“Дотоод үйлдвэрийн оффшор тархи”

“Дотоод үйлдвэрийн оффшор тархи”

 

Замбуулингийн оргил тэргүүн дээр улс Монголын туг далбаа намираагүй байна гэхээр үл барам наана нь бүр ноцтой хэрэг явдал болоод байна. Юу тэр вэ гэвэл, их сэтгэгч, эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн гуайн бичсэн "Хоёр цагаан юм” өгүүллэгт гардаг шиг нэн эмгэнэлтэй адал явдал энэхүү XXI зууны Монголд тохиолджээ. Улс төр-эдийн засгийн хямрал хэмээх хүмүний алаг хорвоогийн өндөр цавчим хавцлын ёроолд хоёр сүртэй юм уначихжээ. Нэг нь Монгол Улс. Нөгөө нь УИХ. Мөнөөх өгүүллэгт гардагчлан мориныхоо тархи толгой руу ташуураараа балбаж хашраасан эзэнтэй адил нь Улсын Их Хурал. Ташуур хөдөлгөх төдийд дальдчин өндөр хясаа руу хальт гишгэн нисч унадаг нь хөөрхий Монгол Улс. Монгол шиг иймэрхүү парламентын засаглал бүхий улс гүрэн дэлхийн дөнгүүр хөгжилтэй гэх улс орны дотор нэгээхэн ч байдаггүй нь цаагуураа нэг юм хэлээд байна. Түүгээр зогсохгүй өнөөгийн НҮБ-ын гишүүн 194 орны дотор манайх шиг ийм засаглалтай улс байдаггүй гэсэн таамаг яриа байна. Бодвоос, энэ мэт баримт сэлт нь "Танай улс бусдын адил хөгжье гэж хүсч байгаа нь үнэн аваас парламентын гэх энэ хариуцлагагүй засаглалаа өөрчилбөл сая өөдлөн дэвжихийн өлзий учрал бүрдэнэ” хэмээн зөвлөөд байх шиг. Өөрөөр хэлбэл парламентын засаглал гэдэг нь хоёр нүүртэй, хаврын тэнгэр шиг тогтворгүй засаглал мөн гэж хэлээд байна. Наанаас нь харвал төр түмнээ гэж байдгаараа хөөрхийлж инээд алдсан сайхан царайтай, цаагуур нь тойрч ажвал хувиа хичээж, довоо шарлуулсан аминч атгаг бодолтой тиймэрхүү нэгэн засаглал мөн нь харагдана. "Хэцүү, хэцүү, хамгийн хэцүү нь парламентын засаглал шүү” гэж ийм засаглалын аюулыг амсч хашраад Үндсэн хуулиа өөрчлөн байж Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын бүрэн эрхт засаглал тогтоож, улс орноо хар толгойгоороо хариуцах эзэнтэй болгосноор сая зовлонгоо нимгэлж, зовлогоо амраасан олон улсын туршлага сануулж байх шиг байна.

 

 

Өнөөдрийн гучин настныг хүүхдийн цэцэрлэгт "Маамуу нааш ир”-ийгээ шулганалдан дуулж байх үед буюу одоогоос хорин таван жилийн тэртээ Монголын анхны ардчилагч ах эгч нар нь "Засаг төрөө 76 мэргэн түшээгээр жолоодуулснаар ганц удирдагчтай бусад улсаас бараг л далан зургаа дахин хурд, хүчтэй түрүүлэн хөгжих юм” гэж хөнгөн гоомой шийдсэн нь эдүгээ харахад хавийн улс түмнээс ичиж зовмоор, бас харуусмаар алдаа завхрал болсон байжээ. Хууль ёсны баримтаар нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг эш татаж үзэхэд аяндаа ойлгомжтой харагдана. Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн хорьдугаар зүйлийн эхэнд ”Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэжээ. Асар хүнд хоёр үүрэг даалгаврыг УИХ-д давхарлан ачаалжээ. Парламент бол аль ч улсын тухайд хууль тогтоодог дээд байгууллага байдгийг манайхан сайн мэднэ. Өмнө нь ч манайх тийм л байсан.Тэгэхлээр хууль тогтоох засаглалын тухайд зовох юм байхгүй. Харин парламент нь төрийн эрх барих дээд байгууллага болж байх тухайд бол бидний монголчууд байтугай, манай гариг дэлхийн бүх улс түмэн мэдэхгүй байсан, эдүгээ ч ойлгохгүй хэвээрээ л байна. Холион бантан хутгасан олон зүйл энэ хавиас л булаг мэт ундарч байгаа юм. Жишээлбэл, "Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн заалт байхаас гадна "УИХ-ын аливаа шийдвэрт ерөнхийлөгч хориг тавих эрхтэй” гэсэн байгаа зэргийг харгалзан ажихад Ерөнхийлөгч гэдэг нэгэн хүмүн нь хаашаа ч бултах газаргүй төрийн дээд эрхийг барьдаг удирдагч хүн мөн болж таараад байдаг юм. Тэгсэн мөртлөө түүний тавьсан мөнөөх хоригийг УИХ хүлээн авахгүй байх эрхтэйгээр хуульчилсан байдгийг анзаарвал Ерөнхийлөгч нь жижгэрээд, УИХ нь томроод явчихаж байна. УИХ нь тус улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох, тэр байтугай огцруулах эрхтэй гэсэн заалтаар жишиж үзвэл Ерөнхийлөгч хэмээх албан тушаал нь зардлын гарз гэмээр бүр шалчийчихдаг байгаа юм. Ялангуяа "Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна” гэсэн заалт олны анхааралд гойд өртдөг байгаа юм. Энэ заалтаас харахад УИХ нь үнэхээр төрийн дээд эрхийг барьдаг удирдагч мөн нь үнэн юм бол Ерөнхийлөгчийг дуудаж авчраад илтгэлийг нь сонсоод, зад загнаад, албан ёсоор хариуцлага тооцож, тодорхой үүрэг даалгавар өгөөд явуулдаг, хойноос нь байнга хяналт тавьдаг байж болмоор зохицуулалт энд албан ёсоор сууж байдаг. Тэгтэл түүнийг хэрэгжүүлэх шаардлагатай чухал цаг үе олонтаа тохиолдож байсан боловч хэрэгжүүлсэн удаа өнгөрсөн хорин таван жилд нэгээхэн ч байгаагүйг сонгогчид мэднэ. Монгол Улсын төрийн хэргийг төмөр чөдөр мэт гацааж байдаг наад захын баримт гэхэд нэг иймэрхүү. Дээр дурдсан, хоорондоо эрс зөрчилдсөн зүйл заалтаас харахад Ерөнхийлөгч, парламент хоёрын аль нь том, аль нь дээд талын удирдагч болж байна вэ гэдэг нь над шиг өмнөх үеийн өвөө, эмээ нарт ойлгогдохгүй мангартуулаад байна. Чухам аль нь Монгол Улсын хувь заяаг эцэслэн хариуцах эзэн болж хариуцлага хүлээх үүрэгтэй вэ гэдгийг ялгаж хэлээд өгөх Үндсэн хуулийн зүйл заалт манайд одоогоор байхгүй байна. Өнгөрсөн он жилүүдийн сайн, саар олон зүйлийг нэгтгэн харж байхад төрийн түшээдийн 76 тархи толгой гэгч нэгэн биеэрээ хариуцлага хүлээсэн эзэн хүнийх шиг сэтгэж шийднэ гэж барагтайд үгүй юм шиг байна. Төр нь нэг мөр сэтгэх оюун тархигүй мэт болсон гэсэн үг. Тэдгээр эрхмийн 76 зүрх, сэтгэл гэдэг ухаант ганц удирдагчийн сэтгэл шиг өргөн түмнийг нэгэн зэрэг өр нимгэн нигүүлсэнэ гэж бас үгүй ажээ. Төр нь түмнийг хайрлан энэрэх нинжин сэтгэлгүй мэт болдог гэсэн үг мөн биз. Чингээд л улс нийгэм даяар гал ус харшилдаж, өш хонзон тэрсэлдэж үндэсний эв нэгдэл үнс мэт хийсэн замхардаг учиртай байна.

 

Хамгийн ёозгүй нь гэвэл, УИХ-ын гишүүд танхимд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй хэмээн өөрсдийнхөө бусармаг зан суртахууныг хууль ёсоор дархалчихаад бусдыгаа хэл амаар доромжлох, бүдүүлэг үг хараал хэлэх, алив чухал асуудлыг намчирхаж үгүйсгэх зэрэг башир дээрэнгүй ааш араншингаар эгэл олныг буруу тийш нь дарвиулан үйсрүүлж, өөр хооронд нь эвдрэлцүүлж байна. Мөн биз. Ийм л маягийн өш хонзон, эвдрэлцээн зөрчилдөөн нь миний хувийн бодлоор бол шинэ Монголын шилэн данс мөн шиг байна. Тухайлбал юуны өмнө хүмүүсийн амьдралд төлөвшиж байсан эв нэгдэлтэй, хамтач, нөхөрсөг үзэл санааг цуцалж, хувийн өмч, хүний эрхийг бурханчлан шүтдэг Үндсэн хуулийн үзэл санаа нэгэнт хэлбэршин тогтсон нь энэхүү шилэн дансны чанадаас гэрэлтэн байна. Нөгөө талаар парламентын засаглал бүхий төрийн эрх мэдэл нь ашиг сонирхлоороо хуваагдан өөр хоорондоо өсөрхөн тэмцэлдэгч улс төрийн нам, бүлэглэлийн атганд бүрмөсөн орсныг бас харж болж байна. Цаашлаад тус улс Ерөнхийлөгчийн засаглалын үзэл санаагаар жирэмслээд, одоо хүчтэй дуншиж байгаа нь харагдаж байна.

 

Улам цааш нь харвал, алдарт Гималайн нурууны Жомлунгма хайрхан гэх ноён оргил өөд авирч бүхий уулчдын багийн хэн нэг нь хальт үсрэн гулсахдаа бусдыгаа чирэн нийтээр сүйрдгийн нэгэн адил хөгжлийн оргилд авирах гэсэн Монголын удирдлагын багийн нам, бүлгүүд хоорондоо арсалдан тэмцэлдсэний балгаар хамтдаа хөл алдан халтирч, хямралын хавцал руу онхолдон унаж байгаа нь бас харагдаж байна. Монгол Улс тийнхүү өөрөө ойчжээ. Монгол Улс эв нэгдэлгүйгээсээ болж өөрөө өөрийгөө өеөдүүлэн унагав. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм чинь яалтай билээ.

 

Эцэст нь, "дотоод үйлдвэр”- ийн оффшор тархи төрсөн үйл явц энэхүү шилний чандаас нэвт харагдаж байна. Энэ тухай бага зэрэг тодосгон өгүүлье. Үнэнийг хэлэхэд би гэдэг хүн гүдэс мангуу нэгэн юмаа. Аливаа улс гүрэн түүний дотор Монгол Улс нь амьдын хорвоогийн нэгэн өвөрмөц бие цогцос мөн байдгийг зүйрлэн ухаарах сөхөөгүй өнөөдрийг хүрсэн байх юм. Улс нийгэм тэгэхээр амьд амьтан лугаа адил өөртөө тохирсон бодисын солилцоотой, түүнийгээ тэжээн тэтгэдэг дотоод амьсгалын тогтолцоо бүхий байдгийг бас мэдсэнгүй, өдий олон жилийг ажин түжин ардаа орхижээ. Улс хэмээх эл үлэмж биет нийгмийн амьтны амьсгалдаг агаар нь төрийн татвар, гаргадаг амьсгаа нь цалин хөлс мөн байдгийг ойлгохгүй явсан минь нэн хөөрхийлөлтэй ээ.

 

Татвар, цалин хоёр нь, Монгол Улсыг өргөө цагаан гэр минь гэвэл хос хоёр багана, өнчин алаг зүрх минь гэвэл артер, венийн хоёр судас, унаа тээврийн тэрэг гэвэл ижил хоёр дугуй, уулын хүрэн бүргэд гэвэл хүчирхэг хоёр жигүүр нь болж байдаг учиртайг бид нийтээрээ нэг л сайн ухаарч мэдэхгүй явснаар баахан цаг алджээ.

 

Татвар, цалин хоёр нь олон улсын тэргүүлэх жишигт нийцэж тохирсон цагт л өргөө гэр, өнчин зүрх, хөсөг тэрэг, хүрэн бүргэдийн аль нь ч байлаа гэсэн ялгаагүй, жам ёсоороо байж байдаг учиртай юмсанж. Тэгтэл дутуу мөчид ухаарлын харгайгаар нэг л мэдэхэд баганагүй гэр, судасгүй зүрх, дугуйгүй тэрэг, далавчгүй бүргэд, хөлгүй хүн мэт болоход тун их ойртсоныг одоо ч сэхээрч чадаагүй байна. Тэр тухайд сэтгэл чилээхийн оронд гадаадын хөрөнгө оруулалт, долларын интервенц, хөнгөлөлттэй өр зээлийг шүтэн биширч, түүнд сунан мөргөж, сөхрөн залбирч байна. Улс орон бүхэн өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг нийгмийн зайлшгүй зүй тогтолтой байдгийг бодолцон улс орноо томоохон хүрээгээр нь харвал өнөөгийн Монгол Улс нь "ихээхэн хүнд хэлбэрийн багтраа өвчнөөр” өвчлөөд арга ядахдаа өр зээл гэх хиймэл амьсгалын хэрэгслээр амиа торгоож байна. Энэ бол эмчилгээгүй өвчин биш. Амархан анагааж болно. Улс нийгмийн амьсгалын дотоод тогтолцооны амьсгаа авах, гаргах хоёр тал болсон төрийн татвар ба цалин хөлсийг зохистой төвшинд хүргээд орхивол улсын маань бодисын солилцоо аяндаа жигдрэн, түр ухаан балартсан үлгэр домгийн баатар шиг сэвхийгээд босоод л ирнэ. Татварыг аж ахуйн нэгжийн бүх орлогоос нь бус зөвхөн татвар ногдох орлого гэх нэртэй ашгаас нь голдуу татдаг болохоор татвар нэмсний төлөөсөнд дампуурна, үүд хаалгаа барина гэх явдал бараг байхгүй гэсэн үг мэргэжилтэн нөхдийн амнаас удаа дараа унаж байна.

 

Бас ажил үйлчилгээний түгжрээ тавигдаж гүйлгээ сайжирч, ашиг орлого нь нэмэгдэнэ гэж эдийн засагчид ярьцгааж байна. Харамсалтай нь, татвар ба цалинг энэ талаас нь ойлгох удирдагч, асуудлыг тийнхүү шийдэх төр засаг эдүгээ цагийн Монгол Улсад үндсэндээ байхгүй нь. Төрийн татварыг хөнгөлөх, өршөөх гэсэн бүхнийг бурхан шүтээн, харин татвар цэгцлэх, хариуцлага чангатгах гэсэн бүхнийг буг чөтгөр хэмээн үздэг үзэл санаа ийм л замаар манай нийгмийн дээд оюун ухаан, төрийн ёс суртахуун болон төлөвшсөн байна. Энэ цагийн Монголд "дотоод үйлдвэрийн оффшор тархи” үүсч хөгжсөн үнэн түүх гэвэл товчхондоо ийм.

 

Гарт баригдаж, нүдэнд үзэгддэггүй "дотоод үйлдвэрийн оффшор тархи” одоо тэнгэрийн оронд тэнгэр, бурхны оронд бурхан, төрийн оронд төр, цаазын оронд цааз болон улс нийгмийн тархин дээр заларчээ. Төрийн түшээдийн бодлогыг тэд л залуурдана. Засгийн сайдын суудлыг тэд мэднэ. Төсвийн орлогыг тэд л танана. Төгрөгийн ханшийг тэд л унагаана. Зээлийн өрийг тэд л үржүүлнэ. Түмний ходоодыг тэд л сэгсэрнэ. Далд эдийн засгийг тэд л хөөсрүүлнэ.

 

Оффшор гэдэг нь төрийн татвараас зугтаадаг "оргодол” орлогыг нэрлэдэг харь хэлний үг юм байна. Дотоод үйлдвэрийн оффшортой утга дүйлгэн харьцуулж болох бодит амьдралын жишээ нь юу байхсан билээ хэмээвэл бага татвар, бага төсөв, их өр зээл болж таардаг байна. Тэр бас бага цалин, их авилга болж таардаг байна. Тэр бас бага татвар, бага орлого, их ядуурал болж таардаг байна. Тэр бас бага татвар, бага үнэн, их залилан болж таардаг байна. Тэр тэгэхээр улс гүрнийг янаглан хорлогч инээдэг дайсан байх нь ээ.Тэгсэн байтал түүнд дургүй хүн Монголд даанч байхгүй аж. Дотоод үйлдвэрийн оффшорт цугаараа "нугасгүй” дуртай бас элэг зүрхнээсээ хайртай.

 

Тамын амьтад тамдаа жаргалтай гэж ийм л байдаг юм байж! Энэчлэнгийн олон давхар гацаанаас гарахын тулд юуны өмнө Үндсэн хуульд шинэчлэлт хийх санаачилгыг гартаа авч, ажилдаа орсон Ардын намын удирдагчдад талархахын ялдамд үүний өмнө бичсэн "Төрөө хувьчилж түмнээ аваръя” нийтлэлийг эссе болгон тодруулахад ийм байна.

 

Х.ЦЭВЛЭЭ
/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen