Халх голын тулаанд япончууд бактериологийн зэвсэг ашиглаж байжээ

Халх голын тулаанд япончууд бактериологийн зэвсэг ашиглаж байжээ

 

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба Халхын голын ялалтын 85 жилийн ойд зориулан Халх голын тулааны үеэр япончууд Улаан армийн эсрэг бактериологийн зэвсэг ашиглаж байсныг гэрчлэх архивын баримтыг анх удаа олон нийтэд ил болгожээ.

Холбооны аюулгүй байдлын алба 1945 онд Квантуны армийг бут цохисны дараа Японы 640 мянга гаруй цэргийн хамт олзлогдсон Японы армийн унтер офицер Хаяши Казүогийн мэдүүлгийг олны хүртээл болгожээ. Тэр 1938 оны аравдугаар сараас 1941 оны хоёрдугаар сарын хооронд Харбин хот орчим бактериологийн зэвсэг боловсруулж байсан Ишии Широгийн ангид үүрэг гүйцэтгэж байжээ. Тус анги 1939 онд Монголын хил дээр нутгийн иргэдийг хордуулах гурван удаагийн туршилт хийж байсан гэж Хаяши Казүо 1947 оны нэгдүгээр сарын 15-нд байцаагдаж байхдаа ярьжээ. Түүний мэдүүлснээр, 1939 оны долоодугаар сарын 3-нд тус анги Монголын хил орчим болж байсан байлдааны бүс рүү хөдөлж, Мохореха нуур орчим байрлажээ. Нутгийн иргэдийг гэдэсний тиф халдварт бактериар халдварлуулах туршилтыг 1939 оны наймдугаар сарын 29, 30, 31-ий шөнө хийсэн байна. Ингэхдээ Улаан армийн анги, нэгтгэлүүд төвлөрөх боломжтой газруудыг сонгодог байсан бөгөөд Харуха, Хорустен голуудыг ашиглан бактери тараадаг байжээ. 1936 онд Харбин хотоос 30 км-т Хейбо тосгонд цэргийн хотно байгуулж, Ишии Широгийн анги байрлажээ. Тэд тахал, гэдэсний тиф, цусан суулга зэрэг халдварт өвчний бактери бүхий зэвсэг хөгжүүлж, Улаан армитай хийх ирээдүйн дайнд ашиглах практик аргуудыг боловсруулан амьд организм дээр туршилт хийдэг байсан аж. 1949 оны арванхоёрдугаар сарын 25-30-ны хооронд Оросын Хабаровскт болсон шүүх хурлаар Дэлхийн хоёрдугаар дайны үед бактериологийн зэвсгийн үйлдвэрлэл, туршилт хийж байсан Японы 12 цэргийн алба хаагчид ял оноож байсан түүхтэй гэж ТАСС агентлаг бичжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen