ЗАХИДАЛ: Тиймээ, Хятад эр миний заяаг түшсэн юм шүү…

Хятад хүн гэдэг үгийг сонсоод л таны дур гутаж, муухай үгээр хараамаар санагдаж байна уу. Би ч тийм байсан юм…

Манайх ядруу амьдралтай айл байлаа. Аав маань биднийг бага байхад баян эгчийг дагаад орхиод явчихсан юм. Одоо надад ихэр дүү, нэг эгч бий. Гэхдээ би өөрөө бас ихэр байсан юм шүү. Харамсалтай нь өлгийтэй бяцхан ихэрийн өрөөснийг маань уйллаа гэсэн шалтгаанаар аавын маань төрсөн эцэг огцом уурт буриад өвөө маань орноос аваад шидчихсэн юм. Тэр минь үүнээс хойш 6 сар л амьдраад хорвоог орхисон гэсэн.


Аав биднийг орхихоос 6 сар орчмын өмнө ээж маань маамаалж ихэр хөөрхөн дүү нарыг минь төрүүлэхдээ бие нь муудаж эмнэлэгт хэвтсэн юм. Энэ үед ээжийн минь сэтгэхүй бага зэрэг өөрчлөгдөж эгч, бид хоёрыг мөн аавыг маань танихгүй зөвхөн дүү нарыг маань таньж тэвэрч уйлаад байдаг болчихсон байлаа.

Ээж ч бага багаар дээрдэж хоёр сар хэвтээд эмнэлгээс гарч, харин аав маань тун удалгүй тэр "байранд амьдардаг” эгчийг дагаад бид тавыг хоосон гэртээ орхисон юм даа. Тухайн үед аав маань зөвхөн ажил хийдэг ээж минь ар гэрээ авч явдаг байсан учраас бидэнд талхны мөнгө ч байхгүй өлсгөлөн үе ирсэн юм.

Өвөө маань ч бидэнд хатуурхаж эргэж харалгүй орхисон аавтай минь яг адилхан үйлдэл хийсэн юм….

Цаг хугацаа өнгөрсөөр би 12 орчим настай болсон үе. Ээж маань биднийг тэжээх гэж оёдолчин, цэвэрлэгч гэсэн хоёр ажил хийдэг болсон байлаа. Харин миний хувьд мод хөрөөдөж хагалах, усанд явах, хоол хийх бүх л ажлыг хийдэг байлаа. Ээж минь ажил хийдэг ч цалин нь бид дөрөвт хангалттай биш, ерөнхийдөө зөндөө өлсдөг байсан үе. Нэг удаа ээжийн маань хамаатны эгч гоё гурилтай шөл хийж байна усанд яваад мод хагалаад өгөөч гэлээ. Би ч өлссөн байсан болохоор тэр гоё шөлийг хурдан идэхийг хүсээд хамаг хурдаараа усанд яваад 40 литр ус зөөж өгөөд, мод хөрөөдөөд, хагалж өгөөд гэрт нь орлоо. Тэр үед өвөл байсан болохоор миний хуруунууд бүүр бээрчихсэн хамраас нус гараад тэрийгээ сүр хийтэл нь татаад л…гэхдээ гоё хоол иднэ гэж бодхоор даарахгүй байсан юм. Ээжийн хамаатны эгч хоол аягалаад л хүүхдүүддээ өгөөд байна. Миний ээлж ирлээ. Тэгсэн хүүхдүүдийнхээ аяганд байсан бүх өөхнүүдийг нэг аяганд түүж хийгээд надад "Mай энэ чамд яг тохирно…” гээд өгч байсан үе ч бий…

Би насанд хүрч ТИС-ын оюутан боллоо. Хичээлдээ тийм ч муугүй ч сайн бол байгаагүй ээ. Хоёр дугаар курсэд орсон жил хичээл нэлээн орой тараад автобусны буудал руу багш маань намайг дөхүүлж өгсөн юм. Тэгсэн гэнэт нэг хар машин гарч ирээд намайг шууд чихэж оруулаад аваад явчихлаа. Багш орилоод л үлдсэн. Харин машин дотор нэг Kазак залуу ахтайгаа хамт байна. Намайг эхнэрээ болгохоор хулгайлж авч яваа нь энэ ажээ… Тэр залуу намайг анх нэгдүгээр курсэд ороход хараад хөөрхөн Kазак охин байна гээд дурласан юм байх. Би уйлаад л галзуу амьтан намайг буулга би 18 нас ч хүрээгүй гээд орилоод тийчигнээд, сүүлдээ аврал эрж мөргөж гуйсан ч намайг гэр лүүгээ аваачсан юм. Гэрт нь ортол ээж нь бүгдийг Казак ёс заншлаар бэлдчихсэн бэр охиноо хүлээж авлаа гээд толгойд минь алчуур зүүлгэхээр дайрлаа. Казак ёсонд хэрвээ тухайн алчуурыг толгойдоо зүүлгүүлбэл тэгээд л тухайн айлын бэр болохоос өөр ямар ч гарцгүй болдог юм. Би ч хэрэг бишдсэнийг ойлгоод тэр айлын эзэгтэйн аясаар байхаар шийдэж за тэгвэл та нар эхлээд манайхаас очиж бэр гуй гэж хэлээд тэд нарыг арай тайван болсны дараа 00 ороод ирье гээд тэр чигтээ зугтсан юм. Тэр үед гэр маань хотод хорооллын эцсээс бүүр хойшоо гэр хороололд байдаг байсан юм. Арай гэж гэртээ хариад ээждээ бүхнийг хэлэхэд ээж намайг буруутгаж загнаад тэгээд би удалгүй сургуулиа орхисон.

Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа Солонгос руу ажил хийхээр явсан. Эндээс л жинхэнэ жаргал зовлон эхэлсэн юм даа. 

2007 онд Солонгос руу хүмүүсийг гэрээгээр ажиллуулахаар явуулахад нь тэнцээд явсан. Масанд байдаг гутлын үйлдвэрт ажиллахаар надтай нийлээд зургаан хүн явсныг хоёр Солонгос нэг Монгол эмэгтэй тосч аваад үйлдвэр дээр хүргэж өгч байсан юм. Гутлын үйлдвэр эмэгтэй хүнд хэтэрхий ахадсан хүч шаардсан ажил байдаг юм билээ. Энд ажиллаад 6 сар гаруй болж байхдаа гараа алхаар цохиод мэдээгүй болчихсон тэгсэн захирлууд маань эмнэлэгт авч явахгүй үнэтэй гэсээр намайг улам хүндрүүлсэн юм. Гэрээгээр ирсэн учраас өвдсөн ч хамаагүй ажиллах ёстой гээд загнаад ажиллуулсан ч би тэр өвдөлтийг тэсэхгүй уйлаад л халуураад л байсан юм. Намайг ажиллуулж байгаа газар Монголоос ийшээ ирэх онгоцны билет байрлаж байгаа байрны түрээс бүгдийг төлдөг учраас бид нарын бүгдийнх нь паспортыг анх ирэхэд л хураагаад авчихсан. Тэгтэл тэнд байсан нэг Солонгос эгч намайг өрөвдөөд чи ер нь зугт, би чамд өөр ажил олж өгье гээд шөнө 3,4 цагт намайг зугтаалгаад найзындаа аваачин гарыг минь юм түрхэж боогоод нэг өдөр амруулсан юм. Дараа өдөр нь гар өвдөж байсан ч гүрийж гэр орныг нь цэвэрлэчихсэн байсан чинь ажилд сайн юм гээд өөрийн ажиллуулдаг гуанзандаа угаагчаар авсан юм. Харамсалтай нь тэр эгч архи их уудаг байсан болхоор удалгүй гуанз нь дампуурч би хоёр сар ажилласан ч нэг ч вон авалгүйгээр чимданаа чирээд гудамжинд гарлаа. Хэл мэдэхгүй, мөнгө байхгүй миний хувьд яахаа мэдэхгүй аврал эрэн анх надад тусалсан эгч руу гудманд байдаг утаснаас залгаж юм хэлж чадахгүй уйлаад л байсан юм… Тэр эгч ахиад надад тусалсаан. Харин надад хэрвээ цагдаад баригдвал чамайг шууд ачаад Монгол руу чинь буцаадаг юм шүү гэдгийг гар хөлөө оруулцуулан дохио зангаагаар сайн гэгч нь ойлгуулсан. Зар харж байгаад намайг ахиад ажилд оруулж өгсөн. Хувцас, левчик, шорт ч авч өгсөн. Тэгээд эгч нь ахиж тусалж чадахгүй шүү амжилт хүсье гээд явсан юм.

За тэгээд шинэ ажил маань ч гарт орж ногоо арилгагчийн үүргээ сайн л гүйцэтгэж байлаа, дараа нь тушаал дэвшээд аяга таваг угаагч боллоо. Заримдаа зөөгчгүй үед зөөгчийн үүргийг ч гүйцэтгэдэг байлаа. Өглөө 6 цагаас орой 10 хүртэл ажилладаг. Тухайн гуанзны эгчийн агуулахын буюу амбаарын нэг өрөөнд нь амьдардаг байсан юм. Нэг мэдэхэд 1 жил 8 сар энэ газар ажиллаад 20 гаруй сая төгрөг цуглуулсан байсан юм. Гэтэл нэг өдөр захирал маань надаас Болороо чи гэрээс ердөө ч гардаггүй байж мөнгөө хаана хадгалдаг юм бэ? Банкны данс нээлгэсэн юм уу гэж асуулаа. Би ч жаахан охин байсан болохоор "Aан үгүй ээ би паспортгүй болохоор банкны данс нээлгэж чаддаггүй юм, мөнгөө харин гудсан доороо нуучихдаг хэн ч мэддэггүй юм” гэж хэллээ. Тэр өдөр захиралтайгаа жаахан юм яриад сэтгэл их л өөдрөг байлаа. Мөн тэр үед нээх хөөрхөн цав цагаан царайтай, өндөр бүлтгэр Ази залуу манайхаар орж ирдэг болчих байсан юм. Тэр надад утсаа салпитик дээр бичээд атгуулчхаад инээмсэглээд бас ичингүйрээд гараад яваад өгсөн юм.

Харин гуравхан хоногийн дараа цагдаа нар ирээд намайг шууд баривчилсан юм даа. Тэгээд шууд шоронд хийчихдэг юм байна лээ. Солонгос хэл муутай, таньдаг Монгол хүн нэг ширхэг ч байхгүй… Захирал руугаа залгуулахаар "Тийм Болороо гэдэг хүн манайд ажиллаж байгаагүй, тийм хүн огт танихгүй” гээд л намайг халгаагаагүй. Би уйлаад л тэр цагдаа эгчээс тэнд миний мөнгө байгаа би ядуу ээждээ туслах ёстой гээд л гуйгаад уйлаад байсан ямар ч нэмэр болоогүй ээ. Гэхдээ тэр цагдаа эмэгтэй надад нэг утас руу залгах боломж олгосон юм. Арга ядаад би хормогчинд байсан тэр салпетик дээрх дугаар луу залгуулсан юм. Гэтэл намайг огт танихгүй тэр хүн "Тиймээ би танина одоо очлоо” гээд ирж шоронгийн 500 доллар, онгоцны билетны 800 долларыг миний өмнөөс төлсөн. Ингээд би Монголд буцаж ирсэн. Намайг мөнгөгүй ирлээ гээд ээж минь загнах байх даа гэтэл ивий минь охин минь амьд л ирсэн нь яамай даа гээд уйлаад байсан…

Харин одоо би Канадад амьдарч байна. Энэ хүнтэйгээ гэрлэсээн. Бид хоёр одоо хүү, охин хоёртой. Hөхөр маань Хятад хүн гэхдээ Канадын иргэн. Би хувийн жижиг бизнес эрхэлдэг. Харин нөхөр маань өндөр цалинтай ажилтай. Ээжийг минь гэр хорооллоос нүүлгэж, хоёр өрөө байр авч өгсөн. Зовсны эцэст жаргана гэгчээр ээжийнхээ хэрэглээний мөнгийг нь ч би өгдөг… Тиймээ, Хятад эр миний заяаг түшсэн юм шүү… Амьдрал хүссэнээр болдоггүй юм байна лээ, хүний хутагт нулимсаа барж, хууртаж, аавдаа хүртэл хаягдсан миний ядуу амьдралын заяaг энэ Xятад эр түшсэн юм.

***

Энэхүү түүхэнд өгүүлэгдэж буй эмэгтэйн нэрийг сольсон болно. Энэ зураг тухайн эмэгтэйн зураг биш болно. Хэрвээ та энэ хүнийг хэн бэ гэдгийг нь мэдсэн бол нэрийг нууцалж, мэдээгүй юм шиг л байгаарай… Энэ бол хүний амьдрал юм. Дэлхий бөөрөнхий шүү дээ…

Сэтгүүлч О.Оюунцэцэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen