АНУ-ын Калифорни мужид асаж буй түймрийн улмаас таван хүн нас баржээ

АНУ-ын Калифорни мужид асаж буй түймрийн улмаас таван хүн нас баржээ

 

АНУ-ын Калифорни мужийн баруун өмнөд эргийн бүсэд ойн зургаан түймэр идэвхтэй асаж байна. Түймэр суурьшлын бүсэд нэвтэрч АНУ-ын кино бизнесийн гол төв Лос Анжелес хот руу орж ирсэн нь түүхэнд хамгийн их гарз хохирол дагуулж магадгүй боллоо.

Түймрийн улмаас таван хүн нас барж, 150, 000 иргэний амь насыг аврахын тулд албадан нүүлгэн шилжүүлж эхэллээ. Өнөөдөр өглөө албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр суурьшлын бүсэд 1,500 орчим барилга байгууламж түймэрт өртжээ. Цаашлаад 15,000 барилга байшин нэмж шатах эрсдэлтэй. Түймрийн хамгийн том голомт Палисэдс орчимд асаж улмаар Лос Анжелес хотын хойд эргийн суурьшлын бүсэд нэвтрэн 6,400 га талбайг шатаажээ.

Хуурай, халуун салхины улмаас Палисэдсийн түймрийн хамрах хүрээ богино хугацаанд нэмэгдэж байна. Зарим хэвлэлд бичсэнээр түймэр нэг га талбайгаас арван минутын хугацаанд 80 га талбайг шатаах хэмжээнд хурдтай асаж байна гэжээ. Мөн Итон орчимд дэгдсэн түймэрт 4,300 га талбайг өртжээ. Эдгээрээс гадна Вүдли, Хөрст, Лидиа, Оливас гэсэн газруудад түймрийн голомт үүсээд байгаа юм. Одоогоор эдгээр түймрийн алийг нь ч цурманд оруулж чадаагүй.

Калифорни мужийн бусад хотуудаас түймэр унтраах ангиуд Лос Анжелес, Пасадена хотуудыг зорилоо. Мөн иргэд оршин суугчдын аюулгүй байдлыг хангахын тулд нүүлгэн шилжүүлэхээс гадна сургуулиудыг хаажээ. Лос Анжелесын нийт сургуулиудын арван хувийг нь хаасан байна. Пасадено хотод таван сургуулийн барилга галд өртжээ. Салхи ихтэй байгаа нь түймрийг цурманд оруулж унтраахад ихээхэн саад болж байна.

Арав хоногийн дараа Цагаан ордныг орхих гэж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түймэрт өртсөн бүсэд холбооны Засгийн газрын яаралтай тусламжийн сангаас тусламж дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом Ерөнхийлөгч Байденд талархал илэрхийлжээ. Мөн Гэвин Ньюсом бүх боломж бололцоогоо шавхаж түймрийн эсрэг ажиллаж байгаа гэжээ.

Калифорни мужид түймрийн улирал гэж байдаггүй, жил тойрон ойн түймэр ассаар байдаг бөгөөд Орегон, Аризона, Юта зэрэг хөрш мужуудаас тусламж илгээж байна. Лос Анжелесын гал түймэртэй тэмцэх газрын дарга Кристин Кроули иргэд оршин суугчдад зориулж мэдэгдэл зөвлөмж гаргалаа. Тэрээр иргэд олон нийтийг цахим сүлжээгээр тархаж байгаа хуурамч мэдээ мэдээлэлд итгэлгүй, зөвхөн албаны хүмүүсийн өгч байгаа албан ёсны мэдээлэлд итгэхийг хүссэн байна. Мөн ойн бүстэй ойрхон аж төрж амьдардаг бол ямар нэгэн байдлаар нүүн шилжих бэлтгэлтэй байхыг хүслээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen