Б.Түвшин: Дийлэнх ханиад шуухинаа 10-14 хоноод өөрөө аяндаа сайжирдаг

Б.Түвшин: Дийлэнх ханиад шуухинаа 10-14 хоноод өөрөө аяндаа сайжирдаг

 

Зинт клиникийн яармаг салбарын эрхлэгч, хүүхдийн эмч Б.Түвшинтэй ханиад шуухинаа, хатгалгаа, томууны талаар ярилцлаа.
-Хурдан хугацаанд хатгалгаа болдог ханиад байгаа учраас хурдхан эмнэлэг яв гэсэн зөвлөгөөг эцэг эхчүүд нэг нэгэндээ өгдөг. Яг ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн бол хатгалгаа болдог вэ. Ер нь ямар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандах вэ?
-Уушгины хатгалгаа нь вирус, нян, маш цөөн тохиолдолд мөөгөнцрийн халдвараар үүсгэгддэг. Түүнчлэн нярай, нялх хүүхдэд аспирацийн (сорогдолт) хатгалгаа ховор боловч тохиолдно. Бага насны хүүхдийн дунд хатгалгааны хамгийн түгээмэл тохиолдох үүсгэгч нь нянгаас стрептококк, микоплазм, харин вирусаас томуу, АЗСВ байна. Эдгээрээс томуу нь хурдан хугацаанд буюу 24-72 цагийн дараа хатгалгаа болдог. Вирус болон нянгийн шалтгаантай хатгалгааны илрэх шинж тэмдэг адилхан. Таван наснаас доош хүүхдүүд ханиалгаж амьсгалахад бэрхшээлтэй болох, өндөр халуурах, амьсгал олширох, цээж хонхолзох шинж илэрвэл хүүхдийн эмчид яаралтай хандана. Шуугиантай амьсгал бага насанд дийлэнхдээ вирусийн халдварын үед тохиолддог.
-Бага насны хүүхдүүдэд түгээмэл илэрч буй ханиалгах, хамар ам битүүрэх, бөөлжих зэрэг шинж тэмдгүүдтэй вирусээр үүсгэгдсэн ханиад нь хэдий хугацаанд хатгаа болох вэ. Ямар тохиолдолд хатгалгаа үүсэх үү?
-Амьсгалын замын синтициаль вирус нь 1 нас хүрээгүй хүүхдийн дунд элбэг бөгөөд 4-6 хоногийн дараа хатгалгаа болох нь элбэг.  Хэдийгээр эрүүл өсч буй хүүхэд төрөлхийн хамгаалах чадвартай байдаг ч дархлаа тогтолцоо нь хоол тэжээлийн дутагдал буюу хангалттай шим тэжээлтэй хооллохгүйгээс (үүнд хөхөөр хооллодоггүй) болж суларсантай холбоотой уушгины хатгалгаа үүсэх эрсдэл нэмэгддэг. Гадаад орчны нөлөө ч мөн хамаардаг ба ялангуяа агаарын бохирдол ихтэй, олуулаа амьдардаг, гэр бүлийн хэн нэгэн тамхи татдаг бол бусад шалтгаантай ханиад шуухинаа нь уушгины хатгалаа болж хүндрэх эрсдэлтэй.
-Хатгалгаа болсон бол үндсэн шинж тэмдэг нь юу вэ. Эцэг, эхчүүд хэрхэн таньж мэдэх арга бий юү?
-Зовуурьтай ханиалгах, халуурах, тайван үед амьсгаадах, яраглаж амьсгалах, зайнаас шуугих, цээж хонхолзох, өдрөөс өдөрт биеийн байдал дордовол эмчид яаралтай үзүүлэх шинжүүд.
-Харшлын цитиризн, хлорфенамин, фенистил гэх мэт эм нь ханиаж, бөхшүүлэхэд үр дүнтэй юу?
-Амьсгалын замын халдварт өвчний үед салст үрэвссэний улмаас ханиалгах, улайх, үрэвслийн шингэн ялгарах зэрэг шинжүүд илэрч байгаа. Харшлын эмнүүд ямар нэгэн эерэг нөлөө үзүүлэхгүй ба харин ч ДЭМБ-аас эдгээр эмүүдийг өгөхийг зөвлөдөггүй.
-Хатгалгаа болоогүй байх үед антибиотик хэрэглэх нь хатгалгаанаас урьдчилан сэргийлдэг үү? Ханиад хүрэв үү, үгүй юү манайхан эмээр бөмбөгдөж эхэлдэг шүү дээ.
-Уушгины хатгалгааны эмчилгээ нь антибиотик байдаг, харин антибиотикийг ханиад шуухинааны үед хатгалгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх нь харин ч эсэргээрээ эдгэрэлтийг удаашруулж болно. Антибиотик нь вирусийг устгах ямар нэг нөлөөгүй. Үүний оронд анхнаасаа товлолт вакцин, сайн дурын болон нэмэлт дархлаажуулалтандаа хамрагдвал уушгины хатгалгаагаар хүндрэхээс сэргийлэх боломжтой.
-Манай улсад ямар төрлийн ханиад үүсгэгч вирусүүд өргөн тархаж байгаа вэ. Тэдгээр нь нийтлэгдээ хэд орчим хоногийн дараа эдгэж байна вэ. Гэрээр хэрхэн эмчлэх вэ?
-2024 оны 12 сарын хугацаанд томуу А, SARS-CoV-2, АЗСВ, Риновирүс, Аденовирүс, Иж томуугийн вирүс, Метапневмовирүс зэрэг ихсэж байна. Дийлэнх ханиад шуухинаа 10-14 хоноод өөрөө аяндаа сайжирдаг бол уушгины хатгалгаагаар хүндэрвэл хүндрэлийн зэрэг, наснаас хамаарч 1 сар түүнээс ч удаан хугацаа шаардаж болно. Гэрээр шингэн сайн уулгах, халуун бууруулах, шим тэжээлтэй хоол хүнс өгөх, сайн унтуулж амраах зэргээр ханиад шуухинааг эмчлэх боломжтой бол уушгины хатгалгааг мэргэжлийн эмч нар хүүхдийн жин нас, онцлогт тохируулан эмчилгээг сонгоно. ДЭМБ -ын удирдамжаар 5 хүртлэх насны хүүхдийн хатгалгааг
  • Уушгины хатгалгаа (гэрээр эмчлэгдэнэ)
  • Уушгины хүнд хатгалгаа (эмнэлэгт эмчлэгдэнэ)
  • Уушгины маш хүнд хатгалгаа (сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэнэ) гэж 3 ангилдаг.
-Вирусийн гаралтай ханиад аваад нян болж хувирч байна гэдэг нь эдгэж байна гэсэн үг үү. Хүндэрч байна гэсэн үг үү. Жишээ нь, нус цагаан байснаа ногоон болж хувирдаг гэх мэт...
-Нус, цэр нь дархлааны үйл ажиллагаанаас шалтгаалж цагаан, ногоон өнгөтэй болж байгаа болохоос нянгаар хүндэрч байгааг илтгэх шинж биш юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн байдлыг сайтар ажиглаж анзаарах хэрэгтэй. Өдрөөс өдөрт 1 мин-д амьсгалын тоо нэмэгдэх, нурмайж, идэж уухдаа муудаж байвал хүндэрч байна гэсэн үг.
-Хатгалгааг мөн эсэхийг мэдэх зорилгоор рентген хийлгэх нь хэр оновчтой вэ?
-Уушгины хатгалгаа бүрт цээжний рентген шинжилгээ шаардлагагүй.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen