Авлигаас урьдчилан сэргийлэх: Сармагчны цэцэг өвчний үеийн хариу арга хэмжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр сармагчны цэцэг өвчний халдварын тархалттай холбоотойгоор эрүүл мэндийн “онц байдал” зарласан. Энэ нь Эбола, COVID-19 зэрэг халдваруудын үед авч хэрэгжүүлж байсан хариу арга хэмжээтэй ижил юм. Энэ онд бүртгэгдсэн тохиолдлуудын 90 хувь нь Бүгд Найрамдах Конго улсад бүртгэгдсэн ба одоогийн байдлаар Бурунди, Кени, Руанда, Уганда зэрэг Африкийн 15 улсад бүртгэгдээд байна. Гэвч сорьцын шинжилгээ, хяналтын чадвар хязгаарлагдмал байгаагаас тархалтын жинхэнэ хэмжээ тодорхой бус хэвээр байна.

COVID-19 халдвартай харьцуулахад сармагчны цэцэг өвчин нь агаар дуслын замаар бус ойрын хавьтлаар халдварладаг бөгөөд хурдан мутацид ордоггүйгээрээ ялгаатай. Удирдах байгууллагууд тархалтыг хэрхэн хяналтдаа байлгах зохистой арга хэмжээг авч байгаа хэдий ч Африкийн хувьд хариу арга хэмжээг авахад төвөгтэй, өвөрмөц сорилтуудтай тулгараад байна. Үүнд вакцины хомсдол, олон нийтийн мэдээлэл дутмаг байдал, ХДХВ болон хүнс тэжээлийн дутагдал зэрэг асуудлууд нөлөөлөхийн зэрэгцээ улс орнуудыг хамарсан системийн авлига нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чухал санхүүжилтийг үгүй хийж байна.

“Онц байдал” зарлаж байгаа нь арга хэмжээ авах цаг нь болсон гэсэн дохио юм. Олон улсын хамтын нийгэмлэг тархалтыг хумихад дэмжлэг, санхүүжилт үзүүлж, шинжилгээ, вакцин, эмчилгээний хүртээмжийг сайжруулах нь тэргүүлэх чиглэл байх ёстой. Гэвч Африк нь вакцины хүртээмжгүй, тэгш бус байдал зэрэг удаан хугацааны асуудлуудтай нүүр тулгарсаар байна. Тэргүүлэгч орнууд шаардлагатай тунгийн зөвхөн тодорхой хэсгийг л авдаг. Африкийн Халдварт өвчин судлалын төв 10 сая вакцин хэрэгцээтэй гэж мэдээлж байгаа боловч одоогийн байдлаар зөвхөн гурван хувьд нь хүрэлцэхүйц байна. Түүнчлэн хөгжингүй орнууд вакцин хуримтлуулж байгаа нь Африкийн улсуудын хүн амыг хамгаалахад хэцүү байдал бий болгож байна.

Сармагчны цэцэг өвчний тархалт нь бидэнд өнгөрсөн хугацаанд үүссэн алдааг дахин давтахгүй байх боломжийг олгож байна. COVID-19 халдварын үеэр вакцины хуваарилалтын явцад танил тал, хамаатан садандаа давуу байдал бий болгох, төсвийн хөрөнгө шамшигдуулах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх зэрэг авлигын эрсдэлүүд бий болсон. Жишээ нь, Руанда улсын COVID-19 вакцинжуулалтын явц нь ил тод биш, худалдан авалт дутсан зэрэг асуудал үүсгэсэн. Кени, Канад, Перу, Польш зэрэг улс орнуудад чинээлэг хүмүүс вакциныг бусдаас түрүүлж хийлгэхийн тулд мөнгө төлөх явдал гарч байсан.

Дээрх авлигын эрсдэлүүд нь дархлаажуулалтын түвшинг бууруулах, вакцинжуулалтыг удаашруулах, нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг багасгаж, өвчний тархалтыг хянах үйл явцад саад учруулна. Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад эдгээр асуудлуудаас зайлсхийхийн тулд ил тод байдал, хариуцлагыг улам бүр нэмэгдүүлэх шаардлагатай байна.  

Эх сурвалж: transparency.org

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen