Хятад улс "Дэлхийн өмнөд хэсэгт харилцаа холбоогоо бэхжүүлж байна" гэж Вашингтон Пост мэдээлжээ.
Түүнчлэн, тус сонин Африк, Ази, Латин Америкийн удирдагчид Америк, Европ тэргүүтэй барууны ноёрхлын өөр хувилбарыг эрэлхийлж байна хэмээн үзэж байна. Бээжин Танзани, Мозамбик зэрэг орнуудтай хамтарсан цэргийн сургуулилтаа нэмэгдүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хөгжиж буй орнуудыг хамруулах зорилгоор өргөжүүлэхийг эрмэлзэж байгаа аж. Энэ бүхэн нь Хятад улсын дэлхийн тавцанд илүү их хууль ёсны байдлыг бий болгох гэсэн оролдлогын нэг хэсэг юм. Эдгээр хүчин чармайлт нь Хятадын нэр хүндийг өсгөж байна.
Стэнфордын их сургуулийн Ориана Скайлар Мастро "Дэлхийн олон нийслэлд одоо эхлээд Бээжин, дараа нь Вашингтоны тухай бодож байна" гэж ярьжээ. Дэвид П.Голдман “The Asia Times” сонинд “Энэ бол авторитаризм, ардчиллын тухай биш. Энэ нь худалдаа, нөлөөллийн тухай юм. Бээжин ковидын цар тахал эхэлснээс хойш дэлхийн өмнөд хэсэгт экспортоо хоёр дахин нэмэгдүүлсэн бөгөөд эдгээр экспорт Энэтхэг зэрэг ардчилсан орнууд руу чиглэж байна. Зорилго нь дэлхийг Хятадын технологи, нийлүүлэлтийн сүлжээнээс хараат болгох" хэмээжээ.
Хятадын пүүсүүд дэлхийн өмнөд хэсэгт "гайхалтай хурдтай" өргөжин тэлж байна гэж “The Economist” мөн бичжээ. “The Economist” 2100 он гэхэд "10 хүн тутмын найм нь Ази эсвэл Африкт амьдрах болно. Хүн амын тэрхүү өөрчлөлт нь дэлхийн эдийн засаг, улс төрийн дэг журмыг өөрчлөх нь гарцаагүй.
Дэлхийн 35 оронд хийсэн судалгаагаар дунд орлоготой орнуудын ихэнх оршин суугч Хятадад таатай ханддаг гэж Pew судалгааны төв мэдэгджээ. Харин өндөр орлоготой орнуудад санал асуулгад оролцогчдын дийлэнх нь Хятадыг таагүй гэж үздэг. Хятад улс хөршүүдтэйгээ газар нутгийн маргаантай байгаа Ази Номхон далайн бүс нутагт эдгээр үзэл бодол илүү хуваагддаг.
АНУ-ын удирдагчид Хятад улс дэлхийн өмнөд хэсэгт АНУ-аас гүйцэж, илүү алдартай болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж “The Washington Post” сонинд бичжээ.