Удаан хугацаанд хөдөлгөөнгүй сууснаар хангалттай дасгал хийдэг хүмүүсийн дунд ч зүрх судасны өвчин тусах эрсдэл нэмэгддэг болохыг судалгаагаар нотолсон байна. Судлаачид суугаа байдалтай байх нь зүрхний дөрвөн төрлийн өвчлөлийн өндөр эрсдэлтэй холбоотой болохыг тогтоож, өдөрт 10,6 цагаас хэтрүүлэн суувал зүрхний дутагдал, зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэл 40-өөс 60 хувиар нэмэгддэгийг тогтоожээ.
Хэт их сууж байгаа тохиолдолд эрчимтэй дасгал хөдөлгөөн хийлээ ч зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулах хүчин зүйл болж чадахгүй байх магадлалтай аж. “Дасгал хөдөлгөөний ач холбогдлыг батлах олон судалгаа байдаг ч хүмүүс өдрийн ихэнх хугацаагаа сууж өнгөрөөж байна. Дээрээс нь хэт их сууснаар яг ямар хор хөнөөл учирч болзошгүйг ойлгохгүй байгаагаас гадна үүний үр дагаврын талаар харьцангуй бага мэдлэгтэй байна” гэж эмэгтэйчүүдийн эмнэлгийн зүрх судасны эмч Эзимамака Ажуфо дурджээ. "Бидний ихэнх нь удаан хугацаанд суучхаад өдрийн төгсгөлд дасгал хийчихвэл болно гэж бодоод байдаг. Гэвч тэглээ гээд хангалтгүй” гэж Ажуфо нэмж хэлэв.
Түүний багийнхан 89,530 хүний үйл хөдлөлийг хянан, нэг долоо хоногийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Тэд өдөр бүр хүмүүсийн сууж өнгөрүүлэх хугацаа болон нийтлэг зүрх судасны өвчнүүдийн эрсдэл хоорондын хамаарлыг судалсан байна.
Долоо хоногт 150 минутаас илүү биеийн тамирын дасгал хийдэг хүмүүсийн дунд ч удаан сууснаас үүсэх олон сөрөг нөлөө байсаар байна. Уг судалгаанаас харахад зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулахын тулд сууж байгаа хугацаагаа багасгаж, илүү их хөдөлж байх хэрэгтэй бөгөөд хэт их суухаас зайлсхийх нь зүрхний дутагдал, зүрх судасны өвчлөлөөр нас барах эрсдэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой юм.
Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн зүрх судасны эмч Патрик Эллинор “Дасгал хийх чухал боловч хэт удаан суухаас зайлсхийх нь түүнээс ч чухал” хэмээжээ.