Эрх ашигт “дөнгөлүүлсэн”, манлайлах чадамжгүй улс төрчид

Эрх ашигт “дөнгөлүүлсэн”, манлайлах чадамжгүй улс төрчид

 

Шийдлээ хүлээж буй, бугшсан асуудал Мон­голд өчнөөн бий. Утаа, түгжрэл, ядуу­рал, боловсрол, эрүүл мэндийн хүр­­­­тээмж, тэгш бус байдал, авлига, дарга на­рын да­­вуу эрх гээд нэгбүрчлэн дурдвал тоочиж ба­­­рам­гүй. Эдгээрийг шийдэх гарц, арга замыг эрэл­хий­лэх чиглэлд улс төрчид манлайлж, идэвх чар­­­­­­майлттай ажиллах шаардлага тул­га­­­­раад уд­­лаа. Даанч манай улсын хууль тогтоог­­­­­­­­чид, бод­­­лого, шийдвэр гаргах түвшний хүмүүс, улс, нийс­­­­­­­­лэлийн удирдлагуудад манлайлах чад­­­­­вар ер алга. Өөрчлөлт, шинэчлэл хийх, өөрийн гэ­­­сэн “өв” үлдээх амбиц, зорилго тэмүүлэл ч тэд­­­­­­нээс огт “ханхалдаггүй” нь харамсалтай. 

Улс төрийн манлайлал буюу political leader­­­­ship гэдгийг улс төрийн хүрээнд бол үү­­рэг хариуцлага, ур чадвар, ёс зүйн асууд­­­­лыг ха­марсан ойлголт гэж үздэг. Өөрөөр хэл­­­­­­бэл, тухайн эрхэлж буй ажил, албан тушаа­­лын онц­лог, түүнийг дагалдаж “ирсэн” өндөр үү­рэг ха­­­­­­­­риуц­­­лага, ёс зүйн хэм хэмжээг ухамсар­­лан ойл­­­­­гож, нэр төртэйгөөр сахин биелүүлж, ний­гэм, улс, эх орон, олон нийтийн эрх ашиг, сайн сайх­ны төлөө зарчимч, шударга ажиллан, то­дор­­­хой түвшинд үлгэрлэл үзүүлэх нь улс тө­рийн ман­­лайлал юм. Энэ нь алсын хараатай шийд­­вэр гаргалт, байр сууриа хамгаалах чадвар, нө­­лөө­лөл, харилцаа, хандлага, эсэргүүцэх, эрх мэ­­дэл, албан тушаалтай “тулалдах” эр зориг зэр­­гээр хам­­гийн түгээмэл илэрдэг аж. Ингээд тоо­чи­хоор Монголын улс төрчид хэр зэрэг ман­лай­­лал үзүүл­­­­­дэг нь уншигчдын ой тойнд тов тодор­­хой буух биз ээ. 
Сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд бий болсон 126 гишүүнтэй шинэ парламент хам­тарсан гэх тодотголтой Засгийн газраа бай­­­­­­гуу­лаад хагас жилийн нүүр үзлээ. Уг нь олон на­­мын тө­лөөлөл бүхий парламент, Засгийн газар­­тай болс­ноор эрх мэдлийн төвлөрлийг сааруу­­лах, олон ургалч үзлийг төлөвшүүлэх, засаг­ла­­лыг сайж­руулах ач холбогдолтой, үүнийг да­­­­гаад улс төрчдийн хариуцлага нэмэгдэнэ, ёс зүй сай­­жирна хэмээн хууль тогтоогчид суртал­­чилж байв. Энэ нь цаад агуулгаараа улс төрийн орч­­ныг илүү эрүүл болгох, парламентыг чадавх­­­жуулж, “ча­наржуулах” асуудал юм. Парламен­­­тын засаг­­­лалыг чадавхжуулж, “чанаржуулна” гэ­­дэг нь мэдлэг боловсролтой, чадвар чан­­­саа­тай, зарчимтай, ёс зүйтэй, манлайлах хэм­­­­­­жээнд ажил­лах хүмүүсээр багаа бүрдүүлнэ гэ­сэн үг. Ха­­­рамсалтай нь, шинэ парламент, Зас­­гийн газ­­­рын гишүүд нийгэмд үлгэрлэл, манлайлал үзүү­­лэх нь байтугай үүрэг хариуцлагаа ухам­­сар­­­­лаж, үндсэн ажлаа ч олигтой хийлгүй, дү­­­­­­лий дүмбэ царайлсаар 2024 оныг үдэв.    
УИХ-ын 126 гишүүний 80 нь парламен­тад анх удаа сонгогдсон хүмүүс бол 41.3 хувь нь 27-45 насныхан. Олонх нь шинэ үеийн төлөө­лөл гэ­­сэн үг. Залуус аль ч үед нийгмийн хандла­гыг өөрч­­лөх, ухамсрыг сэрээх гол хөшүүрэг бол­соор ирсэн байдаг. Тиймээс тэдний дуу хоо­­лой, оролцоог өөрчлөлтийн бэлгэ тэмдэг гэж үз­­­­дэг юм. Энэ үүднээсээ “нүсэр” бүрэлдэхүүн­­тэй, шинэ парламентаас иргэд, олон нийт өөрч­­­лөлт, ман­лайлал хүсэж, хүлээж байсан нь нууц биш. Даанч тэд олуулаа болсноос өөр он­цын өөрчлөлт, ахиц дэвшил авчирсангүй. Ж.Баяр­маа, С.Цэнгүүн, А.Ундраа, Д.Энхтүвшин тэр­гүү­тэй  гарын хуруунд багтах цөөн гишүүн л агаа­­рын бохирдол, эрчим хүчний хангамж, шаард­­­лагагүй бүтээн байгуулалт, төсвийн үрэл­гэн тө­­лөвлөлтөд анхаарал хандуулж, нийтийн эрх аш­­гийн төлөө дориун дуугарлаа. Зарим нь үү­­­­­нийхээ “шанг” ч хүртэж, хуурамч мэдээлэл, гүт­­гэлгийн бай болсон. Зарим нь улс төрийн “хав­­­­­ханд” орохгүйн тулд эрхэлсэн албан ту­­­шаал, ногд­­­­сон үүрэгт ажлаасаа зай авч эхлэв. 
Улс төрийг зөвхөн эрх мэдэлд хүрэх гүүр,  бо­ломж гэж хардаг хүмүүс манлайлагчдад үр­­­гэлж дайсагнаж, тэднийг санаатайгаар хар­луулж, муу муухайгийн баг зүүх гэж оролддо­­­­гийг шинэ парламентын “он тоолол” эхэлснээс хой­­ших богино хугацаанд өрнөсөн үйл явдлууд ч харууллаа. 
Улс төрийн манлайллын онол боловс­­­руул­даг, энэ чиглэлийн академик судалгаа, үнэл­гээ хийдэг олон улсын цөөнгүй байгууллага бай­­даг. Тэдгээрээс гарсан судалгаа, нийтлэлүүдэд дур­даж буйгаар орчин үед улс төрийн манлайл­­­­лын хэд хэдэн сонгодог хэлбэр бий гэнэ. Хам­­­­­гийн эх­нийх нь, асуудлыг зоригтойгоор хөн­дөж, нийг­­мийн анхаарлын төвд оруулах эр зоригийн ман­­­лайлал. Олон хүн хэлэхээс эмээж буй, эс­вэл нийгмийн хөгжилд хор нөлөөтэй асуудал, али­ваа шийдвэрийг илчилж, үүний эсрэг чанга дуу­га­рах нь улс төрчдөд байх хамгийн чухал ча­нар аж. Удаах нь олонхыг сөрөх итгэл үнэмш­­­­лийн манлайлал. Хүчтэй нөлөө бүхий, эсвэл олонд таалагдсан шийдвэр, үйл ажиллагааны үр дүн нь нийгэмд хортой бол түүнийг зоригтойгоор сөрж, засаж залруулах “зам гаргах” нь зүй ёс­ных гэж үздэг. Хариуцлага нэхэх, шаардлага та­вих, ёс суртахууны өндөр түвшний үлгэрлэл үзүү­­лэхийг ч үүнд багтаадаг юм билээ. Өөр нэг нь эрх мэдэл, албан тушаалтай “тулалдах” ман­лайлал. Олонхын эрх ашгийг хамгаалахын тулд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах, өөртөө эрс­дэл үүсэхийг хүлээн зөвшөөрнө гэдэг улс төрч­­дөд зайлшгүй байх ёстой чадвар гэнэ. Үүнийг “өөр дээрээ гал дуудах” ч гэж хэлдэг.  
Монголын улс төрчдөд эр зориг, итгэл үнэм­шил, эрсдэл үүрэх чадвар нийтлэгээрээ ду­­тагдалтай. Тухайн үеийнхээ албан тушаал, эрх мэдэл, байр сууриа аль болох удаан хад­­галж, дахин парламентад сонгогдох гэсэн хүсэл нь тэд­ний нүд, чих, амыг тагладаг. Жижиг эрх ашиг буюу намын даргадаа тал алдахгүй байж да­­раагийн сонгуульд нэр дэвших замаа зас­­даг. Өөрөөр хэлбэл, тэдэнд олон нийтийн эрх ашиг падгүй гэсэн үг. Нийгмийн тулгамдсан асуу­­­дал, алдаа дутагдалтай бодлого, шийдвэрүү­дийн та­­лаар зарим нь дуугардаг ч ихэнхдээ ний­тэд таалагдах гэсэн дүр эсгэлт байх нь олон­тоо. Эсвэл өөр лүү нь чиглэсэн элдэв дайралт, эрх ашгийн зөрчлөөс болгоомжилж замынхаа та­­­лаас буцан, таг чиг болчихдог. Хариуц­­­лага нэ­­­хэх, шаардлага, хяналт тавих, аливаа зүй­­­лийн эцсийг үзтэлээ тууштай явах гэсэн ойл­голт ер бай­­даггүй. Шинэ парламентын ги­шүүдээс Ж.Баярмаа 2025 оны улсын төсвийн төс­­­лийг хэлэлцэх үед эрх баригчдыг сөрж, “анги” дот­роо манлайллаа. Иргэд, олон нийт бай­­­­ту­гай пар­­ламентын гишүүдэд ч ойлгомжтой хэлбэ­­­­рээр, бүрэн эхээрээ олддоггүй гэх төсвийн төсөл дэх олон “но”, будилааныг тэрбээр илч­лэн, Зас­гийн газрын тэргүүн, Сангийн сайдыг хүч­тэй шүүмжилсэн юм. Зөвхөн чуулганы ху­­рал­дааны үеэр үүний талаар яриад зогсохгүй нийг­­мийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр ч байр сууриа илэрхийлж, төсөвтэй хол­боо­­той тоо баримтуудыг дэлгэсэн. Түүнч­­лэн УИХ-ын хамгийн залуу гишүүн гэгдэж буй С.Цэн­гүүн эрчим хүчний салбарын бугшмал асууд­­­­луудыг ил тод ярьж, төрийн ажлыг то­­­дор­хой санаа зорилготойгоор улстөржүүлж га­­­цаадаг, хөгжлийн тушаа болсон хүмүүсийг шүүмжилсээр байгаа. Энэ бол улс төрд байх ёс­­той, улс төрчдийн дуугарч, хөндөж л явах учиртай асуудал юм. Гэтэл ингэж дуугардаг нь төрд дэндүү цөөн, олонх нь албан тушаалын дөнгөнд амаа үдүүлчхээд буй. 
Манлайлал гэдгийг хүмүүс нүсэр том агуул­гаар, өргөн хүрээг хамарсан хөдөлгөөн, үйл явд­­­лаар төсөөлдөг талаар судлаачид дурд­жээ. Тодруулбал, улс төрийн ман­­­­­­лай­­­­­лагч­дыг иргэдээр нэрлүүлэхэд, арьс өнгөөр ял­­­гавар­лах бодлогыг халсан Нелсон Мандела, дэл­хий дахинаа танигдсан Уинстон Чер­­чилль, тө­мөр хатагтай Маргарет Тэтчер, Энэтхэ­гийг Бри­­­­танийн колоничлолоос чөлөөлсөн Ма­­хатма Ганди зэрэг алдартнуудыг дурддаг аж. Гэ­­­тэл үнэн хэрэгтээ улс төрийн манлайлал гэ­дэг нь хуу­­лиар хүлээсэн үүрэг хариуцлагаа бү­рэн дүү­­рэн ухамсарлаж, ёс зүйн хэм хэмжээг са­хин бие­­лүүлэхээс эхэлдэг байх нь. Нийтийн эрх ашгийг хам­­­­­гаалсан нэг удаагийн ухаалаг шийд­­­вэр, үйл­­дэл ч манлайллын жишиг болдог гэнэ. Учир нь манлайлагчдын гаргасан жижиг жимүүд ний­лэн нийлсээр улс төрийн орчныг эрүүлжүүлэх харгуй замыг бий болгодог ажээ. Харин ма­най улс төрчид амин хувийн буюу жижиг эрх аш­гаа бүхнээс дээгүүрт тавьж, улс төрд манлайла­­хаас хойш суудаг жишиг тогтоожээ. 

Н.Мишээл

https://www.unuudur.mn/a/273120

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen