Томуу, томуу төст өвчний хүндрэл болон цаг үеийн асуудлын талаар ЭХЭМҮТ болон ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Энхтайван: Томуугийн А хүрээний H1N1 хэв шинж, амьсгалын синцитиал вирус зонхилж байна. Томуугийн А хүрээний H1N1 хэв шинжүүд уушгийг хүчтэй, цочмог гэмтээдэг. Бусад эрхтэн рүү хүндрэл амархан өгдөг хоруу чанар өндөртэй. Амьсгалын синцитиал вирус нь зургаа хүртэлх сартай нялх хүүхдүүдийг байлж авдаг. Тэдний уушгийг гэмтээдэг, амьсгалын дутагдалд хүргэж, хүчил төрөгчийн хэрэгцээ үүсгэдэг. Амьсгалын дутагдалд орсон хүүхдүүд хатгаа нь хүнд биш байсан ч ухаан алдана, татна, гэдийнэ, уйлна, тайван биш болж унтаж чадахгүй болно. Хүчилтөрөгч дутсаны улмаас нүүрс хүчлийн хий ихсэж тархи хавагнаж ханиад, томуунаас үүдээд тархины дутмагшилд орох шууд хамаарал бий. Үүнд эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй болно. Бага настай, сульдаатай эсвэл хэт тарган, зүрхний гажигтай, тархины саажилттай, дархлаа султай, архаг хууч өвчтэй хүүхдүүд үүнд хамгийн түрүүнд өртөнө. Манай эрчимт эмчилгээнд талаас илүү нь тийм хүүхдүүд байна. Хэрэв шаардлагатай эмчилгээг хурдан хийхгүй бол тархи нь хавагнасаар байгаад амьсгал, зүрх зогсох аюултай. Иймээс бид үүнийг энгийн ханиад гэж бодож болохгүй. Эцэг эхчүүд маш хариуцлагатай байж, хүүхдээ анзаарч байх хэрэгтэй.
Хоёрдугаарт, ханиад томууны хүндрэлийг олон эрхтний дутагдлаар илэрхийлдэг юм байна. Тодруулбал, тав хүртэлх насны бага насны хүүхдүүд хатгаа авч уушги муудлаа гэхэд доод тал нь гурваас дээш 5-6 эрхтэн хямардаг. Тиймээс хүүхдийн ханиад, томуу нь хүндэрвэл олон эрхтний дутагдалд орно гэж ойлгох хэрэгтэй. Мөн гэдэсний үйл ажиллагаа хямардаг.
Манай орны уур амьсгал хүйтэн, хуурай бас агаарын бохирдол ихтэй байгаа болохоор томуу, томуу төст өвчинд илүү их нэрвэгдэж байна. Хүүхдүүд бидний амьсгалж буй агаараар л амьсгалж буй.
ХӨСҮТ: Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин сүүлийн долоо хоногийн байдлаар дэгдэлтийн түвшинд байгаа аж. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд амбулаториор 111819 үзлэг хийгдсэнээс 13659 тохиолдол томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн. Ингэхээр нийт үзлэгийн 12.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт 15025 дуудлага ирснээс 21 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. Нийт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 87.8 хувьд нь амьсгалын замын халдварын шалтгаантай байгаа юм.