Алтан омог

Ротшильдын омгийг үндэслэгч Майер Амшель Бауэр одоогоос 270 жилийн тэртээ буюу 1744 онд мэндэлжээ. Түүний гэр бүл Майн дахь Франкфурт хотын жүүдүүдийн хороолол буюу Judengasse-д амьдарч байсан юм. Аавыг нь Амшель Мозес Бауэр гэдэг байлаа. Тэр багахан хэмжээний эд мөнгө сольдог мухлаг ажиллуулж байсан бөгөөд үүдэнд нь томоос том улаан хөшиг унжаастай байжээ. Германаар улаан хөшгийг Rot Schild гэдэг билээ. Ийнхүү өдгөө баян тансаг байдал, чамирхал зэргийг илэрхийлдэг болсон нэр үг бий болсон түүхтэй.

Майер Амшель 11 нас хүрээгүй байхад буюу 1754 онд түүний аав нь өөд болов. Удалгүй ээж нь ч нас баржээ. Бүтэн өнчин хоцорсон хөвгүүнийг асрамжийн байр бүхий төлбөргүй сургуульд оруулсан ч хичээл сургууль түүнд таалагдсангүй. Харин хөвгүүн нумизматик буюу зоосон мөнгө цуглуулах явдлыг ихэд сонирхов. Тэрбээр өдөр болгон хог ухаж, гүйлгээнээс гарсан зоосон мөнгө юм уу элэгдэж хуучирсан медалийг олдог байлаа. Тэдгээрийгээ цэвэрлэж, зүс царайтай болгоод зоосон мөнгө цуглуулдаг хүмүүст үнэ хүргэн худалддаг байжээ.

1757 онд 13 настай Майер Амшелийг Шимона Вольф Оппенхаймерын банкинд суралцуулахаар Ханновер хот руу илгээв. Тэнд тэрбээр санхүүгийн ажил хэргийг хэрхэн явуулдагт суралцан, бусад улс, орнуудын зоосон мөнгөнүүдтэй танилцаад зогсохгүй хуурамч зоос, мөнгөн тэмдэгтийг түвэггүй тодорхойлж суран, мөнгө солих ашигтай ханшийг бодож олдог болжээ. 1760 онд Майер Амшель Франфурт хотноо эргэж очоод Бауэр гэдэг овгоо Ротшильдоор сольж, аавынхаа эхлүүлсэн ажил хэргийг үргэлжлүүлэв. Зоосон мөнгө болон медалийн солилцоо худалдааг эрхэлжээ. Төдөлгүй сүйхээтэй залуу эртний эд өлгийн зүйлст дурладаг хүмүүсийн хүрээнд танигдсан байна. Хангалттай хэмжээний хөрөнгө мөнгөтэй болоод тэрбээр өөрийн гэсэн мухлагаа нээж, тэндээ Германы зарим вангуудын мөнгөн тэмдэгтийг нөгөөгийнхөөр сольдог ажлыг эрхлэв. Ийнхүү Ротшильдын банк гээч зүйл аажмаар бий болжээ.

Энгийн нэгэн цуглуулагч байсан бол Майер Амшель нэлээн чадварлаг санхүүч болсон түүх ийм. Одоо бол түүний гараар дамжин янз бүрийн мөнгөн тэмдэгтүүд жинхэнэ утгаараа урсаж байлаа. Гэвч энэ үед тэрбээр хараахан баян болж чадаагүй байсан ч өөрийн хүч чадалд бүрэн итгэлтэй, хүнтэй найрсаг харилцаатай гэдгээрээ алдарших болов. Энэ чадварууд нь түүн рүү хүмүүсийг урхидсан юм. Тэдэн дунд үлэмж баян хүмүүс ч олноороо байлаа.

Курфюрстын ивээл дор
Нэг л өдөр хуучны зоосон мөнгө цуглуулагч өөрийн нэгэн үйлчлүүлэгчийн зуучилснаар тэрбээр гол цөм нь Герман Улс болж байсан Ромын Ариун эзэнт гүрний ван болох Гессен-Касселийн IX Вильгельмтэй танилцжээ. Вантан түүнээс 12 насаар ах байсан бөгөөд Европын дээд хүрээнийхэнтэй мундаг харилцаа холбоотой байжээ. Түүний ээж Их Британийн Хаан II Георгийн охин нь байсан юм. Хамгийн сонирхолтой нь, тэд нөхөрлөж эхэлсэн аж. Түүгээр ч үл барам 1764 оноос хойш чухамхүү Майер Амшель Гессен-Касселийн вангийн ордонд зоосон мөнгө, алт зэргийг нийлүүлж эхлэв. Таван жилийн дараа буюу 1769 онд IX Вильгельм түүнийг өөрийн хувийн банкираар томилжээ.

Ийнхүү Майер Амшель вангийн сан хөмрөгийг зузаатгахаас гадна цэрэг дайны зардал, чамин эд зүйл худалдаж авсан зардал зэргийг нь нөхөн олж, мал хуй, ажилтнууд, гал тогоо, жүчээ зэргийг нь авч явах үүрэг хүлээв. Энэ ажлаа амжилттай хийвэл орлогын тодорхой хувийг урамшуулалд хүртэж, хүндлэгдэх бол бүтэлгүйтвэл үгүйрч хоосрон, цаазаар авахуулж ч мэдэхээр байлаа.

Майер Амшель өөрийн үүрэгт ажлыг гайхалтай сайн гүйцэтгэж байсан бөгөөд 26 насандаа буюу 1770 оны наймдугаар сарын 29-ний өдөр Вольф Соломон Шнапперын 17 настай охин Гуттле Шнаппертай гэрлэсэн аж. Хажуугаар нь тэрбээр Франкфурт хотод өөрийн анхны банкийг үүсгэн байгуулав. Түүний ажил хэрэг ч маш амжилттай явж байлаа. Анхны Ротшильд үнэхээр ажил хэрэгч нэгэн байсан юм. Валютыг тэр үед тээвэрлэх нь асар өндөр өртөгтэй байснаас гадна зам зуурын дээрэмчдэд нэрвэгдэх аюул өндөр байжээ. Тэгэнгүүт Майер Амшель энэ асуудлыг шийдвэрлэх маш энгийн аргыг бодож олсон аж. Мань хүн Англид ноос, хөвөнг маш бага үнээр худалдаж аваад дараа нь түүнийгээ Европ тивд аваачин хамаагүй өндөр үнээр арилжаалах болов.

Германы хамгийн баян вангуудын нэг IX Вильгельмтэй ойр дотно байсан учраас асуудал бага ундарч байв. Тэр үед IX Вильгельм хөлсний цэргүүдийн худалдааг идэвхтэй хийдэг байжээ. Жишээ нь, 1785 онд чухам тэр л Английн Хаан III Георгт Америкийн булаан эзлэгчидтэй хийх дайнд нь зориулж 17 мянган хөлсний цэргийг маш ашигтайгаар зарсан гэдэг. Мэдээж энэ хэлцэлд Майер Амшель Ротшильд оролцсон нь тодорхой билээ. Удалгүй засгийн эрхэнд Наполеон Бонапарт гарснаар Франц орон Европ тивд булаан эзлэх дайнуудаа эхлүүлсэн юм. 1806 онд Францын цэрэг Гессен рүү халдангуут ван IX Вильгельм оргон дайжихаас өөр аргагүй болсон билээ.

Үүнээсээ өмнө тэрбээр 62 настай Майер Амшелийг өөрийн итгэмжлэгдсэн хүнээр томилсон бөгөөд үндсэндээ өөрийн бүх хөрөнгийг түүнд захируулан үлдээжээ. Банкир эр өр, зээлтэй хүмүүсээс хурааж авах авлагаа тууштай цуглуулахаа үргэлжлүүлээд мэдэлдээ авч үлдсэн хөрөнгө мөнгийг мэдэгдэхүйц арвижуулсан гэдэг. Ингэхдээ тэр мэдээж өөрийн хувийн ашиг сонирхлыг хойш тавьсангүй. Вильгельм төлбөр тооцоондоо талер авахыг илүүд үздэг байсан бол англичууд Ротшильдод фунтээр тооцоо хийж байв. Тийм учраас Майер Амшель зөвхөн эдгээр валютын ханшийн зөрүүн дээр л баяжиж чаджээ. Үнэхээр тэр ингэж чадсан юм. Харин өөрийн ивээн тэтгэгчид нэн бахархалтайгаар түүний эд хөрөнгийг хоёр дахин нэмэгдүүлж чадсан гэдгээ илтгэснээр вангийн гэр бүлийн итгэлийг улам ихээр олжээ.

Өглөгч хүний гар хүртэгч хүний гараас хэзээд дээр байдаг
Тэр хойгуур Наполеон Европ тивийг бараг бүхэлд нь гутлан дороо оруулаад байлаа. Түүний явуулж байсан аян дайнууд Ротшильдод ихээхэн ач тусаа өгч байсан нь мэдээж юм. Тиймээс Майер зогсоо зайгүй ирэх цэргийн захиалгуудаас ашиг хонжоо хайн Наполеоныг тал бүрээр дэмжиж байв. Гэвч Наполеон зөрүүд нэгэн байсан билээ. Тэрбээр Майер Амшелийн санхүүгийн эзэнт гүрнийг өөрийнхтэйгээ нэгтгэхээс татгалзжээ. Тэр ч бүү хэл, 1800 оны хоёрдугаар сард тэрбээр Ротшильдоос туурга тусгаар Францын Банкийг байгуулав. 1803 оны дөрөвдүгээр сард Наполеон мөнгөний шинэчлэл явуулж, мөнгөн болон алтан франкуудыг гүйлгээнд гаргав. Харин мөнгөний бодлогыг хариуцах онцгой эрхийг Францын Банкинд олгожээ.

Майер Амшель Ротшильд галзууртлаа уурласан бол Наполеон "Аливаа улсын Засгийн газар банкируудаас санхүүгийн хувьд хараат байвал тэр улсыг Засгийн газар бус харин банкирууд удирдаж байна гэсэн үг” хэмээн мэдэгдсэн аж. Их жанжин Наполеон "Хүнд юм өгч байгаа гар авч байгаа хүний гарнаас байнга дээр оршдог. Санхүүчдэд эх оронч үзэл, шударга зан гэж үгүй. Тэдний цорын ганц зорилго бол ашиг олох явдал юм” гэж хэлсэн байдаг. Гэхдээ түүнд мөнгө хэрэгтэй байсан учраас 1803 онд Наполеон АНУ-д Хойд Америк дахь Францын эзэмшил газруудыг өгчээ.

Тэгэхэд худалдагдсан газар нутгийн хэмжээ ойролцоогоор 2.1 сая хавтгай дөрвөлжин километр байсан бол үнийн дүн нь 15 сая доллар буюу 80 сая франк болжээ. Энэ хэлцлийг хийхдээ Наполеон Ротшильдын банкийг бус, харин түүний гол өрсөлдөгчид болох Лондон хотод төвтэй Барингов ордон, Амстердам дахь Хоупын банкийг ашиглажээ. Энэ гэрээг хийгээд олсон мөнгөөрөө Наполеон асар богино хугацаанд бүхэл бүтэн армийг шинээр бүрдүүлээд Европ даяар өөрийн нөлөөллөө дэлгэрүүлж эхлэв. Гэвч түүний цэргийн машин 1812 онд Орос оронд очоод гацсан билээ.

Майер Амшель Ротшильдын үхэл
Майер Амшель Ротшильд нас өндөр болж, түүний биеийн эрүүл мэнд ч мууджээ. Нэгэн үдэш тэрбээр өөрийн бүх хүүхдийг гэртээ дуудаж ирүүлээд нэг л зүйлийг хатуу захисан гэдэг. Тэрбээр хэзээ ч шашин шүтлэгээ сольж болохгүй, байнга хамтдаа байж, нэг нэгэндээ туслахыг захижээ. Майер Амшель Ротшильд 1812 оны есдүгээр сарын 19-ний өдөр 68 насандаа таалал төгссөн юм. Ардаа тэр үлэмж хэмжээний хөрөнгө, таван хүү үлдээсэн билээ. Ууган хүү нь 1773 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Майн дахь Франкфурт хотод мэндэлсэн Амшель Ротшильд юм. Араас нь залгаад Соломон Ротшильд, Натан Ротшильд, Карл (Кальман) Ротшильд, Жэймс (Якоб) Ротшильд нар мэндэлжээ.

Наполеоны эсрэг
Ротшильдынхны үүсгэн байгуулсан омог дэндүү дураараа аашилсан Наполеоныг уучилж чадсангүй. Тийм учраас тэд корсик эрд жинхэнэ дайн зарлажээ. Тэд Наполеоны эсрэг дайтаж байсан аль ч улсад хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Ротшильдууд Наполеоныг унагаахыг хүссэн хэрэг. Энэ зорилгоор тэдний омог Наполеоны гол сөргөлдөгчид болох англичууд болон оросуудыг идэвхтэй санхүүжүүлж эхэлсэн байна.
Наполеон Орос оронтой дайтахыг айхтар хүсээгүй гэдэг. Гэвч түүнийг ингэхээс өөр аргагүй болгосон аж. Үүнд Ротшильдуудын оролцсон үүрэг их юм. 1812 онд Наполеоны армийн үндсэн цөм хэсэг Оросын нутагт дайтаж явах үеэр Натан Ротшильд "Хоёрдугаар фронт”-ыг санхүүжүүлэх гайхалтай төлөвлөгөө боловсруулж авчээ.

Тэрбээр Пиренейн хойг дээр гүн Веллингтоны армийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн аж. Үүний тулд Натан Ротшильд Зүүн Энэтхэгийн компаниас тэр үеийн мөнгөөр 800 мянган фунтээр алт худалдаж аваад дараа нь тэр алтаа Английн Засгийн газарт худалджээ. Тэр алт цэрэг, дайны үйл ажиллагаа явуулахад нь Веллингтонд үнэхээр хэрэгтэй байсан аж. Мэдээж хэрэг, Натан Ротшильд энэхүү наймааг үлэмж ашигтай хийсэн юм. Гэтэл англичууд энэ алтыг Веллингтонд Францын нутаг дэвсгэрээр дамжуулж хэрхэн аваачиж өгөхөө мэдэхгүй сууж байв. Тэгэнгүүт Ротшильдууд энэ аюултай ажлыг гүйцэтгэх явдлыг өөрсдөө даахаар болжээ.

Тэдний явуулсан ажиллагааны зарчим ийм байв. Эхлээд Жэймс Ротшильд гэнэт Парис хотод гарч иржээ. Удалгүй ах, дүү нар нь түүнд захидал бичиж, түүндээ алтыг Англиас Испани руу хүргэж өгөх гэсэн боловч Английн Засгийн газар тэдэнд эрс татгалзаж байна гэсэн гомдлыг өгүүлэв. Ингэхдээ ах, дүү нар тэдний бичсэн захидлууд Жэймст очихоосоо өмнө Францын нууц цагдаагийн газрынхны гараар орох ажлыг зохион байгуулжээ. Ийнхүү Францын Сангийн яам тэрхүү өгөөшийг үмхсэн гэдэг. Англичууд алтыг нутгаасаа гаргахын эсрэг байгаа бол тэрхүү алтыг гаргахын тулд ах, дүү Ротшильдуудад туслах хэрэгтэй гэж францчууд үзэв. Энэ жүжиг амжилттай тоглогдсоноор Наполеоны Засгийн газар алтыг Испанид хүргэхэд нь Ротшильдуудад тусласнаар алт францчуудын эсрэг амжилттай тулалдаж байгаа Веллингтоны армийн мэдэлд очжээ. Хожим нь Лондон хотод болсон нэгэн ажил хэрэгч уулзалтын үеэр Натан Ротшильд тэр бол түүний амьдралдаа хийсэн хамгийн амжилттай гэрээ хэлцэл байсан гэж бахдангуй өгүүлсэн байдаг билээ. Гэвч 1812 онд тэрбээр ах, дүү нартайгаа хамсаж хийх шилдэг санхүүгийн үйл ажиллагаанууд нь дараа болно гэдгийг мэдээгүй байна.

Ах, дүү нар 1806 оны аравдугаар сарын 27-ны өдөр Наполеоны тавьсан Английг бүрэн тусгаарлах хориг дээр ч хөөрхөн мөнгө хийжээ. Тэр үед Европ тив Британийн колони улсуудаас ирэх бараа, бүтээгдэхүүнүүд буюу амттан, хөвөн, тамхи, кофе зэргийг зөвхөн хууль бусаар олж авах боломжтой байсан юм. Тэр үед Натан Ротшильд Наполеоны тавьсан хориг саадуудыг түвэггүй давж гарч чаддаг байсан контрбанд сүлжээг үүсгэн байгуулжээ. Мэдээж хэрэг, тэдгээр бараа, бүтээгдэхүүний үнэ ханш солиором өндөр байсан аж. Харин Наполеон тэр хооронд дайтагч улсуудынхаа цэрэг армитай тулалдан ялалт байгуулсаар байв. Гэвч энэ үед тэрбээр дэлхийн капитал гэдэг нэртэй шинэ дайсантай тулгарах шаардлага гарчээ. Энэхүү өрсөлдөгчийнх нь амьд жишээ бол ах, дүү Ротшильдууд байсан юм. Тийм учраас чухам тэднийг л Наполеон өөрийн аугаа дайны гол дайснууд гэж зарлаад, тэднийг устгасан хүмүүст 500 мянган франкийг алтаар олгохоо амласан билээ. Гэвч авьяаслаг цэргийн жанжин тэрхүү шинэ дайсантайгаа нүүр тулгараад хүчгүйдсэн аж. Учир нь, түүнд ийм "дайн” явуулах мэдлэг, боловсрол, туршлага ч байгаагүй юм.

Харин Ротшильдууд өөрсдийн гарт санхүүгийн үлэмж хэрэгслийг төвлөрүүлснээр улс төрчдийн итгэлийг болон аливаа томоохон захиалагчдаас нэр хүндийг худалдан авч чадсан билээ. Үүний үр дүнд цэрэг дайны зорилгоор зэвсэг, техник нийлүүлэх, алт захиалах, улаан буудай худалдаж авах зэрэг асуудлыг гүйцэлдүүлэхээр арван газрын ес нь Ротшильдуудад хандаж байсан гэдэг. Дээр нь тэдгээрээс зээл авах өргөдлөө гарган 12 улс, орон урт дараалал үүсгэжээ. Наполеонтой хийсэн дайн өндөрлөх үед ялагчаар тодорсон улс, орнууд сайхан сэтгэлт гэж хэлэгдэхээргүй ах, дүү нарт 70 сая гаруй фунт стерлингийн өрөнд ороод байлаа.
Үргэлжлэл бий... Эх сурвалж www.wikimon.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen