Хүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгуулахыг дэмжлээ

Хүнсний хангамж, чанарын асуудлаар түр хороо байгуулахыг дэмжлээ

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 22 гишүүн зургадугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо дэмжлээ. Ж.Бат-Эрдэнэ гишүүн төслөө танилцуулахдаа "Манай улсын хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнээр 97, төмсөөр 100, гурилаар 98.3, хүнсний ногоогоор 60.7 хувийг хангаж байна. Сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, хүнсний хангамж нэмэгдэж байгаа боловч хүнсний аюулгүй байдал алдагдаж, хүнснээс хамаарсан өвчлөл, хүнсний хорлогод өртөгсдийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын итгэмжлэгдсэн лабораториудын нэгдсэн сүлжээний хэмжээгээр 2020 оны байдлаар хүнсний хими, нян судлал, хор судлал, ургамал хорио цээр, цацрагийн бохирдлын чиглэлээр 310.5 мянган үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 6.7 мянган сорьц Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй, бохирдлын түвшин 2.1 хувь байна.

 

Төрийн аудитын газраас хийсэн Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн гүйцэтгэлийн тайлангаас үзвэл Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдэд зорилт, арга хэмжээг хэсэгчлэн тусгасан боловч шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшнийг оновчтой тодорхойлоогүйгээс зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, үр дүнд хүрээгүй байна. Мөн гол нэрийн зургаан төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа боловч импортын хамаарал 42.1 хувь буюу хүнсний бие даасан байдал алдагдсан хэвээрээ байна" гэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen