Ус чандмань эрдэнэ, усгүй бол үхэл гэж бүгд ярьдаг атлаа бид тэр үнэнээс их л хол хөндий. Хагсуу цөлд ангахдаа л түрхэн зуур ухаарч мэдэх тэр гашуухан үнэнийг хэнхэг нь дэндсэн “аавын цээж” би тэр үед яахан мэдэх билээ!
Олон жилийн хойно би явдал замын зуур Арсайн суурингаар дайрч өнгөрөхдөө тэр бүхнийг нэхэн санаж, хүүхэд насаа дурсахдаа он жилүүд хэчнээн хурдан, амьдрал хэчнээн хоосон болохыг гашуудан мэдрэх шиг болсон юм. Гэвч тэр хоосныг дүүргэж хүмүүн бид амьдардаг нь сайхан юм даа гэж сэтгэлээ тайвшруулсаар буцаж билээ. Яг буцах мөчид хэнхдэг цээж гэнэт бачуурч, би “Пубаа!” гэж “Алтан худаг”-ийн ус оргилтол, Арсайн сайр иржигнэтэл, цаст Хархираа цангинатал дуу хадаан, тэнэж цуурайттал хашхирмаар байсан ч чадсангүй ээ..