Хачганд хазуулсан хүмүүсээс аюултай вирүс илрүүлжээ
БНХАУ-ын ӨМӨЗО, Хар мөрөн, Жилин, Ляонин мужийн 17 хүнээс эмч нар WELV (wetland virus) буюу намгархаг газрын вирүс гэж нэрлэсэн цочмог халдвар илрүүлсэн байна. Эдгээр өвчтөнд халуурах, толгой эргэх, толгой өвдөх, бие сулрах, үе мөч үрэвсэх, нуруу өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрчээ. Нэг өвчтөнд мэдрэлийн өвчний шинж тэмдэг илэрсэн бол 8 өвчтөнийг эдгэх үед хийсэн шинжилгээгээр WELV-ийн өвөрмөц эсрэг биеийн титрүүд нь цочмог үеийнхээс нь 4 дахин их илэрчээ. Хятадын зүүн хойд нутгийн хонь, адуу, гахай, Өвөрбайгалийн зокор (сохор номингийн төрөл) зэрэг таван янзын амьтнаас WELV халдвар илэрсэн аж. Энэ халдвар хачигнаас үүссэн байна.
2019 оны зургадугаар сард 61 настай эрэгтэй халуурч, толгой өвдөх, бие сулрах, хоолонд дургүй болох, бөөлжих шинж тэмдэг илэрч, тунгалгийн булчирхайн эмгэг гэсэн оноштойгоор Ляонин мужийн Жинжоу хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Тэр хүн өвчний шинж тэмдэг илрэхээс 5 хоногийн өмнө Өвөр Монголын Якэши дахь Намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэнгээр аялахдаа хачганд хазуулжээ. Эмч нар түүнд антибиотик эмчилгээ хийсэн ч биеийн байдал нь аажмаар муудаж, олон эрхтний үйл ажиллагаа нь доголджээ.
Хятадын зүүн хойд хэсэгт тархсан хачиг болон бусад амьтдад судлаачид судалгаа хийж, Намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэнг тусгаарлажээ. Хятадын зүүн хойд хэсэгт орших Жинжоугийн Анагаах ухааны их сургуулийн харьяа 1-р эмнэлэг, Ляонин мужийн Дандун халдварт өвчний эмнэлэг, Жалайнуоэр дүүргийн Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, БНХАУ-ын Эмнэлгийн отряд зэрэг эрүүл мэндийн 4 байгууллагад идэвхтэй тандалт хийж байна. Өвөрмонгол дахь Ойн түймэр унтраах ангийн Дашин-Анлин салбарын ажилчид хачигт хазуулснаас хойш 1 сарын дотор цочмог халуурсан аж. Тэднийг WELV-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулжээ.
Энэ хачиг Европ, Азийн өргөн уудам газар нутгийг хамарсан, сэрүүн уур амьсгалын бүсэд навчит болон холимог ойд, ялангуяа нуур, гол, мөрний эргийн чийглэг орчинд амьдардаг. Хятадын Ляонин, Жилин, Хар мөрөн, Өвөр Монгол зэрэг зүүн хойд бүс нутгаас голчлон олддог байна.
Эх сурвалж: https://www.nejm.org/doi/full/10.1056/NEJMoa2313722
Б.Мөнхзул