Томуугаар өвчлөгсдийн 78.3 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна

Томуугаар өвчлөгсдийн 78.3 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байна

 

Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгааг өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, томуугийн дэгдэлт нэг аймагт алаг цоог, есөн аймагт идэвхжилтэй, 11 аймагт улирал хоорондын түвшинд байгаа аж. Өөрөөр хэлбэл, амбулаториор тусламж, үйлчилгээ авсан хүмүүсийн 4.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 17.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувийг 15, үүнээс 49.1 хувийг тав хүртэлх насныхан эзэлж буй. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэгсдийн 75.1 хувь нь 15, үүнээс 53.5 хувь нь тав хүртэлх насных.

Улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтыг есдүгээр сарын 17-ноос эхлүүлсэн. 300 мянган хүн дархлаажуулахаас энэ сарын 2-ны байдлаар 65.1 хувь нь хамрагдсан байна. Манай улс сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 1.1 сая хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийнхнийг дархлаажуулжээ. Тухайлбал нийт вакцины 40-80 хувь орчмыг зургаан сараас тав хүртэлх насны хүүхдэд, 10-40 хувийг 65 болон түүнээс дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүст хуваарилсан байна.

Ч.Болор

https://www.unuudur.mn/a/277987

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen