Морин хуураас эхэлсэн урлагийн их үргэлжлэл

 

 

Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны төв Батхаалга сууринд байрлах "Эгшиг сургалтын төв"-өөс морин хуурын хүнгэнэм яруу дуу сонсогдон, гудамжаар өнгөрөх хүн бүрийг өөрийн өнгөөр татна. Энэ төвийн захирал Цэцэнбаатар Дархан Муумянган холбоот хошууны Цагаанхад сумын хүн. Түүнийг анх урлагийн замыг сонгоход нь дуу урлагт авьяастай аавынх нь нөлөө их байжээ. Хөдөө өссөн, мөн айлын том ах Цэцэнбаатар бага наснаасаа л аав ээждээ тус дэм болж, адуу мал хариулан эмнэг сурган, хөдөөгийн хар бор ажилд гаршсан байлаа. Хүүгээ хал үзүүлэхгүй гэж аав нь өөрийн сайн найз Улаанцав хотын Урлагийн сургуулийн багш Цэвэгмид гэдэг хүнд шавь оруулсан байдаг. Ингэж Цэцэнбаатарын урлагийн гараа нь эхэлж, морин хуур дарж эхэлсэн байна. Хэдэн жил хичэээсэн тэрээр Жинин хотын Урлагийн сургуульд элсэн орж, дараа нь 2009 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг Ардын дууны мэргэжлээр магистер зэрэг хамгаалжээ. 2011 онд Хөххотод ирж Дэдмаа урлагийн сургуульд хөгжмийн багшаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад хайртай аав нь бурхан болсноор аргагүй нутаг буцсан байна.

 Нутаг буцсан тэрээр юу хийх вэ гэж амьдрах ухаан хайлаа. Хошууныхаа хэд хэдэн сургуульд хөгжмийн багшаар ажиллаж, нутгийнхаа дүү нарт морин хуур хөгжмийг уламжилж эхлэв. Ингээд 40 квадрат метр талбайтай жижигхэн байр түрээслэн өөрийн нэрийн сургалтын төвөө эхлүүлж байсан түүхтэй. Одоо түүний сургалтын төв өргөжин тэлсээр хоёр давхар байранд "Эгшиг сургалтын төв" нэрийн дор ятга, шанз, төгөлдөр хуур, морин хуур, бүжиг гэсэн олон төрлөөр сургалтаа явуулан амжилт дүүрэн явна.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen