"Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх" заалтыг хасах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зуржээ
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.32.8-д "Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх" гэж тусгагдсан. Гэвч энэхүү заалтыг эсэргүүцэн, хасуулахаар иргэн Н.Анхзаяа 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд “Нийтийн өргөдөл, гомдлын систем”-д өргөдөл байршуулсан билээ. 33 мянган иргэний гарын үсэг цуглуулахаас өчигдрийн байдлаар (2025.01.06) 33040 иргэн дэмжиж гарын үсэг зурж, өргөдлийн хугацаа хаагдлаа.
“Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх” үйл ажиллагааг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс хасаж, Монгол төр хагас зуун жил дархлан хамгаалсан Говийн их дархан цаазат газрыг бүрэн бүтнээр нь ирээдүй хойч үед өвлүүлэн үлдээж Монгол Улсын иргэдийн өмнө төдийгүй олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан билээ.
1992-1993 онуудад дөрвөн удаа нээж ажиллуулаад ахин нээх асуудлыг дэмжээгүй
Иргэдийн зүгээс эсэргүүцэж буй шалтгаан нь уг боомтыг нээснээр байгаль орчин, ан амьтанд нэн их хохирол үүснэ гэж үзэж буй. Учир нь Нарансэвстэйн боомт нь Говийн их дархан цаазат газарт байрладаг. Говийн их дархан цаазат газар нь 1975 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар байгуулагдсан ба 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газарт бүртгэгдсэн, унаган байгаль, мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт зэрэг олон зүйл ховор амьтдын өлгий, дэлхийд данстай газар нутаг юм.
Эдгээрийн дотор мазаалай зөвхөн Монгол оронд, хавтгай Монгол, Хятадын нутагт цөөн тоотой орших ба тархац нутаг хязгаарлагдмал, популяцийн хувьд устах аюулд орсон амьтад юм. Эрдэмтдийн судалгаагаар манай оронд мазаалай 50 хүрэхгүй, хавтгай 600 толгойгоос хэтрэхгүй. Нарансэвстэй боомт нь Дархан цаазат газрын А хэсэгт хамаарах бөгөөд 1992-1993 онуудад 4 удаа нээж ажиллуулаад, 1998, 2002 онуудад УИХ, ЗГ-ын ажлын хэсэг ажиллан “боомт нээх нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихтэй, нөгөө талаар эдийн засгийн болон бусад давуу тал, онцгой ач холбогдолгүй” хэмээн дүгнэж ахин нээх асуудлыг дэмжээгүй.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.32.8-д "Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх" гэж тусгагдсан нь
Монгол Улсын Үндсэн хуулийн
-Нэгдүгээр зүйлийн 2-д “...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”,
-10 дугаар зүйлийн 2-д “...Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ…”,
-3-д …Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ…,
-70-р зүйлийн 70.1-д “...Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино...” гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж буй. Мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хэд, хэдэн конвенцуудыг зөрчиж байна хэмээж буй. Үүнд,
-Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенци,
Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцийн Хоёрдугаар зүйл буюу Үндсэн зарчмууд болох “…Тархац нутгийн бүсийн улсууд нүүдлийн зүйлүүдийг хамгаалах, энэ зорилгод нийцүүлэн тохирсон, мөн зохицсон арга хэмжээ авч байхыг зөвшөөрөх, хамгаалалтын статус нь тааламжгүй байгаа нүүдлийн зүйлүүдэд онцгой анхаарал тавин тэдгээр зүйлүүдийг болон идээшил нутгийг нь хамгаалах талаар тохиромжтой, зайлшгүй алхмуудыг дангаараа болон хамтын ажиллагааны явцад хийхийн ач холбогдлыг Талууд хүлээн зөвшөөрнө…, гэсэн заалт,
Биологийн олон янз байдлын тухай конвенцийн 8 дугаар зүйлийн
d-д заасан “…экосистем болон байгалиас заяасан эх нутгийг нь хамгаалах, төрөл зүйлийн амьдрах чадвар бүхий бүлгэмдлийг байгальд нь хамгаалахад туслах…”,
h-д заасан “…экосистемүүд, төрөл зүйлүүд, тэдгээрийн амьдардаг орчинд аюул занал учруулж байгаа гаднын зүйлийн интродукцийг арилгах, тэдгээрт хяналт тавьж устгах…” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэж буй.