Цусны бүлэгт хоолоо тохируулах нь

Цусны бүлэгт хоолоо тохируулах нь

 

Өнгө алагласан, янз бүрийн амт шимттэй олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс бид яг өөрийн бие организмд тохирсныг сонгож чаддаг болов уу. Дуртай, дургүйгээс л хамаарч хүнсээ сонгох хэрэглээ бидний дунд нийтлэг бий. Уг нь өөрийн бие организмд тохирсон хоол хүнс хэрэглэх нь эрүүл байх хамгийн чухал үндэс гэдэг. Тэгвэл өөрийн биед тохирсон хүнсээ сонгох тун хялбар арга байна. Цусны бүлгээ л мэдэхэд хангалттай. Өөрөөр хэлбэл, цусны бүлэгтээ тохируулан хооллох нь халдвараас сэргийлэх, дархлаа дэмжих, биеийн жингээ тогтвортой байлгах, тохиромжгүй хоол хүнсээ мэдэх, зөв зохистой хооллох ач холбогдолтойг эрдэмтэд судалж, нотолжээ.

1957 онд АНУ-ын доктор Питер Д'Адамо аав болох Жеймс Д'Адамогийн хамтаар нэгэн сонирхолтой судалгааг эхлүүлсэн байна. Тэд хүний цусны бүлгээс хамаарч хоол хүнс хэрэглэвэл эрүүл амьдарна гэж үзэн, үүнийгээ ч судалгаагаараа баталсан гэдэг. Монгол эмч нар ч энэ талаар 2001 онд судалжээ. Б.Болдсайхан, У.Байгалмаа, Б.Болорчимэг эмч нар монгол хүний цус, хооллолт, биеийн галбир төрхтэй ямар уялдаа холбоотой байгааг судалсан байна. Улмаар тэд хүн цусны бүлэгтэйгээ уялдуулж хооллох нь эрүүл байх үндэс хэмээн тодорхойлжээ.

Тэгвэл цусны бүлгүүдэд ямар хоол хүнс тохирох болон үл тохирохыг эрдэмтдийн зөвлөснөөр хүргэе.

О буюу I бүлгийн цус

Монголчуудын 34 хувь нь I бүлгийн цустай. Энэ бүлгийн цустай хүмүүс дархлааны систем сайтай, тогтвортой хоол боловсруулах үйл ажиллагаатай. Тиймээс мах, махан бүтээгдэхүүн хэрэглэх тохиромжтой. Өөрөөр хэлбэл, тэдний хүчийг нэмэгдүүлж, стрессийг бууруулахын тулд мах, тэр дундаа үхэр, хонь, тахиа шувуу болон загасны махыг түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Харин сүү сүүн бүтээгдэхүүн I бүлгийн цустай хүнд төдийлөн тохирдоггүй. Мөн глютен агуулсан хоол хүнс нь инсулиныг багасгаж, ашигтай калорийн хэрэглээг хязгаарладаг аж. Үүнээс гадна байцаа, цэцэгт байцаа, өнгөт байцаа, гахайн мах, утсан загас, цагаан идээ, төмс, мөөг, алим, жүржний шүүс, кофе тохиромжгүй байна.

А буюу II бүлгийн цус

А буюу II бүлгийн цустай хүмүүс монголчуудын 22 хувь нь. II бүлгийн цустай хүмүүс маш эмзэг, мэдрэмтгий хоол боловсруулах системтэй тул ногоо, ургамал идэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хоолоо зохицуулах хэрэгтэй гэсэн үг.

Харин хүнд хоол хүнс болон сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах нь зүй. Гэхдээ энэ нь огт мах хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Махнаасаа илүүтэй ногоог сонгох хэрэгтэй. Ингэхдээ голдуу ургамлын тос, шар буурцаг, хүнсний ногоо, хан боргоцой, хулууны үр, наранцэцгийн үр, далайн хүнс, иоджуулсан давс, брокли, бууцай, элэг зэрэг тохиромжтой байна. Харин самар, улаан лооль, төмс, перц, жүржийн шүүс, вино болон архины төрлийн зүйл тохиромжгүй.

В буюу III бүлгийн цус

Монголчуудын 31.5 хувь нь В бую III бүлгийн цустай. Хоол боловсруулах систем нь тогтвортой, дархлааны систем нь хүчтэй бөгөөд ямар ч төрлийн хоолыг сонгон идэх боломжтой цусны бүлэг нь В. Гэхдээ голчилж идэх хоол хүнс нь сүү болон сүүн бүтээгдэхүүн байвал зохимжтой. Харин эрдэнэшиш, гүнждийн үр, газрын самар зэрэг нь жин нэмж, бодисын солилцоог удаашруулдаг аж. Үүнээс гадна глютентэй буюу улаан буудай, үр тариа зэрэг бүтээгдэхүүн идэхгүй байхыг эрдэмтэд зөвлөжээ. Мөн тахиа, галуу, гахайн мах, улаан лооль, анар, персик, гишүүн тохиромжгүй байна.

АВ буюу IV бүлгийн цус

Орчин үеийн буюу хамгийн сүүлд бүртгэсэн дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүс монголчуудын долоон хувийг эзэлдэг. Энэ бүлгийн цустай хүмүүсийг мах, ногоо хольж, хэрэглэх нь зохимжтой хэмээн үзжээ. Энэ бүлгийн цус нь хүрээлэн буй орчин болон хүнсний өөрчлөлтийг дагаж хувирдаг байна. Харин бүхэл үрийн гурил, үр тарианд дөрөвдүгээр бүлгийн цустай хүмүүсийн бие организм харьцангуй нааштай үр дүн үзүүлдэг боловч, турахад тохиромжтой бус гэнэ. Энэ нь өдөр тутамдаа бага хэмжээгээр идэхэд сөрөг нөлөөгүй гэсэн үг.

Нэгтгэж дүгнэвэл, I бүлэг мал, амьтны мах, II бүлэг ургамал, ногоо, III бүлэг сүү сүүн бүтээгдэхүүн, IV бүлгийн цустай хүмүүс мах болон ногоог түлхүү хэрэглэх нь тохиромжтой гэж үзжээ.

“Тохиромжтой хүнсэндээ дуртай”

АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн багш, ажилчид, оюутнууд хооллолтыг цусны бүлэгтэй холбон 2021 онд нэгэн судалгаа явуулжээ. Судалгаанд 18-59 насны 170 хүнийг хамруулсан байна. Судалгааны дүгнэлтээр судалгаанд оролцогчид цусны бүлэгтээ тохируулж хүнсээ сонгох бус тухайн бүтээгдэхүүний олдоц, үнэ зэрэгт үндэслэж хэрэглэдэг гэсэн байна. Гэхдээ судалгаагаар хүн өөрийн биед тохиромжтой хүнсийг хэрэглэх дуртай байдаг нь ажиглагджээ.

Тухайлбал, I бүлгийн цустай хүмүүсийн 35 хувь нь хонины махыг байнга хэрэглэдэг гэсэн бол II бүлгийнхэн 23 хувь хэрэглэдэг гэж хариулсан байна. Харин эсрэгээрээ II бүлгийнхэн хүнсний нарийн ногоо хэрэглэх хувь нь бусад бүлгийнхнээс их байжээ. I бүлгийнхэнд мах махан бүтээгдэхүүн, II бүлгийнхэнд хүнсний ногоо тохиромжтойг дээр өгүүлсэн. Тэгэхээр хүмүүсийн ихэнх нь өөрийн бие организмд хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнд дуртай, тохиромжгүйд дургүй байх магадлал өндөр байгаа юм.

Түүнчлэн уг судалгааны багийнхан

“Зөв хооллохын тулд цусны бүлэгтээ тохируулан хэрэглэх нь хамгийн чухал. Хүний цусны бүлэг хоол боловсруулах зам, дархлааны урвал, биеийн галбиртайгаа уялдаатай. Хүн өөрийн цусны бүлэг тохиромжгүй хүнсийг хэрэглэхээс татгалзах нь чухал”

хэмээн зөвлөсөн байна. Эцэст нь, эрүүл хооллолт гэхээр л ногоо жимс боддог бидэнд цусны бүлэг илүү сайныг ойлгуулах ч юм билүү. Цусны бүлэгтээ тохируулж хооллоод үзээрэй. Үүнээс гадна эрүүл амьдрахад зөв дадал зуршил, идэвхтэй дасгал хөдөлгөөн ч чухал нөлөөтэйг санаарай.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen