2026 оны Берлиний наадамд танилцуулах монгол кино төслүүд шалгарлаа
17 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмын хүрээнд Кино урлагийн зөвлөлөөс 2026 оны Берлиний олон улсын кино наадмын дэргэдэх Европын кино маркетад танилцуулах монгол кино төслүүдийг сонгон шалгаруулжээ. Эхний сонгон шалгаруулалтаас найман төслийг эцсийн шатанд үлдээж, Улаанбаатар олон улсын кино наадмын “Монгол кино төслүүд танилцуулах” үйл ажиллагаанд оролцуулсан байна. Шүүгчдийн үнэлгээгээр тэргүүн байранд “Давс үүрсэн 40 жил” баримтат кино шалгарсан бол “Онцлох кино төсөл”-өөр продюсер Г.Түвшинсайхан, найруулагч, зохиолч Э.Ган-Очир нарын “Тарвас”, продюсер Б.Наранбатын “Шонхор”, продюсер Ч.Гэрлээгийн “Шар хөвийн зэрэглээ” зэрэг бүтээл сонгогджээ.
Шалгарсан уран бүтээлчдэд Кино урлагийн зөвлөлөөс Берлиний олон улсын кино наадмын дэргэдэх Европын кино маркетад оролцоход нь дэмжлэг үзүүлэх юм байна.
Ташрамд сонирхуулахад, найруулагч, зохиолч Э.ГанОчир “Тарвас” бүтээлээрээ Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Хархорум-2025” олон улсын наадамд шилдгээр шалгарч, Бусаны кино наадамд оролцоод ирсэн билээ.