Нүдэнд үл үзэгдэх аюул буюу бичил хуванцар
Хүн төрөлхтний эрүүл мэндэд аюул учруулж буй өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлуудын нэг нь микропластик буюу бичил хуванцар болоод байна. Таван миллиметр ч хүрэхгүй, нүдэнд үл үзэгдэх бичил хуванцрын хэсгүүд өдгөө дэлхийн өнцөг булан бүрд тархаж, далай, тэнгис, гол, мөрөн, хөрс, шорооноос эхлээд хүний биед ч их, бага хэмжээгээр агуулагддаг болсон гэвэл та итгэх үү. Микропластик нь хэдийгээр бичил хэмжээ¬тэй ч хүний эрүүл мэндэд асар их хохирол учруулах чадвартай. Даавар идэвхжүүлэгч химийн бодис агуулдаг учраас нөхөн үржихүйн эмгэг, ургийн гажиг үүсгэх эрсдэлтэй юм. Мөн хорт хавдар үүсгэх эрсдэлийг ч нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн цус болон уушгины хамгийн гүн хэсэг, тэр ч байтугай эхэсээс микропластик илэрсэн гэх судалгаа бий гэнэ. Судас нь микропластикаар бохирдсон хүмүүст цус харвалт, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл өндөр, мөн сэтгэл санаа, дааврыг орвонгоор нь өөрчилдөг аж.
Микропластик нь зарим гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ордог бөгөөд үйлдвэрлэлийн болон хуванцар хог хаягдлыг задлах явцад голчлон үүсдэг. Үүнээс гадна бидний өдөр тутамд хэрэглэдэг нийлэг утастай хувцас (полиэстер, нейлон)-ыг угаах, автомашины дугуй элэгдэх зэрэг үйл явцаас үүссэн бичил хэсгүүд нь агаар, усаар дамжин тархдаг байна. Тэгэхээр бидний эргэн тойронд буюу хоол, хүнс, ус, агаарт ч энэ нь их, бага хэмжээгээр агуулагддаг гэсэн үг. Хамгийн эмгэнэлтэй нь, бид тэдгээрийг хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, амьсгалын зам, арьс зэрэг олон сувгаар дамжуу лан биедээ нэвтрүүлсээр л байдаг.
Энэ бүхнээс сэргийлэхийн тулд “3R”-ын дүрмийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь чухал юм байна. Reduce буюу багасгах, reuse буюу дахин хэрэглэх, recycle буюу дахин боловсруулах арга замыг сонгож, нэг удаагийн хуванцраас татгалзан, даавуун тор, шилэн болон модон савыг хэрэглээндээ нэвтрүүлэх хэрэгтэй гэнэ.
БИЧИЛ ХУВАНЦРААС БИЕЭ ХАМГААЛАХ АРГА ЗАМ
Нэг литр хуванцар савтай усанд 240 000 бичил хуванцар ордог гэх судалгаа бий. Тиймээс аль болох шилэн савтай ус, ундаа авч ууж байгаарай.
• Хуванцар ганбанз бүү хэрэглэ. Хутганы ирэнд маш нарийн ширхэгтэй хуванцар зорогдож, таны хийж буй хоол руу орох эрсдэлтэй учраас модон ганбанз ашиглаарай.
• Синтетик буюу полиэстр гэдэг нь хуванцар утсаар нэхсэн даавуу юм. Тиймээс ор, хөнжлийн даавуу болон дотуур хувцас авахдаа шошгыг нь сайтар ажиглаж, 100 хувь cotton буюу хөвөн даавууныг нь сонгож хэрэглээрэй.
• Нэг удаагийн хуванцар уутнаас татгалзаж, дахин ашиглах боломжтой даавуун тор, шилэн аяга сонгох нь зүйтэй.
• Ууттай, эсвэл хуванцар савтай хоолыг богино долгионы зууханд хийж болохгүй. Учир нь гялгар ууттай буузыг гурван минут халаахад дөрвөн сая гаруй бичил хуванцар таны хоол руу орох эрсдэлтэй.
• Гэрийн агаар дахь бичил тоосонцор, ялангуяа синтетик материалтай хувцасны утас агаараар тархах нь элбэг байдаг. Гэртээ тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж, тоосоо соруулах нь агаарыг цэвэрлэхэд тустай.
У.Сүрэн
https://www.unuudur.mn/a/278146