Э.Содномпэлжээ: Медалиа аваад ээжтэйгээ шууд холбогдсон. Ард минь үргэлж асаалттай танк шиг байдаг тандаа баярлалаа
Францын нийслэл Парис хотод болсон зуны 17 дугаар паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрээр дасгалжуулагч Д.Баттулгын хамт өглөөний 07:30 цагт газардав.
Тэрбээр “Рио-2016”-гоос хүрэл, ”Токио-2020”-гоос алт, “Парис-2024”-аас мөнгөн медаль хүртэж, паралимпын наадмын иж бүрдэл медальтай Монгол Улсын анхны тамирчин болсон юм.
Тэрбээр хэлэхдээ, “Медалиа гардаж аваад хамгийн түрүүн ээжтэйгээ ярихыг хүссэн. Аав маань бурхан болсон. Ээжтэйгээ холбогдсон. Ээждээ маш их баярлалаа. Нарт орчлонд хүмүүний амьдрал бэлэглээд өнөөдрийн амжилтыг гаргах үндэс суурийг бэлэглээд ард минь асаалттай танк шиг байсан. Хайртай тэр хүн байгаагүй бол өнөөдөр Содномпэлжээ гэдэг хүн байгаа ч үү? үгүй ч үү? Ээждээ маш их баярлалаа хайртай шүү.
Бэлтгэл сургуулилтынхаа нууцаас хуваалцаач?
Ер нь дасгалжуулагч сайн тамирчин сайн байх. Мөн Тамирчин маань зорилгодоо тууштай байж амжилтанд хүрнэ. Тэгэхгүй бол дасгалжуулагч нь мундаг байгаад тамирчин нь тууштай байх чадвар хандлага байхгүй бол амжилт гарахгүй. Тамирчин сайн байгаад дасгалжуулагч муу байвал бас л амжилт гарахгүй. Мэдээж өнөөдрийн энэ өндөр амжилт гарах үндэс бол тамирчин дасгалжуулагч хоёр бие биетэйгээ ойлголцдог мэдэрдэг байх тууштай байх нь л гол нууц” гэлээ.