Эрт илрүүлэгт 18-30 насныхны 10.6 хувь нь хамрагджээ
Залуучуудын эрүүл мэндийн асуудал уулзалт, хэлэлцүүлгийг Эрүүл мэндийн яаманд өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Залуучуудын дунд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг тодорхойлж, бодлогын баримт бичиг боловсруулах хүрээнд хэлэлцүүлгийг өрнүүлжээ. Тус яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан “Улсын хэмжээнд зохион байгуулсан эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 18-30 насны залуучуудын 10.6 хувь нь хамрагдсан нь хангалтгүй үзүүлэлт. Эрт илрүүлгээр 78 мянган өвчлөл, хорт хавдрын 131 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Залуусын 73.7 хувь нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй, ердөө 4.1 хувь нь л эрсдэлгүй буюу эрүүл гэсэн үзүүлэлттэй байна. Архи, тамхины хэрэглээ 25-34 насны залуусын дунд хамгийн өндөр буюу 42-44 хувьтай. Өдөрт дунджаар 15 ширхэг, жилд 5475 янжуур татдаг гэсэн судалгаа гарсан. 15-34 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаанд осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралт 68 хувийг, амьсгал, хоол боловсруулах тогтолцооны өвчин, хавдар, зүрх, судасны өвчин дараагийн байрт орж байна” гэв.
СЭМҮТ-ийн дэд захирал Н.Алтанзул “Сүүлийн жилүүдэд сэтгэл гутрал, нойрны асуудал, архаг ядаргаа, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь, архи, тамхи, мансуурал, мөрийтэй тоглоом гээд маш олон асуудал сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой үүсэж байна. Олон улсын судалгааг харахад сэтгэцийн эмгэгт залуучууд хамгийн их өртөж байна. Өөрөөр хэлбэл, 40-өөс доош насныхан сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд их ордог. Монголд хийгдсэн судалгаануудад ч залуучууд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ихтэй, амиа хорлолт өндөр” гэв.
Мөн бэлгийн замаар дамжих халдварын нийт тохиолдлын 40 хувийг 29 хүртэлх насны залуучуудын өвчлөл эзэлж буй юм. 2024 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 30 гаруй төрлийн халдварт өвчний 32.6 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлжээ.