Тэтгэвэр нэмэх санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаар ажиллана гэв
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос тогтоол гаргаж, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбоотой хүсэлтийг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ахмадын зөвлөл болон нэр бүхий ахмадаас тэтгэврээ нэмэх, зээлийн хүүг бууруулах, эрүүл мэнд, асрах үйлчилгээг сайжруулах талаар тус байнгын хороонд өргөдөл гаргасан аж. Тиймээс дээрх ажлын хэсгийнхэн өнгөрсөн баасан гарагт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эдийн засаг, хөгжлийн, Сангийн яамд, Монголбанк болон тэтгэврээ нэмүүлэхээр олон хоногийн турш Төрийн ордны гадна жагсаж буй ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Тус ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат уг асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай уулзаж, санал сонссоноо уулзалтын эхэнд хэлэв.
Эдүгээ УИХ-аар ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байгаа. Тиймээс ахмадуудын тэтгэврийг нэмэхтэй холбоотой асуудлаар саналаа яаралтай боловсруулж оруулж ирэхийг УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар чиглэл болгожээ. Уулзалтад ахмадуудаа төлөөлөн ирсэн иргэн Ц.Алтанзул “Өндөр настай хүмүүс Төрийн ордны гадаа 37 хоног сууж, заримынх нь эрүүл мэнд муудаж байна. Бид тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардаж байснаа больсон. Одоо тэтгэврийн доод хэмжээ буюу 689 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ болох 572 мянган төгрөгийг тус бүр хоёр дахин, ядаж 50 хувиар нэмж өгөөч” хэмээн хүсэв. Мөн тэтгэвэр барь¬цаалсан зээлийн өр, орлогын харьцааг өмнө баримталж байсан 70:30 хэлбэрт буцааж, 36 сарын хугацаатайгаар олгох хүсэлт тавьж буйг хэллээ. Өр, орлогын харьцааг чангаруулсан шийдвэрийг Ерөнхий сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч нарын уулзалтаар цуцалж, хугацааг 24 сар болгохоор тогтоосон ч арилжааны банкууд ердөө гурван хоног л мөрдсөн гэнэ. Банкууд мөн зээлийн үлдэгдлээс дахин хүү тооцон, нэмж суутгаад байгааг шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат ахмад настнуудаас тавьж буй шаардлага, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас өгсөн чиглэлийн дагуу тодорхой санал, хувилбар боловсруулж ирэхийг холбогдох яамдад үүрэг болголоо. Улмаар ажлын хэсэг дээрх байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэж, ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэх аж.
C.Уул
https://www.unuudur.mn/a/277990