“Энэрэл” төв эцэг, эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн танхимтай болов
“Энэрэл” хүүхдийн хөгжлийн төвийнхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн танхимтай боллоо. Аав, ээжүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг нь мэдэх үед сэтгэл түгшиж, айж сандран, цочролд орох нь түгээмэл байдаг. Тэгвэл эцэг, эхчүүдэд зориулсан сэтгэл зүйн төвтэй болсноор тэд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, түүнийг яаж илүү сайн ойлгох талаар зөвлөгөө мэдээлэл авах боломж бүрдэж буйг тус байгууллагынхан онцолсон юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр өөрийн гэсэн давуу талтай. Тухайлбал, гарын ур дүйтэй, эсвэл хөдөлгөөний эвсэлтэй байж болно. Тиймээс таны хүүхэд юуг илүү сайн хийж чаддаг вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь хамгийн чухал гэнэ. Ингэснээр түүнд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг өөрийнхөөрөө даван туулахад нь бага ч гэсэн нэмэр болдог аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал өөртэйгөө адилхан эцэг, эхчүүдтэй хамтран тус төвийг үүсгэн байгуулсан түүхтэй. Тэд өдгөө өөртөө үйлчлэх чадвар дутмаг, нийгэмшихүйн бэрхшээлтэй, бүх үйлдлээ бусдын тусламжтай хийдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан хөдөлгөөн заслын болон сэтгэл зүйн олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг юм.