МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнгийн хэргийг шүүхэд шилжүүлэв

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнгийн хэргийг шүүхэд шилжүүлэв

 

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнгийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснийг прокурорын байгууллагаас мэдээллээ. Түүнийг дээрх албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал бий болгож, ашиг хонжоо олох, мөнгө угаах зорилгоор албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж буй. Тэрбээр нэр бүхий арилжааны банкан дахь МҮХАҮТ-ын хадгаламжийн данснаас нэг сая ам.долларын гэрээг цуцлан, уг мөнгөөрөө биткоин худалдан авсныг хууль сахиулагчид тогтоосон байдаг. Нэг сая ам.доллар нь Монголбанкны ханшаар 2.8 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд энэ хэмжээний хохирлыг МҮХАҮТ-д учруулсан гэж прокурор дүгнэсэн аж. Энэ мөнгөнөөсөө 1.9 тэрбумыг нь хэргийн хамтрагч Б.Насан-Эрдэнэ зэрэг хүмүүст шилжүүлэн виртуал хөрөнгө болгож бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаасан аж. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Т.Дүүрэнд Эрүүгийн хуулийн 18.6-2.3-т заасан албан тушаалаа ашиглаж, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.

Т.Дүүрэнг анх УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, МҮХАҮТ-ын зөвлөх гэх албан тушаал хашиж байсан Н.Цэрэнбаттай хамт эрх мэдлээ урвуулж, төсвийн олон тэрбум төгрөгийг шамшигдуулсан хэрэгт яллагдагчаар тооцон шалгасан. Ингэхдээ БОАЖЯнаас хэрэгжүүлэхээр зарласан “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийг хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” 3.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерийн хөрөнгийг завшсан хэмээн буруутгасан байдаг. Уг тендерт ХБНГУ-ын “B2 Bio-to-power Gmbh” гэх компанийг шалгаруулахад сайд Н.Цэрэнбатын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Т.Дүүрэн гол нөлөөтэй оролцож, хуульд заасан шаардлага хангахгүй компанитай гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн хэрэгт холбогдуулсан юм. Ингэж хууль бус тендерийг шалгаруулсны улмаас улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгаж эхэлсэн билээ. Тэд Германы дээрх компанитай ижил нэртэй аж ахуйн нэгжийг Монголд байгуулж, нэгэн хүнийг захирлаар нь томилоод уг мөнгийг 2019 онд шилжүүлж аван зувчуулсан гэж буруутгасан аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen