Таксины жолооч залуу найз

Таксины жолооч залуу найз

 

Дугаарын хязгаарлалттай өдөр таксигаар явдаг, очих газар ойрхон бол явган алхдаг гэх маягийн яриаг арваад жилийн өмнө бол хүмүүс ойлгож ядах байх даа. Юм хурдан өөрчлөгдөх юм оо.
Саяхан таксидлаа. Зарим таксины жолоочтой яриа өрнүүлнэ ээ. Жолооч үйлчлүүлэгч хоёр улс төр ярьж байгаад зодолдсон гэсэн шүү, та минь болгоомжтой байгаарай.
За тэгээд залуу жолоочтой яриа өрнүүлэв ээ. Жолооч эхэлж яриа өдлөө, "таныг их харсан хүн байна" л гэж байна. Намайг танихгүй байсанд би "гомдох" маягтай.
Таксины залуу жолооч ярьж байна аа. Солонгост ажиллаж байгаа, Монголд түр ирээд байгаа гэнэ. Нэлээн зөв залуу санагдав. Усан онгоцны зангуу буулгадаг ажил хийдэг гэнэ. Зангуу буулгана гэдэг нь хар хүчээрээ хийх ажил биш, компьютерээр хянаж явуулдаг ажил юм байна. Цалин өндөр, бас хариуцлагатай ажил гэнэ. Солонгос дарга нар нь "энэ монголд итгэж болно, солонгосчуудаас илүү цаг барьдаг, сэтгэлээрээ ажилладаг" гэж магтдаг гэнэ. Ийм магтаал сонсохоороо бүр л илүү сайн ажилламаар санагддаг гэж ярьж байна, жолооч найз маань. Бас болоогүй, Хятад Пакистан гээд дөрвөн ч хүнийг удирддаг юм байна. Цаг нарийн баримтлах, анхаарал болгоомж их шаардсан ажил учир ядардаг ч энэ ажилдаа их дуртай гэнэ. Солонгост сэтгэлээр унах тохиолдол гарч байв уу, гэж намайг асуухад, "байсаан, Солонгос дарга нартайгаа өөр нэг компанид очсон чинь тэр компанийнхан хоорондоо "маргаашнаас хэдэн монгол ирнэ, монголчууд их хулгайч, тэднээс болгоомжлоорой" гэж ярилцаж байхыг сонссон. Тэр орой унтаж чадаагүй, би эмээтэйгээ өссөн, эмээ маань сайн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гээд л их юм ярьж өгдөг байж билээ" гэв.
Таксины жолооч найз маань эхнэр хүүхдээ санаад нутагтаа түр ирээд байгаа юм байна. Арван жилийн найз нартайгаа уулзаж нэгэн үдшийг хамт өнгөрөөжээ, залуус пиво энэ тэр ууж, жаахан наргисан юм байх аа. Ангийнх нь андууд "чи минь яаж яваад ийм хар ажил хийдэг болов оо" гээд л, "би Оюу толгойд ийм тийм бараа нийлүүлэх гэж байгаа, энэ тэр намын танилуудтайгаа нийлж байгаад Таван толгойд шургалчихвал ч" гэх маягийн юм ярьцгааж байна, гэнэ ээ. Тэгээд л, найз маань "би юм юмнаас л хоцроод байгаа юм байх даа, за яахав, эхнэр охин хоёроо бодож байхад амьдрал болох байлгүй дээ" хэмээн өөрийгөө тайвшруулж. Тэгсэн чинь маргааш нь нөгөө ангийн "мундаг" найзууд нь нэг нэгээрээ утасдаад л, уулзая, найздаа мөнгө зээлдээч, шараа тайлья, энэ новшийн амьдралаас уйдаж байна, ер нь чи зөв явж байна шүү, цаадуул чинь худлаа дөө худлаа, гээд л бөөн гомдол болж, зарим нь утасны цаанаас бараг луйлж байх юм гэнэ.
Солонгос руу буцатлаа хэд хоног охиноо сургуульд нь хүргэж өгөнгөө таксинд явж байгаа юм байна, гэтэл охин нь "хүүхдүүд танай аав чинь таксины жолооч гээд шоолоод байна, та сургууль руу битгий ойрхон ирээрэй" гэж байна гэнэ. Найз маань гайхаад л "би ер нь нэг л хоцрогдоод байгаа юм байх даа" гэж бодож.
За тэгээд, удахгүй Солонгос руу буцаж ажил хийж хэдэн цаас хуримтлуулна гэнэ, охиныхоо сургуулийн төлбөрийг аль хэдийнэ хуримтлуулчихсан гэнэ, Солонгост дарга нар нь хүлээж байгаа гэнэ. Намайг зорисон газарт минь хүргэж өгөөд км цагийг тооцоод илүү ч үгүй дутуу ч үгүй төлбөрөө авчихаад, сайн сууж байгаарай, ах аа гээд, таксигаа хөлөглөн яваад өглөө.
Би бодлоо, ер нь хүн зөв байгаад, ажил гололгүй зүтгээд байвал, сайхан амьдрал хаана ч байдаг, гэтэл манайд одоо Оюу толгойгүй бол, Таван толгойгүй бол, 5 тэрбум доллар зээлдэхгүй бол үхчих гээд л байгаа юм яриад байх юм. Тэр өдөр миний сэтгэл санаа их сайхан байсан, ийм залуус Монголд олон байгаасай гэж үнэн санаанаасаа бодож билээ. Тэр залуу олимпийн аварга биш, Кембриж төгсөөгүй, доктор профессор биш, ямар нэгэн нам холбоо эвслийн гишүүн биш, тэр залуу бол эхнэр охиндоо хайртай жирийн л нэг таксины жолооч. Түүнд аз жаргалыг хүсэн ерөөе.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen