Макроны 5 дахь сайд огцорч, ерөнхийлөгчийн суудал нь ганхлаа

Макроны 5 дахь сайд огцорч, ерөнхийлөгчийн суудал нь ганхлаа

 

Шинэ засгийн газраа Ням гаригт (2025.10.05) танилцуулаад байсан Францын шинэ ерөнхий сайд Себастьян Лекорню олон нийтийн өмнө үг хэлснээс хэдхэн цагийн дараа огцорлоо. Ерөнхийлөгч Эммануэль Макроны ойрын холбоотон байсан тэрбээр томилогдсоноосоо хойш дөрвөн долоо хоногийн турш ажлаа албан ёсоор хүлээж аваагүй байсан бөгөөд Тав дахь Бүгд найрамдах засаглал эхэлснээс хойш хамгийн богино хугацаанд ажилласан ерөнхий сайд гэж ёжлогдон, бууж байна. Энэ нь Макронд эдийн засгийн хямралд өртсөн нийгмийн тогтворжуулах арга зам дуусч буйг илтгэж байна. Учир нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Макроны томилсон таван ерөнхий сайд бүгд огцорч, улс даяар түүнийг үл ойшоож байгааг илтгэнэ. Өдөр тутмын амьдралын бодит байдлаас хэтэрсэн хэмнэлтийн арга хэмжээг буруутгаж, иргэдийн шаардлагаас хөндийрсөн засгийн газрын талаарх олон нийтийн бухимдал улам бүр гүнзгийрэв. Үүний хажуугаар Макрон өнгөрсөн жилийн парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй хэвээр байна.

Хөл толгойгоо олохгүй байгаа Францын хувьд нэг зүйл тод байгааг олон улсын ажиглагчид хэлэх болжээ. Энэ нь Франц улс Макронизмаас залхсан.

Лекорню Лхагва гаригт (2025.10.08) ажлаа хүлээлгэж өгнө. Үүнээс өмнө улс төрийн намуудтай дахин нэг хэлэлцэж, улс орны нөхцөл байдлыг тогтворжуулах гэж хичээж үзэх болно гэж мэдэгджээ. Хэрэв энэ хэлэлцээ нь бүтэлгүйтвэл Макрон бүх хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж амлалт өгсөн талаар Францын ерөнхийлөгчийн ойрын эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн Лекорнюгийн огцрох болсон нь 2024 оны үр дүн гаргаагүй, аль ч нам олонх болж чадаагүй сонгуулиас хойш Францын улс төр зогсонги байдалд орсныг онцлон харуулж байна. Одоо Макрон буланд шахагдаж байгаа бололтой. Түүний хамгийн сайн гэсэн улс төрчид ээлж дараалан ерөнхий сайдын суудлаас огцорч, парламент түүний сонголтыг үгүйсгэж байна.

Улмаар Макрон парламентын ээлжит бус сонгууль зарлах эсвэл огцорч, шинэ ерөнхийлөгчийн сонгууль явуулах гэсэн хоёр сонголт үлдэж байна гэж мэргэжилтнүүд ярьж байна.

Ихэнх нь түүнийг улс төрийн эрсдэл бага сонголт болох парламентын ээлжит бус сонгууль зарлана гэж таамаглаж байгаа. Харин цөөн хэдэн хүн Макроныг дараагийн удаад зүүн эсвэл хэт барууны үзэлт намаас шинэ ерөнхий сайдыг томилох болно гэж үзэж байна. Гэхдээ парламентын эвсэл хоёр жилийн турш нэг ч асуудалд санал нэгдээгүй тул хэн ч ерөнхий сайд болох зориг зүрх үлдээгүй гэж ажиглагчид мэтгэлцэх болжээ. Шинэ засгийн газрын бүрэлдэхүүнээ зарласнаас 12 цагийн дараа огцрох болсон Лекорню үндсэндээ улс төрийн хүрээний эсэргүүцэлтэй тулгарч, өнгөрсөн сонгуулиар мэдэгдэхүйц ялалт байгуулсан зүүн ба барууныхан түүнийг буруутгасан юм.

Түүнийг огцрох болсон талаар хэвлэлүүд мэдээлэхдээ, Францын хуваагдмал парламентад өрсөлдөгч намууд буулт хийх, хамтран ажиллахаас татгалзаж байсан нь нөлөөлсөн.

Мөн парламентын санал хураалтгүйгээр хууль тогтоомжийг хүчээр батлах үндсэн хуулийн механизмыг Лекорню ашиглахгүй байх үүрэг хүлээсэн. Улмаар парламентын талцал нь энэ механизмыг ашиглахаас өөр аргагүйд хүргэх хэмжээний байгаа гэж тэрбээр мэдэгджээ. Лекорню мэдэгдэлдээ, "Засаглахад шаардлагатай нөхцөлүүд биелэхээ больсон, ялангуяа улс төрийн намууд буулт хийхээс татгалзсантай холбоотой" гэж огцрох болсон шалтгаанаа тайлбарлажээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen