Хүлээлтийн жил 2025
Улиран одсон 2024 онд дэлхийн даяар их сонгуулийн жил тохиож 80 шахам оронд ойролцоогоор дөрвөн тэрбум хүн ирэх он жилүүдэд өөрчлөлт авчрах итгэл найдвар тээн саналаа өгсөн. “Америкийг дахин агуу болгох” даалгавар авсан Дональд Трампын эргэн ирэлтээс эхлээд Их Британи, Энэтхэг, Япон, БНСУ, Мексик, Өмнөд Африк зэрэг олон оронд эрх баригч намууд парламентад зонхилох суудлаа алдсан нь улс орныхоо ирээдүй, эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байгаа сонгогчдын тавьсан дүн юм.
Тэгвэл 2025 он бүхэлдээ шинэ удирдагчдаас сонгуулийн амлалтаа нэхэх, өөрчлөлтийг ярих бус бодитоор үлгэрлэхийг шаардах хүлээлтийн жил байх төлөвтэй. Эс бөгөөс геополитикийн өрсөлдөөн улам ширүүсэж буй дэлхий ертөнцөд эмх замбараагүй байдлын шинэ давалгаа үүсэж болзошгүй юм.
Трампын амыг харна
Нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх Дональд Трампын шийдвэрээс дэлхий нийтийн олон асуудал хамаарна. Дөрвөн жилийн өмнөхөө бодвол Д.Трамп энэ удаагийн сонгуульд өрсөлдөхдөө илүү өргөн цар хүрээтэй эдийн засаг, эрчим хүчний бодлогод суурилсан өөрчлөлтөөр цагаачлал, нийгмийн бодлогыг засаж сайжруулах амлалт өгсөн билээ. Хилийн чанад дахь зэвсэгт мөргөлдөөнөөс Америкийг салгах бодлого баримталдаг Трампыг юун түрүүнд Украины дайныг эцэслэх яриа хэлэлцээрийн эхлэлийг тавина хэмээн олон улс анхааралтай ажиглаж буй. Трамп ч нэн түрүүнд Орос, Украины төрийн тэргүүнүүдтэй уулзах төлөвлөгөөтэй гэдгээ мэдэгдсэн бол Владимир Путин хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ оны өмнөхөн илэрхийлсэн.
Гэхдээ Путины энхийн хэлэлцээ хийх гол нөхцөл Донецк, Луганск, Запорож, Херсон мужуудаас Украин цэргээ гаргаж НАТО-д элсэхээс татгалзсан тохиолдолд гал зогсоох болзол хэвээр байгаа. Тэгвэл Оросын хүсэл зоргоор энхийг тогтоохыг шууд зөвшөөрөх нь амбиц ихтэй Трампт тохирох үйлдэл биш. Хэдийгээр сонгуулийн амлалтдаа НАТО болон Украинд үзүүлэх түсламжаа танахыг тунхаглаж байсан ч шинэ Ерөнхийлөгчийн өнгөн дээр АНУ-ын дэмжлэг шууд зогсох нь эргэлзээтэй юм. Ясны бизнесмэн Трамп цэргийн тусламжийн хэлбэрээ өөрчилж Украинд нийлүүлэх зэвсэг техникээ урт хугацааны зээл, ленд-лиз нөхцөлөөр нийлүүлж зоос нэг бүрээ маш нарийн тооцно гэж ажиглагчид үзэж буй. Нөгөө талаар энэ нь Украин, Орос хоёрыг хэлэлцээний ширээний ард суулгах гол хөзөр болох ажээ.
Өөр нэгэн халуун цэг болох Ойрхи Дорнодод дайны утаа тийм ч амархан замхрахгүй нь Израилийн эрх баригчдын дайнч хандлагаас тодорхой харагдах болсон. Трамп өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд Израиль Палестины мөргөлдөөнийг шийдвэрлэх “эцсийн хэлэлцээр”-ийг зуучлах амлалтаа умартсан. Харин ч бүр АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалимд нүүлгэн шилжүүлж, Голаны өндөрлөг дэх еврейчүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх зэргээр Израилийг дэмжсэн бодлого явуулсан нь энхийн хэлэлцээрийг мухардалд оруулж байв. Харин 2024 оны сонгуулиар Газын зурвас болон Ливанд үргэлжилж буй дайныг зогсоохын зэрэгцээ бүс нутагт Ираны нөлөөг хумих амлалт өгөөд буй. Гэтэл шинээр бүрдүүлж буй Засгийн газрын танхимдаа Израилийг тууштай дэмждэг улстөрчдийг нэр дэвшүүлж байгаагаас харахад энэ бүс нутагт урт хугацаанд энх тайван тогтоох цорын ганц шийдэл болох Палестины тусгаар улсыг байгуулах алхмыг Д.Трамп эхлүүлж чадахгүй гэж дүгнэж байгаа юм. Шинэ он гарсаар хийлгэсэн анхны хэвлэлийн хурлаараа Трамп тангараг өргөхөөс нь наана барьцаанд байгаа Израилийн иргэдийг суллахгүй бол Хамас бүлэглэл төдийгзүй Ойрхи Дорнодыг орвонгоор нь эргүүлнэ гэж сүрдүүлээд амжив. Ер нь тангараг өргөж үүрэгт ажлаа хүлээж авах хугацаа нь дөхөх хэрээр Трампын зоргоороо мэдэгдлүүд олширч буй. Тухайлбал, Канадыг нэгдсэн улсын 51 дэх муж болохыг уриалж, Панамын суваг болон Гренланд арлыг цэргийн хүчээр эзлэх боломжийг үгүйсгэхгүй хэмээсэн нь холбоотнуудын тэвчээрийг хүртэл барах боллоо.
Хямралд нэрвэгдсэн өөр нэгэн бүс нутаг болох Суданы дайнд Трамп төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа бол дарангуйллын дэглэмээс ангижраад удаагүй Сирийн асуудалд курдуудыг дэмждэг Туркийн дараагийн нүүдлээс хонжоо харахаар анаж буй нь тодорхой. Түүнчлэн Хятадтай хийх худалдаан дээр татварын асуудал л сөхөхөөс бус Тайвань хийгээд Өмнөд Хятадын тэнгисийн зөрчилдөөнд Хятадын эсрэг зогсох эсэх талаар ам нээгээгүй байна.
Худалдааны дайн 2.0
Трампын амыг харах удаах асуудал нь Хятадаар хязгаарлагдахгүй хөрш Мексик, Канадаас ч нүүр буруулж мэдэх өндөр татвар юм. Ерөнхийдөө Дональд Трампын засаглалын үед хэрэгжих протекционист бодлого нь улс төрөөс гадна олон улсын худалдаа эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэнэ гэсэн хүлээлт бий. Анхны бүрэн эрхийнхээ үед 2018 оны зун Хятадтай худалдааны дайн эхлүүлж байсан Трамп энэ удаад Бээжингийн бараа бүтээгдэхүүнд 60 хувь харин Мексик, Канадын импортод 25 хувийн татвар тавина гэж сүрдүүлсэн. Импортын бараанд худалдааны өндөр татвар ногдуулах төлөвлөгөө нь холбооны төсвийн алдагдлыг нөхөж, хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулж, АНУ-д шинэ ажлын байр бий болгох үндсэн зорилготой. Дэлхийн хамгийн том импортлогч орон болох АНУ нь жилдээ 3.2 их наяд ам.долларын бараа импортоор авдагийн 40 орчим хувийг БНХАУ, Мексик, Канад нийлүүлдэг.
Хэрвээ Хятадад ногдох татварыг үе шаттайгаар 60-д хүргэж гэмээнэ дэлхийн тэргүүлэх хоёр эдийн засаг туйлын тодорхойгүй, аюултай байдалд орох эрсдэлтэй.
Нөгөө талаас өнгөрсөн хугацаанд Хятадын компаниуд Америкаас хараат байдлаа үлэмж хэмжээгээр бууруулж чадсан болохоор Бээжин худалдааны шинэ дайнд төдийлөн барьц алдахгүй гэж эдийн засагчид үзэж байна. Протекционизм эрчимжихийн хэрээр дэлхийн өмнөд хэсэгт шинэ зах зээлд нэвтрэхээр чармайж байгаа Хятадын АНУ-д барих хариу нь бараа бүтээгдэхүүнд ижил татвар ногдуулах мэтийн энгийн зүйл бус харин ч Вашигтоны эмзэг цэгт хатгах илүү урхагтай үйлдэл байж болзошгүй. Товчхондоо тарифын татвар нэмэх нь худалдааны түншүүддээ дарамт үзүүлэх Трампын аман мэх гэж тодорхойлж буй. Хэрвээ Цагаан ордны хуучин эзэн сүрдүүлгээ бодит ажил хэрэг болговол Мексик, Канад улсуудын АНУ-д хийх экспорт 70 хувиар, Хятадынх даруй 83 хувиар буурах юм.
Хиймэл оюуны нутагшил
2025 оноос мэндлэх “Бета үеийнхэн” хиймэл оюун ухаанд суурилсан бодит байдалд амьдарна гэж үздэг. Тэгвэл хиймэл оюуны талаарх өмнөх жилүүдийн таамаг төсөөлөл өндөрлөж бизнесийн стратегид бодитоор нэвтэрч эхэлнэ гэсэн хүлээлт байна.
Өнгөрсөн жил хиймэл оюуны хөгжүүлэлтэд тэрбум гаруй ам.доллар хаяж бизнесийн стратегиа эрс өөрчлөн хол алхаж чадсан Google, Meta-ийн жишгээр технологийн компаниуд бүтээгдэхүүн, төхөөрөмж бүрдээ AI-ийг тодорхой хэмжээгээр ашиглаж эхэлсэн нь үүний нотолгоо. Хойшид AI-д суурилсан бизнесүүд зөвхөн чат-бот, зураг дүрс завсарладаг аппликейшнээр хязгаарлагдахгүй, хүний танин мэдэхүйн чадавхийг давж чадах цэвэр хиймэл оюунд суурилсан техник хэрэгсэл бидний энгийн хэрэглээ болно. Харин хиймэл оюуныг хөгжүүлэх дата төвүүдэд тасралтгүй найдвартай эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай. Тийм ч учраас “Alphabet”, “Amazon”, “Meta”, “Microsoft” зэрэг томоохон компаниуд хөрөнгийн зардлынхаа тэн хагасыг технологид, үлдсэнийг нь эрчим хүчний эх үүсвэрээ бататгах урт хугацааны хөрөнгө оруулалтад зарцуулж байна. Алсдаа хиймэл оюуны хөгжил цөмийн эрчим хүчний технологиос улам бүр хамааралтай болох нь.
Инфляцын дараа
Дэлхий нийтээр инфляцын түвшин аажмаар буурах хандлага ажиглагдаж буй нь Төв банкуудад мөнгөний бодлогын төлвөө сулруулж, эдийн засгийн идэвхжилээ дэмжих боломж олгоно.
Олон улсын валютын сан 2025 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.2 хувьд хүрнэ гэж таамаглаж буй бол Дэлхийн банкны төсөөллөөр 2.7 хувиас хэтрэхгүй аж.
Сонгуулийн дараа АНУ-ын эдийн засгийн өсөлт тогтворжиж инфляц буурсан хэдий ч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт урт хугацаанд хадгалагдана. Европын эдийн засгийн өсөлт саарч, Германых бүр хоёр жилийн турш уналтад орсон ч геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж зардлаа танахаас илүүтэй батлан хамгаалах төсвөө нэмэх сорилттой тулгарна. БНХАУ-ын эдийн засаг энэ онд 4.8 хувиар өсөх төсөөлөлтэй ч үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, АНУ-тай өрнүүлж магадгүй худалдааны дайнаас бүх зүйл шалтгаална.
Улс орны Төв банкууд энэ онд бодлогын хүүгээ бууруулж, дунджаар таваас дөрвөн хувьд барихаар өнгөтэй байгаа бол ам.долларын ханшийн өсөлт I улиралд дээд түвшинд хүрч, бусад хугацаанд голлох валютуудын эсрэг чангарсан хэвээр байх аж.
Хүн ам зүйн хямрал
Америк түүхэн дэх хамгийн өндөр настай улстөрчид Ерөнхийлөгчөөр дараалан сонгогдлоо. Жо Байден, Дональд Трампаар тогтохгүй дэлхийн удирдагчдын ахимаг нас хямралт асуудлыг шийдвэрлэхэд улам бүр чамлагдах болсон. Манлайлах удирдагчаас гадна нийт хүн амын насжилт дагасан ажиллах хүчний хомсдол, нийгмийн халамж үйлчилгээний төсөвт үзүүлэх дарамт улам бүр нэмэгдсээр. 2070 он гэхэд хүн төрөлхтний 20 хувь нь тэтгэврийн насныхан болох эрсдэлээс урьтаж дэлхийн улс орнууд төрөлтийг дэмжих бодлогоо энэ оноос эрчимтэй явуулна. 2024 онд гэхэд л хүн амын үзүүлэлт нь буурсан Япон, ОХУ, БНСУ төрөлтийг дэмжих хуулийн төсөл баталж, БНХАУ “Нэг хүүхэд” бодлогоо зөөлрүүлсэн юм.
2025 он Монголын амьдралд
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентад сонгогдсон 126 гишүүний баталсан анхны “алдагдалгүй” тодотголтой төсөвт энэ жил нийт 314 төсөл, арга хэмжээг 19.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан билээ. Тэр дундаа хамтарсан Засгийн газрын нэрийн хуудас болж буй урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох зорилготой 14 мега төсөл 2025 онд гараанаас гарч байна. УИХ шинэ оны босгон дээр Засгийн газраас өргөн барьсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээний үндсэн чиглэлийг баталж, Франц улстай хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэж эхэлсэн нь ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлт, монголчуудын амьдралын чанарын үзүүлэлтийг тодорхойлно.
Олон улсын банк санхүүгийн байгууллагууд ч 2025 онд Монголын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлж буй. Тухайлбал, Дэлхийн банкны таамаглалаар өсөлт энэ жил 6.5 хувьд хүрч, дунд хугацаандаа өсөлтийн төлөв эерэг буюу 2026-2027 онд зургаан хувьд хадгалагдах боломжтой аж. Экспортын гол бүтээгдэхүүн болох коксжих нүүрсний үнэ 2025-2026 онд 12 орчим хувиар буурах тооцоо байгаа ч Оюутолгойн үйлдвэрлэлийн өсөлт болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт нүүрсний үнийн уналтыг нөхөж, эдийн засгаа дэмжих юм.
Эдийн засаг, бизнесүүдийн хувьд томоохон хүлээлт үүсгэсэн үгсийг ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ ын дарга нар он солигдох мөчид хэлсэн үгэндээ онцолсон билээ. Үүнээс хамгийн их анхаарал татаж буй нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг хөнгөлөх тухай Ерөнхий сайдын хэлсэн үг байв. Тэрээр энэ хаврын чуулганд уг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн шинэчлэлээ өргөн барихаа мэдэгдэв.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл