Н.Номтойбаяр: Гурван талт хэлэлцээрийг ширээний ард хийж, нэг шийдэлд хүрье
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Сүхбаатарын талбайд 12.00-16.00 цаг хүртэл тайван жагсаалыг зохион байгууллаа.
Тодруулбал, Улаанбаатар болон орон нутагт Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдрийг тохиолдуулан жагсаал хийж байгаа нь энэ юм.
Жагсаалын үеэр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо гурван байрыг суурийг иргэд, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ өмнөөс илэрхийлж "Эрх ашгаа хамгаалъя” нэртэй иргэд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өнөөдрийн цуглаанаар тэтгэврийн насны нэмэгдэл, нийгмийн даатгалын шимтгэл болоод татварын нэмэгдлийн талаар санал бодлыг нь сонсч, ОУВС-нд хамрагдахыг эсэргүүцэж жагслаа. Монгол Улсын эдийн засаг хүнд хэцүү байгаа.
Айл өрхийн амьдрал туйлдаж хэцүүдэж байгааг хүн бүр мэдэж байгаа. Өнөөдрийн жагсаалд нийт 18 байгууллагын төлөөлөлүүд жагсав. Ихэвчлэн уул уурхай, геологийн хүнд хүчир ажил хийдэг ажилчид эрх ашгаа хамгаалахаар тэмцэж байна.
Тухайлбал, "250 хоног ар гэрээсээ хол хүнд хортой нөхцөлд илүү цагаар ажилладаг”, "Идэж уух нь дутаад ирэхээр эдийн засгаа үүрч яваа ажилчдынхаа халаасыг хоослох боловсон дээрмийг эсэргүүцэж байна” "Тэтгэврийн насыг нэмэхийг эсэргүүцэж байна”, "Эрчим хүчний салбарын ажилтан бид татвар нэмэхийг эсэргүүцэж байна” "УИХ-аас гаргасан шийдвэрээ буцаахгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно” зэрэг уриа лоозон барьсан иргэд ийнхүү эрх ашгаа хамгаалав. Энэхүү жагсаалд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцож байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "МҮЭ-ээс зохион байгуулж байгаа жагсаал цуглааныг Нийгмийн хамгааллын яамыг хариуцаж байгаа хүнийхээ хувьд та бүхний санал бодлыг сонсохоор ирлээ. Та бүгдийн тавьж байгаа шаардлагыг шийдэх ёстой нь Засгийн газрын үүрэг юм шүү.
Өнөөдөр та бүхэн хэд хэдэн асуудлаар шаардлага тавьсан. Энэ бүгдийг шийдэх арга зам нь байгаа юм шүү. Та бүхний тавьж байгаа шаардлагыг Засгийн газар болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үүрч байгаа учраас хүндэтгэн хүрэлцэн ирлээ.
Цалин, тэтгэвэр тэтгэмж амьдралд хүрэлцэхгүй хэцүү байгааг би мэдэж байна. Тэр ч үүднээс тэтгэвэр, цалингийн зээл авагчдад 60 орчим хувь нь хамрагдаж байна.
Хуримтлал хадгаламж гэдэг үг мөрөөдөл болсон нь үнэн. Хоёрдугаарт тэтгэврийн насыг шатлалтай нэмэх зайлшгүй шаардлага гарсан. Хувь хүнд өгөөжтэй байх үүднээс эдийн засгийн арга замаар энэ намрын чуулганаар шийдье гэж байгаа юм. Хуульд заасан тэтгэврийн нас, түүнээс хойш тэтгэврээ тогтоолгоход өндөр хувиар тогтоогддог байх, хийж байсан ажил мэргэжлээс нь шалтгаалж тогтоодог байх, хөдөлгөөнт хөдөлмөр эрхэлж байсан оффисын ажил эрхэлж байсан хүмүүсийн тэтгэврийг заагтай тогтоох байх ажлуудыг хийж байна.
Засгийн газар байгуулагдснаас хойш 56 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр даатгалтай холбоотой өрийг илрүүлсэн. Та бүхэнд загнуулах зүйл хийсэн гэдгээ сайн ойлгож байна.
Хамгийн гол нь соёлтой шаардахыг хүсье. Орилж хашгирахаас илүүтэй хамтдаа шийдэх гарц гаргалгааг олъё. Түүнээс энэ жагсаалыг үймүүлэх хэрэггүй юм шүү. Та нарын бухимдалтай байгааг ойлгож байна. Амьдралд нь болж бүтэхгүй байгаа бүхэн та бүхнийг өнөөдөр Сүхбаатарын талбайд хөтөлж авчирсныг маш сайн ойлгож байгаа шүү.
Тиймээс гурван талт хамтын хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэхээс өөр гарц гэж байхгүй ээ.
Жагсаал цуглаанаас үүдэлтэй шаардлагыг би гардаж авна. Харин нөгөөдөр өглөө ширээний ард сууя. Юу нь болохгүй байгаа, юу нь болж байгаагаа нээлттэй ярилцъя. Энэ бол хэн нэгэн хүний хувийн асуудал бишээ, улс орон нийгэмд тулгарсан нийгэм эдийн засгийн санхүүгийн асуудал гэдгийг сайн ойлгож байгаа байх. ОУВС-гийн хөтөлбөрт орохгүй гээд бид яах юм бэ. Өөр арга зам алга.
Тиймээс нөгөөдөр өглөө яаманд дээр 09.00 цагаас МҮЭ-ийн ерөнхийлөгчийг та бүгдээ төлөөлөл болгож хамтдаа ширээний ард сууж асуудлаа шийдвэрлэхийг ярилцъя. Ажил хэрэгч байдлаар тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийг хүсье” гэлээ.
О.Сайхан
http://www.zaluu.com/read/11e4dh72a