2026 оны ДАШТ: Таны мэдэх ёстой бүх зүйл
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/-д оролцох шигшээ багууд эхнээсээ тодорч, ирэх зун Америк тивийг зорих бэлтгэлээ хангаж эхлэв. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ энэ удаагийн дэлхийн аваргатай холбоотой бүхий л мэдээллийг багцлан хүргэе.
2026 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА ХЭЗЭЭ, ХААНА БОЛОХ ВЭ?
2026 оны дэлхийн аваргыг АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулна. Ингэснээр тэмцээний түүхэнд анх удаагаа гурван өөр улс хамтран зохион байгуулж тохиолдол болж байна.
Нээлтийн тоглолт 2026 оны зургадугаар сарын 11-ний өдөр Мексикийн нийслэл Мехико хотод болно. Харин финалын тоглолтод АНУ-ын Нью Жерси хотод болох товтой.
Ирэх дэлхийн аваргад 48 улсын шигшээ анх удаа оролцох бөгөөд тэмцээн нийт 39 өдөр үргэлжилж, рекорд тогтооно. Өмнө нь 32 улсын шигшээ баг оролцдог байсан бол ирэх жилээс эхлэн 48 улс өрсөлддөг болов.
1994 оны АНУ-д болсон дэлхийн аваргаар 24 улс өрсөлдөж байжээ.
Тэмцээний шинэ дүрмээр дөрвөн багтай 12 хэсэгт багууд өрсөлдөх бөгөөд хасагдах шат нь шөвгийн 32 гэж үргэлжилнэ.
ЯМАР ХОТУУД ДЭЛХИЙН АВАРГЫГ ХҮЛЭЭН АВАХ ВЭ?
Нийт 16 хотод ирэх зуны дэлхийн аварга болох бөгөөд үүнд АНУ-ын 11, Мексикийн гурав, Канадын хоёр хот тус тус багтаж байна. Та бүхэнд хотуудыг дэлгэрэнгүй танилцуулъя.
- АНУ: Атланта, Бостон, Даллас, Хьюстон, Канзас Сити, Лос Анжелес, Майами, Нью-Йорк/Нью Жерси, Филадельфи, Сан Франциско, Сиэтл
- Мексик: Гуадалахара, Мехико Сити, Монтеррей
- Канад: Торонто, Ванкувер
ХЭСГИЙН ШАТНЫ СУГАЛАА ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ?
Хэсгийн шатны сугалаа арванхоёрдугаар сарын 5-ны Баасан гаригт болно. Тус үйл ажиллагаа Вашингтон хотын Жон Кеннедигийн нэрэмжит урлагийн төвд болох аж.
Дэлхийн аваргыг зохион байгуулж байгаа гэдэг утгаараа А хэсэгт Мексик, В хэсэгт Канад, D хэсэгт АНУ шууд орно.
ДЭЛХИЙН АВАРГЫН ТАСАЛБАРЫН ҮНЭ
Дэлхийн аваргын эхний багц тасалбар аравдугаар сарын эхээр худалдаанд гарсан бөгөөд 4.5 сая фанат авах хүсэлтээ илэрхийлжээ. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос албан ёсоор тасалбарын үнийг мэдээллээгүй ч онлайнаар тасалбар авч чадсан фанатуудад энэ мэдээлэл ил байжээ.
Үндсэндээ дөрвөн төрлийн тасалбар худалдаанд гарсан аж. АНУ-д болох эхний тоглолтын үнэ 560-2,235 ам.долларын хооронд байжээ. Харин финалын тоглолтын хамгийн хямдхан тасалбар 2,030 ам.доллар байсан бол хамгийн үнэтэй нь 6,000 ам.доллар гэнэ.
Жижиг хотуудад болох дэлхийн аваргын эхний зарим тоглолтуудын үнэ 60 ам.доллараас эхэлж байна. Гэхдээ ийм хямдхан суудал тийм ч олон биш аж.
Хоёр дахь багц тасалбарын худалдаа аравдугаар сарын 27-нд эхэлнэ.
Мэдээж тасалбар дамлах, дахин худалдаалах ажиллагааг нээлттэй зохион байгуулна. Энэхүү худалдаа нь "Right To Buy" гэх систем дээр болох аж. Эндээс та албан ёсны, баталгаатай тасалбарыг бусдаас худалдан авах боломжтой.
ЯМАР УЛС ЭРХЭЭ АВСАН БЭ?
Өнөөдрийн байдлаар/2025.10.25/ нийт 28 улсын шигшээ баг ирэх дэлхийн аваргад оролцох эрхээ авчээ. Одоо дахиад 20 улсын шигшээ баг тодорно. Эрхээ авсан улсуудыг танилцуулъя.
- Зохион байгуулагчид: Канад, Мексик, АНУ
- Африк: Алжир, Кабо-Верде, Египет, Гана, Кот д’Ивуар, Марокко, Сенегаль, Өмнөд Африк, Тунис
- Ази: Австрали, Иран, Япон, Йордан, Катар, Саудын Араб, Өмнөд Солонгос, Узбекистан
- Европ: Англи
- Далайн орнууд: Шинэ Зеаланд
- Өмнөд Америк: Аргентин, Бразил, Колумби, Экуадор, Парагвай, Уругвай
Дээрх улсуудаас анх удаа дэлхийн аваргад оролцох багууд гэвэл Кабо-Верде, Йордан, Узбекистан
АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Нийт 108 тоглолт болохоос 78 нь АНУ-д болно. Гэтэл 2025 он гарсаар АНУ-д улс төрийн цуврал аллагууд, 2024 онд 500 гаруй олон нийтийг хамарсан буудалцаан болжээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигаар хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд элдэв үймээн самуунаас сэргийлж тэмцээн болох найман хотод үндэсний гвардын цэргүүдийг байршуулжээ.
ЦАГ АГААР
Энэ зун АНУ-д клубуудын ДАШТ болсон. Энэ үеэр нэг асуудал олны анхаарал татсан нь халуун цаг агаар. Зуны өдрийн халуунд агаарын хэм 40 хүрч байжээ. Үүнд олон багууд дургүйцсэн. Тиймээс тоглолтууд ихэнхдээ үдээс хойш болох товтой байна. Ингэснээр монголчууд үүрээр, өглөөгүүр дэлхийн аваргаа үзэх шинжтэй.
https://news.mn/r/2828458/