Иргэд “таньдаг”-аар нь сайжруулсан шахмал түлшийг илүүд үзэж байна
Сонгинохайрхан дүүргийн Х хороо, 41 дүгээр цэгт хагас коксон шахмал түлш буулгаж буй нь.
“Улаанбаатар хотод энэ сарын 9-нөөс эхлэн нүүрс борлуулах гэрээт 400 цэгээр дамжуулан хагас коксон шахмал түлшийг худалдаалж эхэллээ” гэсэн албаны мэдээ хаа сайгүй хөвөрч байна. Гэхдээ өмнөх жилийн үлдэгдэл сайжруулсан шахмал түлшийг дээрх цэгүүдээр давхар борлуулж байгааг хэлэх хэрэгтэй. Үгүй бол юу юугүй цас орж, хүйтний улирал эхэлсэн энэ үед БНХАУ-аас оруулж ирж буй хагас коксон түлшний нийлүүлэлт хангалтгүй, хүрэлцээгүй байгаагаас үүдэн нийслэлчүүд осгож мэднэ. Нийт 23 агуулахад 35 мянган тонн хагас коксон түлшний нөөц бүрдүүлсэн гэх бөгөөд борлуулалтын цэгүүдэд өдөр бүр таван тонн буюу 200 шуудай нүүрс түгээж буй гэнэ. Хагас коксон түлшийг 25 кг-аар савлаж, нэг шуудайг нь 5000 төгрөгөөр борлуулж байна.
Хэрэглэгчид “Хотула” аппликэйшн, “Сайн” карт, эсвэл иргэний үнэмлэхийнхээ QR кодыг ашиглан түлшээ худалдан авах боломжтой. Гэвч түлш борлуулах гэрээт цэг харьцангуй цөөн тул иргэдийн олонх нь гэрээсээ 2-3 километрийн алсааснүүрсээ авдаг тухайгаа хэлж байна. Мөн зарим байршлын түлш борлуулах цэг эрээд олддоггүй, хайсаар очиход нь дуусчихсан байдгаас гадна хэзээ, хаанаасавахталаар тодорхой мэдээлэл үгүйаж. Иймд бид хагас коксон нүүрсний чанар, хэрэглэгчдэд тулгамдаж буй асуудлуудыг тодруулахаар Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүргийг зорилоо.
“СҮҮЛИЙН 4-5 ХОНОГ ХАГАС КОКСОН НҮҮРС АВАХ ГЭСЭН Ч ОЛДООГҮЙ”
Бид Чингэлтэй дүүргийн 20 дугаар хорооны нутагт буюу олны хэлж заншсанаар Зурагтын эцэс орчимд байрлах түлш борлуулах гэрээт Б-92 дугаар цэгийг өнгөрсөн лхагва гарагт зорин очсон юм. Биднийг очихоос 20 орчим минутын өмнө хагас коксон түлш шинээр буусан учир усны тэрэг түрсэн болон автомашинтай 10 гаруй хүн дугаарлан зогсож байв. Тэдний дунд хоёр буудал орчмын зайтай газарт дэлгүүр орохоор зогсож байгаад нүүрс ачсан машин явж байхыг хармагцаа араас нь дагаад ирсэн хүн ч байлаа. Тус дүүргийн 20 дугаар хорооны иргэн Н.Дугарсүрэн “Манайх 149 дүгээр сургуулийн хойно байрладаг. Тойроод 5-6 шахмал түлш борлуулах цэг бий. Гэхдээ би сүүлийн 4-5 хоног түлш авах гэсэн ч олдоогүй. Шинэ түлш буусан даруйд нь хүмүүс өглөө эрт очоод авчихдаг юм билээ. Ялангуяа хүмүүсийн ажил тарах үед буюу 18.00-19.00 цагт ирэхэд хэдийн дуусчихсан байдаг. Тиймээс ажлын өдөр, ажлын цагаар ирж, хагас коксон түлш худалдан авлаа. Манайх давхар шалны халаалттай. Нүүрс олдохгүй үед шалны халаалтаа ашигласан. Гэхдээ цахилгааны төлбөр нэмэгдчихсэн учраас өдрийн туршид халаагуур ашиглах нь өртөг өндөртэй. Тиймээс нүүрс борлуулах цэгүүдийн тоог нэмэгдүүлж, хүмүүст илүү хүртээмжтэй, мэдээллээ тодорхой болгох хэрэгтэй” гэсэн юм.
Сайжруулсан шахмал түлш нь хагас коксоо схямд үнэтэй тул 20 минутын дотор л зарагдаад дуусчихдаг юм байна. Чингэлтэй дүүргийн ХХ хорооны нутагт байрлах Б-92 дугаар цэг
“САЙЖРУУЛСАН ТҮЛШТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ”
Үүний дараа бид Сонгинохайрхан дүүргийн Х хорооны нутагт буюу Баянхошууны эцэст байрлах хагас коксон түлш борлуулах 41 дүгээр цэгт очив. Тэнд мөн л зөвхөн хагас коксон түлш борлуулж байлаа. Эл цэгийн борлуулагч Х.Болормаа “Сайжруулсан болон хагас коксон түлшийг сөөлжиж авчирдаг. Сайжруулсан түлш бол буугаад л 20 минутын дотор дуусчихдаг. Учир нь үнийн хувьд харьцангуй хямд, шуудайг нь 3750 төгрөгөөр борлуулдаг. Тиймээс хүмүүсийн олонх нь сайжруулсан түлш авахыг илүүд үзэж байна. Гэхдээ хагас коксон түлш хөө, тортог багатай юм билээ. Савлагааны хувьд сайжруулсан түлшээ бодвол битүүмж сайтай учраас нүүрс зарж байгаа бидний хувцас болон худалдан авч буй хүмүүсийн автомашины тээшийг бохирдуулахгүй байна” хэмээв.
Тэгвэл тус дүүргийн Х хорооны иргэн Д.Энх-Оюун “Хагас коксон түлшийг хэрэглэж эхлээд тав хонож байна. Асахдаа жаахан удаан. Гэхдээ дулаанаа сайн барьдаг. Мөн нүүрсээ түлсний дараа бөөгнөрөөд үлдчихдэг. Энэ үед нь авч хаяхгүйгээр мод, нүүрсээ нэмээд хийчихвэл бүрэн шатаад дуусчихдаг юм билээ. Сайжруулсан түлштэй харьцуулахад үнс багатай. Өмнө нь нүүрсээ шуудайнаас хутгахад л өөдөөс пургидаг, тортог ихтэй байсан. Харин шинэ түлш харьцангуй тортог багатай санагдсан. Манайх байшинд амьдардаг учраас өглөө болон оройдоо галлахад нэг шуудай нүүрс хэрэглэдэг. Харин үнийн хувьд өндөр санагдсан. Ер нь нэгэнт л утааг бууруулахаар ийм түлш оруулж ирсэн бол сайжруулсан түлштэйгээ ижил үнээр борлуулбал иргэдэд илүү хүртээмжтэй болно шүү дээ. 1250 төгрөгийн зөрүү гэдэг бага юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ долоо хоногоор нь үржүүлбэл 8750 төгрөгийн зөрүү гарна. Бас түлш борлуулах цэгүүдийн байршил хоорондоо зайтай учраас автомашингүй хүмүүс нэг шуудай нүүрсийг 1000 төгрөгөөр зөөлгөдөг” гэлээ.
Улаанбаатар хотод нийт 176 000 өрх галлагаатай амьдарч байна. Хэрвээ нэг өрх сард дунджаар 30 шуудай сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг гэж бодвол нийт 112 500 төгрөг болно. Харин 30 шуудай хагас коксон түлш 150 мянган төгрөгийн үнэтэй аж. Өөрөөр хэлбэл, эдгээрийн зөрүү болох 37 500 төгрөгөөр дахиад 10 ширхэг сайжруулсан түлш авах боломжтой гэсэн үг. Тэгвэл бодит байдалд иргэдийн дундаж цалин, амьжиргааны түвшин нүүрсний үнэ шиг нэмэгдсэн үү гэвэл үгүй. Иргэдийн худалдан авах чадвар муу байгаа энэ үед ийм жижиг ялгаа ч үнийн асар их дарамт болон хувирдаг нь үнэн. Гэтэл иргэд өнөөдөр өөрсдийн хүссэн түлшээ сонгох эрхгүй, нийслэлээс “үүрэг болгосон” нүүрсийг хөлдөж үхэхгүйн тулд үг дуугүй хэрэглэхээс өөр аргагүйд хүрчхээд байна.
ХЭҮК: ХҮМҮҮС ХАНГАЛТТАЙ МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА
Үүнээс гадна хоногт хэдэн шуудай нүүрс хэрэглэхээ ч хүртэл НЗДТГ-ынхнаар заалгаж, долоон шуудай нүүрсээр өдөр хоногоо аргацаах аж. Энэ бол өнөөгийн нийслэлийн удирдлагуудын бодит дүр төрх. Улаанбаатарын утааг бууруулах нэртэй тэдний амлалт хэдийгээр сайхан сонсогдох ч бодит байдалд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бус, мөрөн дээрх ачааг нь улам нэмж буй юм. Угтаа төр үнэхээр утаагүй орчныг бий болгохыг хүсэж буй бол түлшний чанарыг сайжруулж, үнийг нь бууруулан, хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд анхаарч, илүү бодит арга хэмжээ авч ажиллах учиртай баймаар.
Идэр есийн хүйтэн эхлээгүй байгаа энэ үед иргэд олноор угаартаж амиа алдаад буй талаар ХЭҮК -ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир өчигдөр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сайжруулсан түлшний улмаас угаартаж, улмаас амиа алдсан иргэдийн тоог төрийн аль ч байгууллага дурдалгүй өнөөдрийг хүрсэн. ХЭҮК энэ тоог холбогдох байгууллагуудаас шаардан авч, нийт 700 хүн угаартаж амиа алдсан болохыг тогтоон, холбогдох дээд байгууллагуудад хүргүүлсэн. Иргэд ихэвчлэн халуун ам бүлээрээ амиа алдаж байгаа нь маш харамсалтай. Гэтэл үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй, ямар ч сургамж авч, гашуудахгүй байна. Гэр хорооллын айлууд хагас коксон түлшийг энэ сараас хэрэглэж эхэллээ. Аливаа шинэ зүйлийг хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнө хэрэглэгчдээ сургаж, тэдний нөхцөл байдалд судалгаа хийх зайлшгүй шаардлагатай. Гэтэл хүмүүсхагас коксон түлшний талаар хангалттай мэдээлэлгүй, айл, өрхүүдийн зуух, ядангийн бүрэн бүтэн байдал шаардлага хангахгүй байна” гэв. Мөн ХЭҮК-ынхон агаарын бохирдлыг бууруулах чиглэлд гарч буй бодит ахиц дэвшил хангалтгүй, бодлого хоорондын уялдаа сул, хяналт, үнэлгээний тогтолцоо бүрдээгүйгээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буйг онцоллоо. Ингэхдээ НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцооллоор агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас багачуудын эмчилгээний зардал 2016 онд 10.4 тэрбум байсан бол өнөө жил 24.8 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байгаа талаар танилцуулсан юм.
ХАТУУ ТҮЛШНҮҮДЭЭС ХАМГИЙН ЦЭВЭР НЬ ГЭВ
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийнхнээс хагас коксон түлшний давуу болон сул талыг тодруулахад “Хагас кокс бол хатуу түлшнүүд дотроо хамгийн цэвэрт тооцогддог нь. Харин угаарын эрсдэлийн талаар ярихад хэтэрхий эрт байна. Нүүрснээс хий, шингэн, хатуу түлш гарган авах боломжтой байдаг бөгөөд хамгийн энгийн технологинь коксжуулах юм. Бид түүхий нүүрсийг түлэхээр муухай үнэртэй, бас угаар их гардаг шүү дээ. Энэ бол нүүрсийг шатаах явцад задлах бүтээгдэхүүнүүдийн чанар алдагдсанаас үүдэлтэй. Улмаар угаарын хий болон таагүй үнэр гарч, агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болдог. Түүхий нүүрсийг үйлдвэрийн нөхцөлд дулааны задралд оруулан, бүх бохирдол, давирхай, хорт бодисыг нь ялгаж авснаар хагас кокс бий болдог. Ингэснээр хагас коксон нүүрсийг гэрийн нөхцөлд түлснээр хорт бодисууд ялгарахгүй, агаарын бохирдлыг бууруулах давуу талтай” гэсэн юм.
Агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй аргуудын нэг нь утаагүй түлш гэдгийг үгүйсгэх аргагүй. Тиймээс дарга нар энэ нь ч жинхэнээсээ угаарын хий ялгаруулдаггүй, одоо үүнээс өөр үр дүнтэй шийдэл гэж үгүй гэх мэтээр жил бүр л суртал ухуулга явуулдаг нь хэдийн энгийн үзэгдэл болсон. Энэ хэрээр нийслэлчүүдийн утаагүй түлштэй танилцсан намтар түүх жил ирэх тусам зузаарсаар байгаа. Утаанаас ангижрах төгс арга бол сайжруулсан шахмал түлш хэрэглэх хэмээн 2019 онд ирэх жилийнхээ сонгуулийг угтан амлаж байсныг уншигчид та бүхэн санаж буй байх. Тэгвэл хамгийн сүүлд сар гаруйн өмнө нийслэлийн удирдлагууд хагас кокс нь сайжруулсан шахмал түлшнээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулдаг, маш сайн нүүрс хэмээн ам уралдан магтаж байсан. Гэтэл өдгөө иргэдийн олонх нь тэдний утааг бууруулах “үлгэрт” итгэхээ больж, хагас коксон нүүрснээс зайлсхийн, танихгүй бурхнаас таньдаг чөтгөр нь дээр гэдгийн адилаар тортог ихтэй ч гэсэн сайжруулсан түлшээ сонгож байна. Иймд утаагүй Улаанбаатар болох зорилт үнэхээр биелэх үү, эсвэл нийслэлчүүд дахиад л үй олноороо угаартаж, амиа алдах уу гэдгийг энэ өвөл л үлдэж байх шиг.
Э.Сүйлэн
https://www.unuudur.mn/a/278213