Өмнөд солонгосчуудыг Камбож руу зорчихыг хоригложээ

Өмнөд солонгосчуудыг Камбож руу зорчихыг хоригложээ

 

СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 16 /Yonhap/. Өмнөд Солонгосын иргэдийг худалдаалсан, эрүүдэн шүүсэн, залилсан хэргүүд газар авч байгаатай холбогдуулан Камбожийн зарим нутагт зорчихыг хориглоно гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам лхагва гарагт мэдэгджээ. 

 

Зорчих хөдөлгөөний анхааруулгын системийн хамгийн өндөр буюу дөрөвдүгээр түвшний хориг нь Камбожийн Кампот мужийн Бокор уулын бүс нутаг, Бавет, Поипет хотуудад пүрэв гаргаас хэрэгжиж эхэлнэ гэж тус яамнаас мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн Сиануквилл мужид байгаа солонгосчуудад тус бүс нутгийг орхин явахыг анхааруулах ажээ. Зорчихыг хориглосныг үл харгалзан тус бүсийг зорьсон, оршин суусан хүмүүсийг Паспортын тухай хууль болон бусад холбогдох журмын дагуу шийтгэж болзошгүйг тус яамнаас анхааруулжээ. Харин дөрвөн шатлалт системийн 2.5 дугаар түвшинтэй дүйцэх зорчих хөдөлгөөний тусгай зөвлөмж нь бусад бүс нутгуудад хэвээр байх болно гэж яамнаас мэдэгдээд, нэгдүгээр түвшний сэрэмжлүүлэг зарлаад буй Камбожийн бусад нутгийг хоёрдугаар түвшинд хүргэнэ гэдгийг нэмж дурдсан байна.

 

Камбожид ажлын байрны залилангийн золиос болсон Өмнөд Солонгосын иргэд хулгайлагдаж, саатуулагдах нь нэмэгдсээр байгаатай холбогдуулан ийм арга хэмжээ авчээ.

 

Нэгэн эмгэнэлт хэргийг дурдвал, энэ оны наймдугаар сард Кампот мужийн Бокор уулын ойролцоо нэгэн их сургуулийн оюутныг эрүүдэн шүүсний дараа тэрбээр нас барсан байдалтай олдсон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн байна.

 

 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen