Хайлаастын замд 7 хүн мөргөсөн жолоочид 2 жилийн ял оноожээ

Хайлаастын замд 7 хүн мөргөсөн жолоочид 2 жилийн ял оноожээ

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлаастын замд өнгөрсөн дөрөвдүгээр сард /2024.04.17/ зургаан хүүхэд, нэг том хүн мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарсан. Осол гаргасан жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Ослоор 16 настай охин яаралтай тусламж авч чадалгүй нас барсан. Мөн хамт явсан 13 настай эрэгтэй хүүхдийн шилбэний яс хугарсан, мөн нэг хүүхдийн хоёр талын дунд чөмөгний хугарсан, 40 настай эмэгтэй тархины битүү гэмтэл авсан, 11 настай эрэгтэй хүүхдийн чөмөг хугарсан, 12 настай эрэгтэй хүүхэд тархины гэмтэл, найман настай эрэгтэй хүүхэд толгойдоо гэмтэл авсан талаар албаныхан мэдээлж байсан юм.

Тээврийн прокурорын газраас Т.О-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцжээ.

Прокуророос шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь /Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хүлээн авчээ.
Шүүхээс шүүгдэгч Т.О-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, нэг хүний амь насыг хохироосон” буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 164.398.151 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Т.О-с гаргуулан насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen