Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент

Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент

 

Хэрэв хууль тогтоогчид маань анзаардаг бол аль ч оронд очсон иргэд нь өглөөг өдөр тутмын сонингүйгээр эхлүүлнэ гэж төсөөлдөггүй. Ажил, амралт, аялал,  нийтийн унаа, ил задгай гудамж талбай гээд ер хаана ч явсан сонин сугавчлаагүй хүнтэй таарахгүй дээ. Тиймдээ л өглөөний цай, өдөр тутмын хэвлэлийг салгаж ойлгох боломжгүй болтлоо бэхэжсэн сонин унших энэ соёл анзаарагдахгүй байхын ч аргагүй юм.
Хөгжил, соёлоороо илүүрхсэн улс орнууд ингэж л чөлөөт хэвлэлээ нийгмийн дархлаа, өв тээгч талаас нь хардаг. Үндсэндээ энгийн иргэдээс гадна төр засаг нь бодлогоор өв соёл, үүх түүхээ хадгалж хамгаалж яваа чөлөөт хэвлэлээ дэмждэг нь энэ цаг үед улам ч эрчээ авч байгаа нь сошиал хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үнэ цэн, ач холбогдлыг нь улам ойлгож буй хэлбэр биз.
Угаас сонин үүсч хөгжихийн хамт хүн төрөлхтөнд үг хэлэх эрх, чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхийн үзэл санаа бий болсон гэдэг юм билээ. Гэтэл манай улсад энэ бүхэн яг эсрэгээрээ “хөгжиж” байна. Үндсэн хуулиндаа “Хүмүүнлэг,  иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ” хэмээн тунхагласан хэрнээ ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч чөлөөт хэвлэлээ ялгаварлан гадуурхаж, нухчин дарж байна. Бүр тодорхой хэлбэл, төр засаг нь ард иргэдээ сонин уншихыг хуулиар хориглож, хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламенттай байгаа нь харамсаад баршгүй. Улс орон “уруудлаа” хэмнэцгээе гэдэг хуурамч “баг”-ны цаана иргэдийнхээ соён гэгээрэх, мэдээлэл авах эрх чөлөөг хааж боож хавчин гадуурхсан хуулийг батлаад бүтэн жил тойрч байна. Үүний уршгаар өнөөдөр төрийн албан хаагчид уншиж мэдэе гэвч хуулин дор дальдчилж сууна. 
Төрийн бүх шатны байгууллага, нийтийн албанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна гэсэн нүсэр зорилготой Төрийн хэмнэлтийн хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр парламент батлан хэрэгжүүлж байгаа.
Ингэхдээ төрийн агентлаг, холбогдох байгууллагууд орлогч, дэд даргатай байхыг хориглож, бандгар машинуудыг хурааж байна гэж сүр бадруулсан ч үнэн хэрэгтээ үр дүн гарсан уу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Энэ мэт төрийн хэмнэлт хэмээх гоё пиартай хуулиас ганцхан заалт хэрэгжиж байгаа нь чөлөөт хэвлэлийг чөдөрлөсөн зохицуулалт юм. Төрийн хэмнэлтийн хуулиар санхүүжүүлэхийг хориглосон бусад гэдэгт гар утасны зардал, эхнэр, эсвэл нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал, хэвлэл захиалгын төлбөрийг хориглоно гэсэн 3-4 ширхэг тусгай заалт бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүтэн зуун жилийн хөгжлийг бичилцэж буй сэтгүүл зүйн салбарын хамгийн гайхамшигтай ололт болсон чөлөөт хэвлэл, монголчууд бидний оюун санааны амьдралд гарсан асар том боломж, давуу тал гэдгийг харуулсан өдөр тутмын сонинг гар утасны зардал, амралт сувилал хэмээх аар саархан зүйлтэй жишиж үзэж буй гүйцэтгэх засаглал, ардчилсан парламент байна гэдэгт итгэмгүй. Тэгсэн хэр нь яам, агентлагийн төсвийг жинхэнэ үрэн таран хийдэг төрөлжсөн хэвлэл захиалга хамаарахгүй гэдэг заалтаа хавчуулчихсан. Үнэндээ асар бүдүүлэг гэхээс өөрөөр зүйрлэх үг олдохгүй байна. Ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг ялгаварлан гадуурхаж, хааж хавчсан нь хожим ямар хортойг хууль тогтоогчид маань гадарлана гэж найдах. Ганц хоёрхоныг нь сануулахад бид олон улсын өмнө ардчиллын индексээрээ гурван байр ухарч Фижи, Мароккотой зуузай холбож яваа. Иргэний нийгмийн байгууллага, шууд ардчиллын механизм, иргэний оролцоо, төлөөллийг харгалзан үздэг эл индекс Монголын ардчилалд бодитой аюул учирч буйн нотолгоо. Хоёрдугаарт, олон түмнийг сэрээж, сэхээрүүлж, сэтгэлд нь хурсан айдас хүйдсээс салгаж, ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч чөлөөт хэвлэлийг хязгаарласнаараа архиваа устгаж буйтай агаар нэг.
Дэлхий нийтээрээ худал хуурмаг, олныг төөрөгдүүлсэн мэдээлэлтэй дайн зарлаж буй энэ цаг үед баталгаатай эх сурвалж, олон ургальч үзлийн нотолгоо нь хариуцлагатай сэтгүүлзүйг дээдлэгч чөлөөт хэвлэл болж байна. Өөрөөр хэлбэл, өнөө цаг үед мэдээллийн нотариатын үүргийг сонин гүйцэтгэж байна гэдэг нь туйлын үнэн. Энэ мэтээр сав л хийвэл олон нийтийн хандлагыг өөрчилье гэдэг уриатай атлаа чөлөөт хэвлэлгүйгээр энэ бүхнээ хийнэ гэвэл түүн шиг худал зүйл үгүй.
Шударга ёсыг нийгэмд төлөвшүүлэх нь төрийн үндсэн үүрэг. Төр энэ үүргээ хуулийн хүчээр хэрэгжүүлэхдээ олон түмнийг гэгээрүүлж, нийгэмд шударга ёсыг хэвшүүлэхэд  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал нөлөөтэй юм. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь хэвлэл мэдээллийн салбарынхны эрх чөлөөний асуудал биш, харин иргэдийн мэдэх эрхийг хангах гэдгийг ойлгосон цагт л чөлөөт хэвлэл нийгмийн зохион байгуулагч, үндэсний дархлааг бэхжүүлэгч байх хамгийн том медиа, мэдээллийн хөтөчийн үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ.
 
 
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen